МАХ, МАХАН БҮТЭЭГДЭХҮҮНИЙ ГАДААД ХУДАЛДААГ НЭМЭГДҮҮЛЭХЭД АНХААРЧ АЖИЛЛАНА
Монгол Улсын Засгийн газрын 2018 оны 131 дүгээр тогтоолоор Дархан-Уул аймгийн Орхон, Хонгор сумыг "Газар тариалан, эрчимжсэн мал аж ахуйн бүс нутаг” болгон тогтоосон. Тогтоолын хүрээнд Хонгор сумын нутагт 776 га газрыг эрчимжсэн мал аж ахуйг хөгжүүлэх зорилгоор тусгай хэрэгцээнд аваад байна. Энэ хүрээнд өнөөдөр /2018.08.30/ аймгийн Засаг дарга С.Насанбат Японы "Никүно Ханамаса” махны сүлжээ дэлгүүрийн үүсгэн байгуулагч, Махны импортын холбооны тэргүүн асан, "Токио Гинза” зөвлөх үйлчилгээний компанийн захирал Хироши Оно болон холбогдох мэргэжилтэнгүүдийг хүлээн авч эрчимжсэн мал аж ахуйг хөгжүүлэхэд хамтран ажиллах, малын гаралтай түүхий эдийг гадаадын зах зээлд нийлүүлэх тал дээр дэмжлэг үзүүлэн ажиллах талаар ярилцлаа. Уулзалтаар махны чанар, борлуулалтыг нэмэгдүүлэхийн тулд тоо, хэмжээнд бус чанарт анхааран "махыг бэлтгэх, ангилах, боловсруулах стандарт”-ыг боловсруулж мөрдүүлэх нь зүйтэйг зөвлөлөө. 66.2 сая толгой малтай Монгол улсын хувьд малын гаралтай өвчин, буруу бойжуулалт зэргээс үүдэн гадаад улсад мах, махан бүтээгдэхүүнийг экспортлоход хүндрэл учирдаг. Харин нэгдсэн стандартыг боловсруулж мал бойжуулахаас эхлээд төхөөрөх, боловсруулах хүртэл мөрдөж чадвал гадаад худалдааг нэмэгдүүлэх боломжтойг хэлсэн юм. Зочид төлөөлөгчид Дархан сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах "Дархан эрдэнэ мах комбинат” ХХК-ийн үйлдвэрт зочилж үйл ажиллагаатай танилцсан байна. Энэ өдрийн уулзалтын үр дүнд хоёр талын мэргэжилтнүүд харилцан мэдээлэл солилцох, туршилт, судалгаа, шинжилгээ хийх замаар стандартыг боловсруулж, эрүүл ахуй, олон улсын шаардлагад нийцсэн махыг Дархан-Уул аймагт бэлтгэн гадаадын зах зээлд нийлүүлэхэд хамтран ажиллахаар тохиролцлоо. Мэргэжилтнүүд 9 дүгээр сарын 15-ны өдөр Монголд дахин айлчлах ба тэр үед Дархан-Уул аймгийн Засаг даргатай хамтран ажиллах санамж бичгийг байгуулахаар болсон юм.
Санал болгох
Сэтгэгдэл бичих
Сэтгэгдэл бичих