“Хятадын засаглал”-ын амжилтын нууц

ХКН-ын түүхийн музейн гаднах үзэмж Зургийг: ЧЭНЬ ЕХУА
Өөрөө хүчтэй байж бусдыг зөв удирдаж чадна. Шинэ эрин үе гарснаас хойш дэлхийн хамгийн том улс төрийн намын байр сууринаас дэлхийн хамгийн хүчирхэг улс төрийн нам болох зорилт өөд тууштай тэмүүлж буй ХКН өөрийгөө дотроос нь шинэчлэх улс төрийн эр зориг гарган, Намыг бүх талаар чандлан засаж, удирдах ажлыг гүнзгийрүүлэн урагшлуулж ирлээ.
Өнөөдрийн Хятадыг ойлгохын тулд ХКН-ыг ойлгох хэрэгтэй. Энэхүү чухал хурал нь дэлхий нийтэд “Хятадын засаглал”-ын амжилтын нууцыг эрэлхийлэх чухал боломж, цонхыг нээж өглөө.
Улс төрийн намын эрч хүч, амьдрах чадварыг хадгална
1926 онд ХКН-ын Төв Хорооноос авлига, хээл хахуулийг шийтгэх тухай гаргасан анхны баримт бичгээс эхлээд Жинганшаний тэмцлийн үеэр Улаан армийн дайчдын ачааны уутан дээр бичсэн сахин мөрдөх зургаан заалт, улмаар ХКН-ын XVIII их хурлаас хойш боловсруулж, шинэчлэн баталсан намын дотоодын олон тооны дүрэм, журам хүртэл... ХКН-ын түүхийн музейд дэлгэн тавьсан үзмэр бүр нь ХКН-ын олон сорилтыг даван туулж, ган мэт хат суусан аугаа түүхийг өгүүлнэ.
Музей нээгдсэнээс хойших таван жилийн хугацаанд ХКН-ын төв хорооны гадаадтай харилцах хэлтсийн урилгаар Хятадад айлчилсан гадаадын улс төрийн намуудын 300 орчим төлөөлөгчдийн баг тус музейд зочилжээ.
Зарим улс орон улс төрийн намуудын хоорондын зөрчил тэмцэл, нийгмийн тогтворгүй байдалд гүнзгий автсан бол зарим нь удаан хугацаанд мөргөлдөөн, эмх замбараагүй байдалтай байна. Тэр ч байтугай өөрсдийгөө “ардчиллын үлгэр жишээ” хэмээн удаан хугацаанд өргөмжилж ирсэн зарим улс орон улс төрийн туйлшрал, нийгмийн хуваагдал, засаглалын доголдол зэрэг бэрхшээлтэй нүүр тулж байна. Дэлхийн үнэт зүйлсийн судалгааны (2017–2022) дүнгээс үзэхэд, судалгаанд хамрагдсан 39 улсын иргэдийн улс төрийн намуудад итгэх итгэлийн дундаж түвшин ердөө 17.1 хувьтай байна.
Унгарын Ажилчны Намын дарга Тильмейр хэлэхдээ, ХКН-ын XVIII их хурлаас хойш Ши Жиньпинээр гол цөмөө болгосон ХКН-ын төв хороо намаа бүх талаар чандлан засаж, удирдах замаар авлигын ужгирсан үзэгдлийг үндсээр нь арилгахад анхаарч, бүх шатны удирдах албан тушаалтнуудаас өөртөө хатуу шаардлага тавих, албан үүргээ үнэнч шударгаар биелүүлэх, намын болон төрийн байгууллагын ажлын хэв маягийг цэвэршүүлэхийг шаардаж ирсэн. Энэ нь намын нийт гишүүдийн авлигаас урьдчилан сэргийлэх, авлигад автахгүй байх чадавхыг дээшлүүлж, ард түмний өргөн хүрээний дэмжлэг, итгэлийг хүлээх боломжийг бүрдүүлсэн юм гэжээ.
