Зэсийн үнэ яагаад огцом буурав?
2026 оны есдүгээр сард нэг тонн зэсийн үнэ 14,800 ам.доллар орчимд хүрч байсан бол арваннэгдүгээр сарын 25-ны байдлаар 11,790 ам.доллар болж, оргил үеэсээ бараг 20 хувиар буурчээ. Зөвхөн арваннэгдүгээр сарын 18–24-ний хооронд үнэ бараг 9 хувиар унасан байна.
Үүнд хэд хэдэн хүчин зүйл нөлөөлж байна. Хятадын эдийн засгийн өсөлт саарч болзошгүй байгаа, АНУ-ын тарифын бодлоготой холбоотой тодорхойгүй байдал нэмэгдсэн. Үүнээс гадна хиймэл оюун ухаанд чиглэсэн хөрөнгө оруулалт ирээдүйд хэр өгөөжтэй байх талаар хөрөнгө оруулагчид эргэлзэж эхэлжээ.
The Economist сэтгүүлийн арваннэгдүгээр сарын 24-ний өдрийн “Copper shows how AI is messing with markets” нийтлэлд хиймэл оюун ухааны хөгжил зэсийн зах зээлд хөрөнгө оруулагчдын хүлээлтээр дамжин нөлөөлж байгааг онцолсон байна.
Дэлхийн зэсийн хэрэглээний ердөө 1 орчим хувийг дата төвүүд бүрдүүлдэг ч хиймэл оюун ухааны салбарын ирээдүйн өсөлт, түүнд шаардагдах хөрөнгө оруулалтын хүлээлт зэсийн үнэд нөлөөлөх болжээ. Тиймээс зэсийн үнэ зөвхөн өнөөгийн эрэлт, нийлүүлэлтээс бус, ирээдүйн технологийн хөгжилд хөрөнгө оруулагчид хэр итгэлтэй байгаагаас ч хамаарч байна. Энэ итгэл суларвал бодит хэрэглээ, нийлүүлэлт төдийлөн өөрчлөгдөөгүй байсан ч үнэ огцом буурч болно.
Гэхдээ зэсийн урт хугацааны эрэлт өсөх төлөвтэй хэвээр байна. Цахилгаанжуулалт, эрчим хүчний сүлжээний өргөтгөл, сэргээгдэх эрчим хүч, дата төвүүдийн хөгжил зэсийн хэрэглээг нэмэгдүүлнэ.
Харин шинэ уурхай нээх, олборлолтын хүчин чадлыг нэмэгдүүлэхэд олон жил, их хэмжээний хөрөнгө оруулалт шаардлагатай. Чанартай хүдрийн нөөц хомсдож байгаа нь нийлүүлэлтийг нэмэгдүүлэхэд улам хүндрэл учруулж байна. S&P Global-ийн тооцоогоор, нийлүүлэлтийг дорвитой нэмэгдүүлэхгүй бол 2040 он гэхэд дэлхийн зэсийн эрэлт нийлүүлэлтээс 10 сая тонноор давах эрсдэлтэй.
ЗЭСИЙН ҮНИЙН ӨӨРЧЛӨЛТ МОНГОЛД ЯАГААД ЧУХАЛ ВЭ?
Зэс бол Монголын экспортын гол бүтээгдэхүүний нэг. Тиймээс дэлхийн зах зээл дээрх үнийн өөрчлөлт манай улсын төсвийн орлого, эдийн засгийн өсөлт, төгрөгийн ханшид нөлөөлдөг.
Жишээ нь, олборлолт, экспортын биет хэмжээ өөрчлөгдөхгүй гэж үзвэл, зэсийн үнэ 10 хувиар буурахад зэсийн экспортын орлого мөн ойролцоогоор 10 хувиар багасна. Үүний дараа уул уурхайн салбарын орлого, хөрөнгө оруулалт буурч, бусад салбарын үйл ажиллагаа саарах эрсдэлтэй. Мөн төсвийн орлого, валютын орох урсгал багасаж, төгрөгийн ханшид дарамт учруулна.
2026 онд Resources Policy сэтгүүлд хэвлэгдсэн Монголын эдийн засаг дахь түүхий эдийн үнийн өөрчлөлт, төсөв болон мөнгөний бодлогын харилцан нөлөөллийг судалсан ажил (“Fiscal-monetary interactions and commodity prices in a commodity-exporting economy”)-ын тооцоогоор, зэсийн үнэ 10 хувиар буурахад нэг жилийн дотор төсвийн орлого ойролцоогоор 4 хувиар буурч, эдийн засгийн өсөлтийн хурд 1 нэгж хувиар саарч, төгрөгийн ханш 2 орчим хувиар сулрах нөлөө гарсан.

Мөн судалгааны вариацын задаргааны шинжилгээгээр зэсийн үнийн өөрчлөлт (36 дахь сар дээр) төсвийн орлогын хэлбэлзлийн 58 хувь, бодит ДНБ-ий 29 хувь, валютын ханшийн 31 хувь, хэрэглээний үнийн индексийн 27 хувийг дангаар тайлбарлаж байна. Өөрөөр хэлбэл, зэсийн үнийн өөрчлөлт зөвхөн экспортын орлогод нөлөөлөөд зогсохгүй төсөв, эдийн засгийн өсөлт, төгрөгийн ханш, инфляцын хэлбэлзэлд чухал нөлөөтэй юм.
Ийм нөхцөлд төсвийн бодлого түүхий эдийн үнийн өсөлт, бууралтыг дагаж савлахгүй байх нь чухал. Зэсийн үнэ өсөх үед төсвийн зардлыг дагуулан нэмэгдүүлбэл үнэ буурахад төсвийн алдагдал, өр нэмэгдэх эрсдэлтэй. Харин орлого буурах бүрд төсвийн зардлыг огцом танах нь эдийн засгийн уналтыг улам гүнзгийрүүлж болзошгүй. Тиймээс үнэ өссөн үед нэмэлт орлогын тодорхой хэсгийг хуримтлуулж, үнэ буурсан үед эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөг зөөлрүүлэхэд ашиглах нь зүйтэйг сануулж байна.
Зэсийн үнэ богино хугацаанд хөрөнгө оруулагчдын хүлээлтээс шалтгаалан огцом хэлбэлзэж болох ч урт хугацаанд эрэлт өсөх, нийлүүлэлт нэмэгдэхэд хүндрэлтэй байх төлөвтэй байна. Монголын хувьд зэсийн үнэ өсөх үед бий болсон орлогыг зөв удирдах, үнэ буурах үед эдийн засгаа хамгаалах бодлого чухал.
https://gogo.mn/r/9ll5ng




















































































