📅

Нэр дэвшигчдийг тодруулах намынхаа хуралд НИТХ-ын төлөөлөгч Д.Амарбаясгалан ирсэнгүй

🕔 2020/09/09 10:32

Орон нутгийн 2020 оны ээлжит сонгууль үндсэндээ эхэлчихлээ. Энэ сонгуульд эрх баригч МАН ба бусад намын эвсэл гэсэн хоёр субьектын хооронд гол өрсөлдөөн болно.
Намууд ИТХ-д нэр дэвших хүмүүсээ тодруулсан. МАН-аас нэр дэвшиж УИХ-д сонгогдсон гишүүд өнгөрсөн амралтын өдөр дамнуулан тойрог тойрогтоо ажиллаж аймаг, сумдынхаа нэр дэвшигчдийг тодруулах хуралд оролцсон байна. Нийслэлд ч ялгаагүй. Дүүрэг “хариуцсан” гишүүд нь НИТХ болон дүүргийн ИТХ-д нэр дэвшигчдээ тодруулжээ. Харин МАН-аас НИТХ-д өрсөлдөх 45 нэр дэвшигчийн нэрсийг Нийслэлийн МАН-ын дарга Д.Сумьяабазар дангаараа шахам эцэслэн гаргаж иржээ.
НИТХ-д нэр дэвшигчдийг тодруулах Нийслэлийн МАН-ын хуралд тус намын хорооны дарга Д.Сумьяабазар, нийслэлээс сонгогдсон УИХ-ын хэдэн гишүүн байлцав. Энэ нь тус намын дүрэм болоод бусад зарчмаар зөв харагдаж байгаа юм.
 
Гэхдээ тэрээр УИХ-ын дарга, Ерөнхий сайд, Нийслэлийн өмнөх даргын гэсэн “шошго”-той хүмүүсийг нэр дэвшүүлсэн байна. Харин М.Энхболдоор нэрлэгддэг Хотын фракц, мөн МАН-ын одоогийн генсек Д.Амарбаясгалангийн гэх хүмүүсийг Д.Сумьяабазар “жийсэн” байна. Генсек Д.Амарбаясгалан, Хотын фракц хоёрыг олон жил дагаж гүйсэн нөхдүүд хоосон хоцорчихоод амаа барьж сууна.
 
Өөрөөр хэлбэл, МАН-ын хувьд уламжилж ирсэн нэр дэвшүүлэлт энэ удаад давтагдсангүй.
Уг нь НИТХ-ын сонгууль бол аливаа сонгуулийн гол цөм болдог, тухайн сонгуулийн дүн хаашаа эргэхийг шийдвэрлэх үүрэгтэй.
Тиймээс Нийслэлийн МАН-ын хорооны хурал гэдэг МАН-д хамаатай хамаг томчууд цуглачихсан сууж байдаг сан. Намын даргаас нь эхлээд экс Ерөнхийлөгч Н.Багабанди, экс Ерөнхий сайд нар, мөн албан тушаал хашаагүй ч улс төрийн нөлөө бүхий нөхдүүд Нийслэлийн МАН-ын хуралд л очдог байлаа.
Тус намын сонгуулийг удирдаж чиглүүлдэг генсек нь бол хамгийн их хамааралтайгаар Нийслэлийн МАН-ын хуралд оролцдог.
Тэгвэл энэ удаад дээр дурдсан “булиа” нөхдүүд харагдсангүй. Тэр ч байтугай НИТХ-д нэр дэвшигчдийг тодруулахад онцгой үүрэгтэй оролцдог генсек Д.Амарбаясгалан үзэгдсэнгүй. Өмнө нь НИТХ-ын төлөөлөгчид нэр дэвшигчдийг дүүргийн МАН-ын хорооны шийдвэрээс гадна “төв” намынх нь сонгуулийг хариуцсан гол албан тушаалтан буюу генсек Д.Амарбаясгалангийн “санал” чухал үүрэгтэй байж ирсэн юм.
Харин энэ удаагийн Орон нутгийн сонгуульд Нийслэлийн МАН-аас нэр дэвшигчдийг тодруулахад МАН-ын генсек Д.Амарбаясгалан “анхаарал” тавилгүй өнгөрөөв.
Тэрээр нэр дэвшигч­дийг тодруулсан Нийслэлийн МАН-ын хурал, бусад ажиллагаанд хуруу байтугай, хошуу нэмсэнгүй.
Эндээс “...МАН нь Орон нутгийн сонгуульд Нийслэлийн МАН-аа дэмжихгүй” гэсэн гаргалгаа хийгдэж, мэдээлэл болон задарч байна.
 