Авлига бол төр засгийг нураах хамгийн аюултай хүчин зүйл бөгөөд авлигатай тэмцэхийн тулд өөрийгөө хамгийн тууштай, эрс шийдэмгий байдлаар шинэчлэх шаардлагатай. Авлигаас хэрхэн урьдчилан сэргийлэх, түүнийг хэрхэн илрүүлж шалган шийдвэрлэх, авлига үүсэх хөрс шороог хэрхэн арилгах нь дэлхийн улс төрийн намуудын өмнө тулгарч буй нийтлэг сорилт юм.

Үзэгчид ХКН-ын түүхийн музейг үзэж сонирхож байна. Зургийг: ЛЮ ЖИНЬХАЙ
ХКН-ын XVIII их хурлаас XX их хурал хүртэлх хугацаанд төвийн удирдлагад харьяалагдах 500 гаруй удирдах албан тушаалтныг холбогдох хэрэгээр шалгажээ. Зөвхөн 2025 онд Төвийн Сахилга бат хянан шалгах хороо болон Улсын Хяналтын хороо иргэдийн дэргэд гарсан зүй бус үйлдэл, авлигын асуудлаар нийт 8116 хэргийг шууд шалгаж, хянан шийдвэрлүүлсэн байна. ХКН-ын XIX их хурлаас XX их хурлын өмнөх үе хүртэл “Тэнгэрийн тор” ажиллагааны хүрээнд гадаадад оргон зайлсан 6900 хүнийг эх орондоо баривчлан авчирчээ. Авлигын эсрэг тэмцэлд ХКН том жижиг албан тушаалтнуудыг шалган шийтгэж, оргон зайлсан авлигачдыг ч эрэн сурвалжлах ажлаа зогсолтгүй үргэлжлүүлж байна.
Нигерийн Гадаад харилцааны сэтгүүлчдийн холбооны дарга Фредерик Идэхае, ХКН-ын авлигын асуудлаар баримталж буй “үл тэвчих” байр суурь гүн сэтгэгдэл төрүүлж байгааг онцолсон бол Палестины ФАТАХ хөдөлгөөний Хувьсгалт зөвлөлийн гишүүн Закарне, ХКН өөрийгөө дотроос нь шинэчлэх эр зоригийн хүчээр Хятадын онцлогт нийцсэн авлигын эсрэг тэмцлийн замыг амжилттай нээж чадсан хэмээн тэмдэглэжээ.
Өөрийгөө шинэчлэх нь шинэ эрин үеийн ХКН-ынхан намаа бүх талаар чандлан засаж, удирдах ажлыг тууштай урагшлуулж, практик туршлага болон онолын эрэл хайгуулаа гүнзгийрүүлэх явцдаа түүхийн мөчлөгт үзэгдлээс зайлсхийх хоёр дахь хариулт болгон олж тогтоосон зам юм.
Дарга Ши Жиньпин онцлон тэмдэглэхдээ: “Дэлхий дахиныг ажиглахад өөрийн байгуулалтын асуудалд ХКН шиг ийм нухацтай, хариуцлагатай ханддаг, өөрийгөө шинэчлэх үйл явцыг шинжлэх ухаанч хандлага, системтэй арга барилаар ийм өндөр ухамсартайгаар урагшлуулдаг улс төрийн нам байхгүй. Энэ бол манай намын онцгой давуу тал төдийгүй цаг үеийг манлайлах ялалтын үндэс юм” гэжээ.
Шэньжэнь их сургуулийн Олон улсын улс төрийн харилцааны чиглэлийн доктор, Балба улсын иргэн Дипак Девкота хэлэхдээ, Ши Жиньпиний намын байгуулалтын үзэл санаа нь дэлхийн улс төрийн намуудад чухал ач холбогдолтой бөгөөд намыг удирдах, засаж төлөвшүүлэх системтэй үзэл баримтлалын цогц тогтолцоог дэвшүүлсэнд оршино. Үүнд ард түмнээсээ ямагт үндэс сууриа олж авах, авлигатай тасралтгүй тэмцэх, урт хугацааны зорилгоо тууштай баримтлах, мөн улс төрийн намуудын хооронд эрх тэгш, харилцан хүндэтгэсэн зарчмаар харилцах зэрэг багтана.
