Конгресс: Эпштэйнийг эрт зогсоосон бол олон гэмт хэрэг гарахгүй байсан
Жеффри Эпштэйнтэй холбоотой хэргүүдийг холбооны мөрдөн шалгах байгууллага болон прокурорууд үүргээ зохих ёсоор биелүүлсэн бол түүний 2005 оноос хойш үйлдсэн гэмт хэргийг урьдчилан таслан зогсоох боломжтой байсан гэж дүгнэжээ.
Энэхүү дүгнэлт нь АНУ-ын Конгрессын Төлөөлөгчдийн танхимын Хяналт шалгалтын хорооноос гаргасан тайланд дурдагдсан ба хэргүүдийн мөрдөн шалгах ажиллагаанд алдаа, дутагдал ихээхэн гарсныг онцолсон байна.
Уг хороог Бүгд найрамдах намын гишүүдийн тэргүүлдэг бөгөөд тэд 15 сарын турш цуглуулсан гэрчийн мэдүүлэг, төрийн байгууллагуудын материал, санхүүгийн баримтуудад үндэслэн энэхүү тайланг боловсруулжээ.
Ямар алдаа гарав?
Тайланд дурдсанаар АНУ-ын Флорида мужийн өмнөд дүүргийн прокурорын газар Эпштэйнийг бүрэн хэмжээнд шалгахын оронд 2007 онд түүнтэй тохиролцоо байгуулж, холбооны түвшний эрүүгийн хэрэгт татагдахаас зайлсхийх боломж олгосон байв.
Үүний улмаас бусад мужид гарсан байж болзошгүй гэмт үйлдлүүдийг хангалттай шалгалгүй өнгөрөөсөн гэж үзжээ.
Тайланд "Зарим алдаа нь прокуроруудын буруу шийдвэрээс шалтгаалсан бол зарим нь Эпштейний өргөн хүрээтэй нөлөө, танилын хүрээтэй холбоотой байж болзошгүй" гэв.
Өөрөөр хэлбэл, тайлангийн гол дүгнэлт нь Эпштейн зөвхөн хуулийн цоорхойг бус, эрх мэдэл бүхий хүмүүстэй холбоотой байснаараа олон жил ял шийтгэлээс мултарч чадсан гэх санаа байв.
Эпштэйний үхлийн талаар юу гэж дүгнэв?
Жеффри Эпштэйн 2019 онд бэлгийн мөлжлөг, хүний наймааны хэрэгт шүүгдэхээ хүлээж байхдаа Нью-Йоркийн хорих ангид нас эцэслэсэн.
Албан ёсны дүгнэлтээр түүнийг амиа егүүтгэсэн гэж үздэг.
Харин Конгрессын тайланд түүний нас барсан шалтгаан нь шоронгийн системийн олон жилийн доголдолтой холбоотой гэжээ. Тухайлбал,
- Хүний нөөцийн хомсдол
- Хэт ачаалалтай ажилтнууд
- Бичиг баримтын муу бүртгэл
- Хангалтгүй хяналт хамгаалалт
- Аюулгүй ажиллагааны дүрэм сул мөрдөгдөж байсан зэрэг асуудал голлон нөлөөлсөн гэж дүгнэсэн байна.
Мөн Эпштэйний үхэлтэй холбоотой янз бүрийн хардлага, хуйвалдааны онолыг бүрэн няцаах хэмжээний нотолгоо олдоогүй талаар тайланд тусгав.
Хууль зүйн яам шүүмжлэлд өртлөө
Тайланд АНУ-ын Хууль зүйн яамыг шүүмжилжээ.Тухайлбал Эпштэйнтэй холбоотой баримт материалыг нийтэд гаргахдаа байгууллага хоорондын зохицуулалт муу байсан ба зарим тохиолдолд хохирогчдын хувийн эмзэг мэдээллийг хангалттай нууцлаагүй гэж үзсэн байна.
Үүний улмаас энэ оны эхээр Эпштэйнтэй холбоотой хэдэн мянган баримтыг засгийн газрын цахим хуудаснаас буцаан устгах шаардлага гарчээ. Учир нь хохирогчдын хэн болохыг таних эрсдэл үүссэн байна.
Тайланд санхүүгийн үйлчилгээний компаниудын талаар ч дурдсан байна. Конгрессын мөрдөн шалгах багийн үзэж буйгаар зарим санхүүгийн байгууллага, American Express нь Эпштэйний үйл ажиллагаанд шууд бусаар нөхцөл бүрдүүлсэн байж болзошгүй аж.
Тайланд Эпштэйн хуурамч нислэгийн төлөвлөгөө, халхавч маршрутууд ашиглан гадаадын иргэдийг улсын хилээр тээвэрлэхэд уг салбарын компаниудын системийг ашигласан байж болзошгүй гэжээ.
Трампын нэр дахин сөхөгдөв

Уг тайлангаас үүдэн улс төрийн маргаан эхлэв. Тодруулбал Бүгд найрамдах намынхан Ардчилсан намын гишүүдийг Ерөнхийлөгч Дональд Трампыг хэрэгт холбох гэж хэтэрхий улайрсан гэж буруутгажээ.
Трамп өмнө нь Эпштэйнтэй найз байсан ч 2004 онд харилцаагаа тасалсан гэж мэдэгдэж байв.
Түүний нэр Эпштэйний материалуудад олон удаа дурдагдсан ч нэр гарсан нь өөрөө хууль бус үйл ажиллагаанд оролцсон гэх нотолгоо биш гэдгийг тайланд онцолсон байна.
Мөн Конгрессын хороо өөрсдийн шалгасан баримтуудаас Трампыг хэрэгт холбоотойг илтгэх нотолгоо олдоогүй гэж дүгнэжээ.
Хохирогчдын ар гэрийнхэн юу гэв?
Эпштэйний хохирогчдын нэг болох талийгаач Виржиниа Жиуффрегийн гэр бүлийнхэн энэхүү тайланг нийтлэгдсэнд сайшаалтай байгаа аж.
Тэд "Хууль зүйн яам бүх холбогдох материалыг үнэхээр нийтэлсэн эсэх нь одоо ч эргэлзээтэй хэвээр байна. Одоо хүртэл хэн болох нь тогтоогдоогүй, хариуцлага хүлээгээгүй олон хүн үлдсэн" гэв.
Мөн тэд Эпштэйнтэй холбоотой 7 сая гаруй материалыг ил болгохыг шаарджээ.
Эх сурвалж: BBC
















































