 
Тус намд болж буй явдлын талаарх мэдээлээс сонсох нээ, МАН-ын генсек Д.Амарбаясгалан, Нийслэлийн МАН-ын дарга Д.Сумьяабазар нарын хооронд үл ойлголцол үүссэн бололтой. Энэхүү үл ойлголцол нь зөвхөн мань хоёрын дунд бус, ерөөс Д.Сумьяабазар МАН-ынхаа дарга нартай муудчихаад байгаа юм байна.
 
Тийм учраас МАН-ын генсек Д.Амар­баясгалангийн хувьд энэ албан тушаалынхаа хувиар Нийслэлийн МАН-ын сонгуулийн ажилд оролцсонгүй гэж ойлгогдож байна. Гэвч тэрээр НИТХ-ын төлөөлөгчийн сонгуульт ажилтай. 2008 оноос хойш НИТХ-д Баянзүрх дүүргийн иргэдийг төлөөлөн сууж байгаа юм.
Тэгвэл Д.Амар­баясгалан НИТХ-д дахин нэр дэвшихгүй учраас, бас дээрх шалтгаанаар энэ удаагийн Орон нутгийн сонгуульд анхааралгүй өнжиж буй ажээ.
Түүнээс бус сүүлийн хэдэн сонгууль МАН-ын хувьд генсек Д.Амарбаясгалангүйгээр явахаа больсон. Д.Амарбаясгалан УИХ, Орон нутгийн сонгуулиудаар намынхаа байрнаас ч гаралгүй шахам ажилладаг. Бас сонгуулиас нэлээд өмнө бэлтгэлээ базаачихдаг гэдэг. Тэгтэл энэ Орон нутгийн сонгуулиар Д.Амарбаясгалан Тусгаар тогтнолын ордноороо ч үзэгдэхгүй байгаа гэж байна.
Тэгэхээр энэ сонгуу­лиар МАН нийслэлд Д.Сумьяа­базарын удирд­лагаар оролцох болж байна. Д.Сумьяабазар хэдхэн сарын өмнө болсон УИХ-ын 2020 оны сонгуулиар Нийслэлийн МАН-ыг удирдаж орсон. Нийслэлд МАН-аас нэр дэвшигчид 24 суудлын 22-ыг нь авсан. Ойрд гаргаагүй амжилт болсон.
Сонгуулийн дараа засаг бүрдэж, албан тушаалын хуваарилалт явагдахад Нийслэлийн МАН-ын дарга Д.Сумьяабазарт юу ч оногдоогүй.
Түүнээс хойш муудалцах, сайдалцах үйл явц МАН-д үргэлжилсэн. Хэрвээ одоо МАН нийслэлд унавал Д.Сумьяабазар хариуцлага хүлээж, Нийслэлийн МАН-ын даргын ажлаа өгнө. Ийм л зүйл харагдаж байна.
 
 
Б.ГарьдЭх сурвалж: “Зууны мэдээ” сонин
скачать dle 12.0

Санал болгох

»

Санал асуулга

Таксины үнийг эхний 1 км тутамд 1500, 2 км-ээс 1000 төгрөг болгож нэмсэн нь зөв үү?