ХКН-ын төв хорооны найман заалт нь шинэ эрин үеийн ХКН-ын ажлын хэв суртлын байгуулалтын “алтан нэрийн хуудас” төдийгүй Хятадыг өөрчилж, дэлхий дахинд ч нөлөөлж байна.
2025 оны 5-р сард Гана улсын Үндэсний ардчилсан конгресс намын дарга Нкетиаг тэргүүтэй таван хүний бүрэлдэхүүнтэй төлөөлөгчдийн баг Хятадад айлчилжээ. Жянсү мужид айлчлах үеэрээ төлөөлөгчид ХКН-ын Жянсү мужийн хорооны Намын сургуульд тусгайлан очиж, ХКН-ын төв хорооны найман заалтын үзэл санааг гүнзгий хэрэгжүүлэх сургалт, боловсролын талаар танилцлаа.
Нкетиаг хэлэхдээ, ажлын хэв суртлыг бэхжүүлэх нь хэлэхэд амархан ч хэрэгжүүлэхэд хэцүү бөгөөд хамгийн чухал нь бодит үр дүнд хүргэх явдал юм. ХКН-ын төв хороо дээд шатнаас эхлэн үлгэрлэн манлайлж, ХКН-ын төв хорооны найман заалтыг хэрэгжүүлснээр цэвэр суртал, өөртөө хяналт тавих, эрх мэдлийг дүрэм журмын дагуу хэрэгжүүлэх нь бүх шатны удирдах албан тушаалтнуудын ухамсарт үйлдэл болсон. Энэ нь ажлын хэв суртлыг сайжруулах, авлигатай тэмцэх, ужгирсан доголдлыг арилгах чиглэлээр Үндэсний ардчилсан конгресс намд олон чухал сургамж өгсөн гэжээ.
Шри Ланкийн Ардын чөлөөлөх фронт 2024 оны сүүлчээс төрийн эрх барьж эхэлснээс хойш намынхаа өндөр түвшний удирдах албан тушаалтнуудыг Хятадад удаа дараа илгээж, ХКН-ын намаа бүх талаар чандлан засаж, удирдах туршлагаас суралцаж байна. Тус намын Улс төрийн товчооны гишүүн, Шри Ланкийн Тээвэр, авто зам, хот байгуулалтын сайд Ратнаяке хэлэхдээ, тус нам ТХ-ны найман заалт болон түүнийг хэрэгжүүлэх нарийвчилсан журмууд, “ХКН-ын дотоод дүрэм, журмын тогтолцоо”-г өөрийн улсын хэлээр орчуулж, намын нийт гишүүдэд түгээн судлуулсан гэжээ.
Намыг бүх талаар чандлан засаж, удирдах нь ХКН өөрийн байгуулалтыг тасралтгүй бэхжүүлж, намын манлайлах чадавхыг дээшлүүлэх “төр барих нууц жор” хэмээн үзэх гадаадын улс төрийн зүтгэлтэн, эрдэмтэн судлаачдын тоо улам нэмэгдэж байна. Намыг бүх талаар чандлан засаж, удирдах Хятадын практик туршлага нь төрийн засаглалын тогтолцоогоо орчин үеийн болгох, төрийн засаглалын чадавхаа дээшлүүлэхийг зорьж буй улс төрийн намуудад чухал ач холбогдолтой үлгэр дуурайл болж байна.

Жянсү мужийн Хай-Ань хотын Цагдаагийн газрын Бинхай шинэ бүсийн цагдаагийн хэсгийн цагдаа нар авлигаас урьдчилан сэргийлэх сургалтын баазад суралцана Зургийг: ЖӨҮ ЧЯН
Хөгжлийн шинэ дүр төрхийг цогцлооно
2026 оны гуравдугаар сарын 12-ны үдээс хойш, бүх Хятадын Ардын Төлөөлөгчдийн Их Хурлын XIV сонгуулийн дөрөвдүгээр чуулганаар “15-р таван жилийн төлөвлөгөө”-ний үндсэн чиглэлийг батлах тухай тогтоолыг санал хураалтаар батлав. 70 мянга гаруй үг бүхий 18 хэсэг, 62 бүлгээс бүрдсэн уг төлөвлөгөөнд Хятад улсын ирэх таван жилийн чансаатай хөгжлийн иж бүрэн зураглал тодорхой тусгагджээ.
Дэлхий дахиныг ажиглахад олон улс оронд хөгжлийн алсын хараа, төлөвлөгөө дутагддаггүй ч түүнийгээ бодит ажил хэрэг болгох чадвар дутмаг байна. Тиймээс дэлхий нийтээрээ нэгэн асуултыг тавьж байна, энэ нь 1.4 тэрбум хүн амтай улс орон хөгжлийн нэгэн зураглалыг улс төрийн намын бодлогоос төрийн бодлого болгон хувиргаж, улмаар бүх шат, бүх салбарт тууштай хэрэгжүүлж, дундаас нь өөрчлөгдөхгүй, удирдлагын бүрэлдэхүүн солигдоход тасалдахгүй, хэрэгжилтийн явцад үр нөлөөгөө алдахгүй байлгаж чаддаг нууц нь юу вэ?
“Хятадын засаглал”-ыг ойлгохын тулд юуны өмнө “ХКН-ын засаглал”-ыг ойлгох хэрэгтэй. Дарга Ши Жиньпин намаа бүх талаар чандлан засаж, удирдах ажлыг намын урт хугацааны стратеги, мөнхийн зорилт болгон авч үзэж, намын урт хугацааны төр барих чадвар, улс орны урт хугацааны тогтвортой байдал, ард түмний аз жаргал, сайн сайхан амьдралтай холбоотой стратегийн өндөр түвшинд хандах ёстойг онцлон тэмдэглэжээ.
Египетийн улс төрийн намын залуу удирдагчид болон улс төрчдийн зохицуулах хорооны зохион байгуулах хорооны гишүүн Яхья хэлэхдээ, ХКН намын сахилга батын байгуулалтыг тууштай бэхжүүлж, авлигын эсрэг хатуу арга хэмжээ авч, зохион байгуулалтын нягт тогтолцоо, сахилга батын өндөр шаардлагыг бодитоор хэрэгжүүлж байна. Энэ нь ХКН хүчирхэг нэгдмэл байдал, тэмцэх чадвараа хадгалж, Хятадын ард түмнийг бэрхшээл, сорилтыг даван туулахад манлайлах чухал нууцын нэг юм гэжээ.
Тогтолцоо нь үндэс суурийг бэхжүүлж, урт хугацааны хөгжлийг баталгаажуулдаг. Тогтолцооны давуу тал бол улс төрийн нам болон улс орны хамгийн том давуу тал юм.
2024 оны 1-р сарын 1-нээс шинэчлэн найруулсан “ХКН-ын сахилгын шийтгэлийн журам” хүчин төгөлдөр үйлчилж эхэлсэн бол 2025 оны 6-р сарын 1-нээс нэмэлт, өөрчлөлт оруулсан “БНХАУ-ын Хяналтын тухай хууль” болон түүнийг хэрэгжүүлэх журмууд нэгэн зэрэг хэрэгжиж эхэлжээ. Шинэ эрин үеэс хойш тогтолцоонд тулгуурлан намыг засаж төлөвшүүлэх, дүрэм журмын дагуу намыг удирдах ажлыг тууштай хэрэгжүүлснээр системтэй, бүрэн цогц, шинжлэх ухаанч, зүй зохистой, үр дүнтэй ажилладаг тогтолцоо улам боловсронгуй болж, тогтолцооны давуу тал “Хятадын засаглал”-ын бодит үр нөлөө болон хувирч байна.
Индонезийн Үндэсний судалгаа, инновацын агентлагийн судлаач Лидия хэлэхдээ, Ши Жиньпин даргын удирдлага дор ХКН намын дүрэм, журмын хэрэгжилтэд улам өндөр шаардлага тавьж байна. Намын гишүүдийн хууль, сахилгын зөрчлийг хатуу шалгаж, шийдвэрлэх арга хэмжээ авч байгаа нь Хятадын улс төрийн тогтвортой байдлыг хамгаалахад тустай төдийгүй олон улсын хамтын нийгэмлэгт ХКН-ын сахилга батын өндөр шаардлагыг илүү сайн ойлгуулах боломжийг бүрдүүлж байна гэжээ.

ХКН-ын шилдэг гишүүн, Бээжин хотын Мэйтуань компанийн 707 дугаар хүргэлтийн ажилтнуудын намын үүрийн дарга Гао Фэн намын үүрийн хурлын үеэр үг хэлнэ Зургийг: ЖАН ЧЭНЬЛИНЬ
Улс орон бол ард түмэн, ард түмэн бол улс орон юм. Намыг бүх талаар чандлан засаж, удирдах ажлын гол зорилго нь ард түмний дэмжлэгийг олох явдал билээ. Ард түмэн яагаад ХКН-ыг даган нэгдэж, чин сэтгэлээсээ дэмждэг вэ? Үүний хариулт нь ХКН ард түмний эрх ашгийг эрхэмлэдэг байр сууриа хэзээ ч өөрчлөөгүйд оршино.
Киприйн Ардчилсан фронтын зүгээс эрх баригч намын хамгийн чухал үүрэг бол ард түмний аз жаргал, сайн сайхан байдлыг баталгаажуулах явдал бөгөөд Хятадын ард түмний сайн сайхан амьдрал нь ХКН намаа бүх талаар хатуу сахилга баттайгаар засаж, удирдах хүчин чармайлтаас салшгүй холбоотой гэж үзжээ.
ХКН нь Хятадын нийт ард түмний хамгийн өргөн хүрээний эрх ашгийг төлөөлдөг бөгөөд өөрийн гэсэн тусгай эрх ашиггүй. Тэрээр аливаа ашиг сонирхлын бүлэг, эрх мэдлийн бүлэг, онцгой эрх ямбатай давхаргын ашиг сонирхлыг хэзээ ч төлөөлж байгаагүй.
ХКН ард түмнийг нэн тэргүүнд тавих төр барих үзэл баримтлалыг тууштай хэрэгжүүлж байгаа нь улам олон улс орны улс төрийн нам, улс төрийн байгууллагын хүлээн зөвшөөрлийг олж байна. Энэтхэгийн Бүх Энэтхэгийн Урагшлах Холбооны ерөнхий нарийн бичгийн дарга Деваражан хэлэхдээ, улс төрийн нам зохион байгуулалтын цэвэр ариун байдлаа хадгалж, үзэл санаа, итгэл үнэмшилдээ үнэнч байж, ёс суртахууны хариуцлагаа чанд сахисан цагт л ард түмний итгэлийг хүлээж чадна. ХКН засаглалаа тасралтгүй боловсронгуй болгож, тогтолцоогоо бэхжүүлэн, сахилга батаа чанд сахиж байгаа нь ард түмний намын удирдлагад итгэх итгэлийг улам бататгаж байна гэжээ.
“Хятадын засаглал”-ын амжилтын нууцыг эрэлхийлэх явцад улс төрийн нам ард түмний чин сэтгэлийн дэмжлэгийг хүлээхийн тулд ард түмний эрх ашгийн төлөө тууштай ажиллах ёстой, урт хугацаанд амьдрах чадвараа хадгалахын тулд ард түмний сэтгэлийн гүнээс урган гарсан хүлээн зөвшөөрөлт, дэмжлэгт тулгуурлах ёстой гэдгийг олон улсын зүтгэлтнүүд улам бүр онцлон тэмдэглэж байна. Улс төрийн намын засаглалын чадавхыг хэмжих хамгийн шууд шалгуур нь улс орны хөгжлийн замнал, ард түмний амьдралд гарсан өөрчлөлтөөр илэрдэг.

Гүйжөү мужийн Люпаньшүй хотын Жүншань дүүргийн Давань суурингийн оршин суугчид болон намын гишүүн сайн дурынхан удвал цэцгийн тариалангийн талбайд удвал цэцэг түүнэ Зургийг: ТАО ЛЯН
Дэлхийн улс төрийн соёл иргэншлийг баяжуулна
“Улс төрийн намууд нь улс орны улс төрийн амьдралд чухал үүрэг гүйцэтгэдэг төдийгүй хүн төрөлхтний соёл иргэншлийн хөгжил дэвшлийг урагшлуулах чухал хүч юм”. 2017 оны 12-р сард дарга Ши Жиньпин дэлхийн улс төрийн намуудын удирдагчдад хандан улс төрийн намуудын хүлээх чухал үүрэг, эрхэм зорилгыг ийнхүү гүнзгий тодорхойлсон юм.
ХКН Намаа бүх талаар чандлан засаж, удирдах зарчмыг баримталж, намын өөрийн хяналтыг ард түмний хяналттай хослуулан хэрэгжүүлснээр зөвхөн барууны улс төрийн намын загварыг цорын ганц жишиг хэмээн үзэх хандлагыг эвдэж, дэлхийн улс төрийн намуудын байгуулалтын онол, практикийн хүрээг өргөжүүлэн, дэлхийн улс төрийн соёл иргэншлийг баяжуулж, улс төрийн намуудын эрх мэдэлд хяналт тавих, хязгаарлалт тогтоох чиглэлээр шинэ туршлага бий болгож байна.
ОХУ-ын Коммунист Намын төв хорооны дарга Зюгановын ажлын ширээн дээр “Ши Жиньпиний төр улсыг засаглах тухай” хэмээх ном тавиастай байдаг. Тэрээр уг номыг дахин дахин нягтлан судалж, намынхаа гишүүдэд заавал унших номын жагсаалтад оруулахыг зөвлөжээ. “ОХУ-ын Коммунист Нам ХКН-ын ‘өөрийгөө шинэчлэх’, ‘өөрийгөө дотроос нь зоригтой шинэчлэх’ үзэл санаанаас суралцаж, Хятадын авлигын эсрэг тэмцлийн туршлагыг нухацтай судлах хэрэгтэй” хэмээн Зюганов олон удаа тэмдэглэж байжээ. Тэрээр намынхаа өндөр түвшний удирдах албан тушаалтнуудыг зохион байгуулж, Намыг бүх талаар чандлан засаж, удирдах асуудлаар хамтын сургалт явуулан, ХКН-тай гүнзгий харилцаа, солилцоо өрнүүлж байна.
Тонга улсын Шадар сайд Лату чин сэтгэлээсээ хэлэхдээ: “Намын байгуулалтыг бэхжүүлснээр ХКН намын гишүүддээ үр дүнтэй хяналт тавьж, гишүүн бүрийг өөрийн үйлдэлдээ хариуцлага хүлээдэг болгож, нийгмийн бүх салбар, ажлын байранд үүрэг хариуцлагаа бүрэн биелүүлэхэд нь түлхэц өгч байна. Үүний үр дүнд улс орны хөгжлийн бодит амжилтууд бий болж байна” гэжээ.
Шинэ эрин үеийн Хятадын дэлхий дахины анхаарлыг татсан хөгжлийн амжилтууд нь улам олон гадаадын улс төрийн намыг ХКН-ын “төр барих нууц жор”-ыг гүнзгий судлах хүсэлтэй болгож байна. Азиас Африк, Латин Америкаас Европ хүртэл улам олон улс төрийн нам ХКН-ын намаа бүх талаар чандлан засаж, удирдах практикт анхаарлаа хандуулж, өөрсдийн тулгамдсан асуудлыг шийдвэрлэх арга замыг эндээс эрэлхийлж байна.
Камбожийн Ардын Нам ХКН-ын авилгатай тэмцдэг туршлагыг жишиг болгон, өөрийнхөө авлигын эсрэг бодлогоо дэвшүүлжээ. Танзанийн Хувьсгалт Нам ХКН-ын төв хороо найман заалтын туршлагад тулгуурлан Танзанийн хувилбар болох “найман заалт”-ыг боловсруулан хэрэгжүүлжээ. Испанийн Ардын Нам ХКН-ын дотоод хяналтын механизмыг жишиг болгон “Ард түмний хяналтын алба”-ыг байгуулжээ.
Молдавын Коммунистуудын Намын хүндэт дарга, тус улсын Ерөнхийлөгч асан Воронин хэлэхдээ, ХКН өөрийн тулгамдсан асуудалтай нүүр тулах эр зоригтой бөгөөд өөрийгөө тасралтгүй засаж залруулах, шинэчлэх чадвартай. Хятадын авлигын эсрэг тэмцлийн ололт амжилт нь тус нам амьдрах чадвар, өрсөлдөх чадвартай улс төрийн нам гэдгийг дахин нотоллоо гэжээ.

Жэжян мужийн Жүжи хотын Дүнбайхү суурингийн залуу намын гишүүд Чэньцай усан сангийн усны эх үүсвэрийг хамгаалах бүсэд усан сангийн удирдлагын төвийн ажилтнуудтай хамт хог цэвэрлэх, аюулгүй байдалд эрсдэлийн үзлэг хийх ажил өрнүүлж байна Зургийг: ШЮЙ ЮЙ
ХКН-ын төв хорооны гадаадтай харилцах хэлтсийн урилгаар Өмнөд Африкийн Коммунист Намын ерөнхий нарийн бичгийн дарга Мапайла сүүлийн жилүүдэд өндөр түвшний удирдах боловсон хүчний төлөөлөгчдийн багийг удаа дараа ахлан Хятадад айлчилжээ. Тэрээр Өмнөд Африкийн үндэсний ардчилсан хувьсгалын удирдагч хүчний дунд үүссэн авлига, сахилга батын сулралыг шийдвэрлэхийн тулд Өмнөд Африкийн Коммунист Нам Сахилгын хороо байгуулах ажлыг эрэлхийлж байгааг илэн далангүй хэлээд, “Бид ХКН-ын Намыг бүх талаар чандлан засаж, удирдах туршлага, арга барилаас суралцахыг хүсэж байна” гэжээ.
ХКН Намыг бүх талаар чандлан засаж, удирдах, авлигын эсрэг тэмцлийг урагшлуулах практик туршлагаа дэлхийн засаглалын нийтийн баялаг болгон хувиргаж, дэлхий дахины авлигын асуудлыг шийдвэрлэхэд үнэтэй туршлага, үлгэр дуурайл үзүүлж байна.
Дарга Ши Жиньпин дэлхийн олон талт хамтын ажиллагааны чухал индэр дээр авлигын эсрэг дэлхийн хамтын ажиллагааг тууштай урагшлуулж иржээ. Үүнд 2014 онд Ази, Номхон далайн эдийн засгийн хамтын ажиллагааны байгууллагын (АПЕК) удирдагчдын XX албан бус уулзалтаар Ази, Номхон далайн бүс нутгийн авлигын эсрэг хамтын ажиллагааг эрчимтэй хөгжүүлэхийг санал болгож, АПЕК-ийн авлигын эсрэг хууль сахиулах байгууллагуудын хамтын ажиллагааны сүлжээг байгуулан, “Авлигын эсрэг Бээжингийн тунхаглал”-ыг батлахад түлхэц үзүүлсэн. 2024 онд “Их 20”-ийн удирдагчдын XIX дээд хэмжээний уулзалтын үеэр Хятад улс “Их 20”-ийн “Авлигын эсрэг үйл ажиллагааны төлөвлөгөө”-г хэрэгжүүлэх зэрэг дэлхийн хөгжлийг дэмжих найман арга хэмжээг хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлэхээ зарласан.
Нэг гол талыг баривал мянган салаа нь цэгцэрнэ. Хятад улс бодит үйл ажиллагаагаараа дэлхийн авлигын эсрэг засаглалыг илүү шударга, тэгш, үр дүнтэй чиглэлд тасралтгүй урагшлуулж байна. НҮБ-ын “Авлигын эсрэг конвенц”-оор хүлээсэн үүргээ ямагт өндөр түвшинд биелүүлж, олон талт хүрээнд авлигын эсрэг хамтын ажиллагааг урагшлуулан, НҮБ-ын Мансууруулах бодис, гэмт хэрэгтэй тэмцэх албаны авлигын эсрэг хамтын ажиллагааны төслүүдийг олон жилийн турш санхүүжүүлж байна. “Авлигагүй Торгоны Зам”-ын бүтээн байгуулалтыг гүнзгийрүүлэн урагшлуулж, “Бүс ба Зам”-ын хамтын бүтээн байгуулалтын чансаатай хөгжлийг баталгаажуулахын зэрэгцээ олон улсын ижил чиг үүрэг бүхий байгууллагуудтай авлигын эсрэг хамтын ажиллагааны санамж бичиг байгуулж, “Авлигагүй Торгоны Зам”-ыг хамтран байгуулах асуудлыг олон арван улстай байгуулсан хоёр талын хамтын ажиллагааны баримт бичигт тусгаж байна. Авлигын эсрэг олон улсын сургалт, мэргэшүүлэх хөтөлбөрүүд зохион байгуулж, олон улсын авлигатай тэмцэх байгууллагын албан тушаалтнуудад туршлага, мэдлэгээ хуваалцаж байна.
Сүүлийн жилүүдэд улам олон гадаадын удирдагчид Хятадад айлчлах үеэрээ Хятадын олон бүс нутагт очиж, газар дээр нь танилцах замаар бодит, олон талт Хятадыг гүнзгий ойлгож байна. ХКН өөрийгөө дотроос нь шинэчлэх эр зориг гарган, чанд сахилга бат, ажил хэргийн зөв хэв маягаараа ард түмний итгэлийг олж, хүчирхэг зохион байгуулалтын чадавхаараа хөгжлийн хамтын хүчийг нэгтгэж байна. Чухам ийм хүчирхэг, тууштай эрх баригч намын манлайллын дор Хятад улс өөрийн үндэсний нөхцөл байдалд нийцсэн орчин үеийн хөгжлийн замыг нээж, хүн төрөлхтний соёл иргэншлийн хөгжлийн шинэ хэлбэрийг бий болгожээ.
Энэ жил бол “15-р таван жилийн төлөвлөгөө”-ний эхний жил юм. Хятад улс Хятадын онцлогт нийцсэн орчин үеийн шинэчлэлээр хүчирхэг улс байгуулах, үндэстнээ сэргээн мандуулах их үйл хэргийг бүх талаар урагшлуулж байна. ХКН намаа бүх талаар чандлан засаж, удирдах ажлыг тууштай хэрэгжүүлж, нам болон улс орныг засаглах практик туршлагаа дэлхий нийттэй хуваалцан, ялангуяа дэлхийн өмнөд хагасын улс орнуудын улс төрийн намуудад өөрийн орны үндсэн нөхцөл байдалд нийцсэн засаглалын замыг эрэлхийлэхэд нь тусалж, дэлхийн улс төрийн соёл иргэншлийн хөгжилд Хятадын мэргэн ухаан, Хятадын шийдлийг үргэлжлүүлэн хувь нэмэр болгон оруулж байна.




















































































