С.Шаарийбуу: “Дарга аа, дарга аа би юу гэж хэлэх вэ” гээд зогсч байж билээ
Хүн өнгөрснийг санадаг чадвартайгаараа бусад амьтнаас ялгардаг. Би урьд нь бичиж байсан нийтлэлүүдээ эмхэлж суутал Малайз улсад харамсалтайгаар амь насаа хөнөөлгөсөн Ш.Алтантуяагийн тухай нийтлэл хэд хэд гарч ирснээр,эргэн сурвалжлахад хүргэлээ. Хоёр хоногийн өмнө С.Шаарийбуу багш руу утастаж уулзлаа. Утасны дугаар нь хуучнаараа. Тэрбээр "Оюутнуудад хичээлээ заагаад киногоо бүтээгээд явж байна даа. Цаг хугацаа хурдан юм. Би Монгол Улсын их сургуулийн теле студийг 20 жил хариуцаж 100 гаруй баримтат кино бүтээжээ. Дөнгөж өчигдөр Монголын геологичдын бахархал болсон, профессор С.Дашдаваа багшийн тухай кино бүтээж дууслаа” гэв. Үнэндээ бол асуухад халгамаар хэцүү байдаг ч амьд явах эрх нь зөрчигдсөн талийгаач охиных нь талаар эргэн нэг дурсаж, эргэцүүлэл бичихээр ирсэн зорилгоо хэллээ. С.Шаарийбуу гуайМонгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн өгүүлбэр бүрт хүний эрх гэдэг үгийг дурдсан байдаг ч энэ эрхүүдийг эрээд ч олохгүй шахам 11 жил өнгөрлөө, гэснээр яриагаа эхэллээ.
-Та сүүлийн жилүүдэд хэвлэл мэдээллээс хол байлаа. Бүх асуудал шийдэгдчихсэн үү?
-Эхлээд хэрэг хэрхэн шийдэгдсэн талаар ярих нь зүйтэй болов уу. Аллагыг захиалагч Разак Багиндаг 2008 оны аравдугаар сарын31 нд цагаатгасан. Монгол Улсыг төлөөлж цор ганц албаны хүн Багиндаг цагаатгах шүүх хуралд оролцсон түүхтэй. Хурлын дарга "Аллах тэнгэрээс асуулаа, сулла гэж байна” гэх шийдвэр гаргасан юм. Миний өмгөөлөгч Монголын төрийн төлөөлөгчийн үгийг сонсоё гэтэл мань хүн хурлын танхимд байгаагүй. Багинда баярлан хурал тарсан. Манай төлөөлөгч "00”-ын өрөөний гадна "Дарга аа дарга аа одоо би юу гэж хэлэх вэ” хэмээн утсаар яриад зогсч байсан. Юу хэлэхээ мэдэхгүй байсан юм бол, яах гэж очсон юм бүү мэд. Энэ хачирхалтай шүүх хурлын шийдвэрийг олж өгөөч гэж өнөөг хүртэл би хүсдэг чолдохгүй байгаа. Малайзчууд тийм шийдвэр гаргаж байсан юм чинь биднийг үл тоон авч хэлэлцэхгүй нь ойлгомжтой. Үүний дараа уг хэргийг эзэнгүй хэрэг болгох ажиллагаа эхэлсэн. Гэрчүүдийг устгаж мөрдөн шалгасан материалуудыг өөрчилж эхэлсэн. Ингэж эзэнгүүдүүлдэг гэдгийг мэддэг Малайзын төдийгүй англи саксоны хуулийн шударга шүүхийн концепцийг боловсруулсан алдарт хууль Карпал Сингх өөрийн хүсэлтээр энэ хэргийг өмгөөлөхөөр авсан нь эрх баригчдыг хүнд байдалд оруулсан. Ер нь энэ хэргийн мөрдөн байцаалтыг хятад хүн, өмгөөллийг энэтхэг хүн хийсэн юм. Хэрэв Малайз хүн таарсан бол тэр дороо мөнгөөр арилжигдан ор сураггүй болох байсан.
- Карпал гуайтай анх уулзахад ямар зөвлөгөө өгч байв?
-Карпал гуай анх надтай уулзахдаа л та бид хоёрт танай Засгийн газрын нэр нөлөө бүхий хүний нэлээд хүчтэй шийдэмгий үгтэй захидал туйлын чухал байна. Бүх зүйл эрх мэдэл мөнгөөр явж байна. Хурдан тусмаа сайн гэснээр- Тэр үед Ерөнхий сайд байсан М.Энхболдод хансан. Тэрбээр хоёр ч удаа хатуухан тулган шаардсан захидал \Захидлыг үзүүллээ.\ явуулсаны үр дүнд аллагыг үйлдсэн хоёр офицерт анхан шатны шүүхээс цаазын ял ногдуулахад нөлөөлж чадсан. Хоёр жилийн дараа дунд шатны шүүхээс дээрх шийдвэрийг цуцалж хоёр офицер цагаатгагдан суллагдсан. Энэ үед би дахин монголынхоо эрх мэдэлтнүүдэд хандсан ч төдийлөн тусыг эс олсон. Бараг л үг унагаагүй дээ. Монголын тал иргэнээ гэх эзэнгүй байсанд Малайзын тал улам омогшин бүх гэрчүүдийг ямар нэг байдлаар устгаж дууссан даа. Нөгөө алдарт хүмүүнлэг ардчилсан нийгэм-Хэргийг ингэж эзэнгүй зохиол болгодог юм билээ. Өмгөөлөгч бид хоёр дээд шатны байгууллагад хандаж эрүүгийн хэргийн цаазын ялыг холбооны шүүхээр дахин тогтоолгож, иргэний хэргийг танилцуулж чадсан ч тэр алдарт хуульч "аваарт” орсон гэдгээр хорвоог орхисон харамсалтай зүйл болсон. Эцгийнхээ эхлүүлснийг дуусгана гээд түүний хүү Рам Карпал нь үргэлжлүүлэн ажиллаж байгаа. Манайд тэгэхэд яаж байна. Сонгууль болж дарга даамал солигдоход хойдох нь урдахаа мэдэхгүй дүрд хувирдаг болохоор би дахиад л асуудлаа шинээр хөөцөлдөж эхэлдэг юм. Чоно борооноор гэгчээр хоёр офицерийн нэг Серул чөлөөтэй байх хугацаандаа Австрали улсад гарч цагаачлал хүсээд жаргаж явна. Нөгөөх Азиллах нь "Би хамт үйлдсэн хэрэгтээ ганцаараа "хохирохгүй” гээд эзэн хаанаасаа өршөөл гуйгаад хэвтэж байна.
-Та дэлхий нийтэд шуугиан тарьсан мэдээллийнхээ тухай яриач?
-Өнчин хоцорсон ботго тэмээ тэмээ рүү очиж тэрий хадталаа тийрүүлдэг гэгчээр өөрийн орны дарга нар горьдлогогүй болох янзтай тул би гадаадын сэтгүүлчидтэй хамтарч үнэнийг өгүүлсэн баримтат кино хийж дэлхийд цацлаа. Мөн цуврал нийтлэл бичиж Малайзынхны уурыг барлаа. Австрали улсад өргөдөл бичиж үзлээ. Хариуг бичгээр ирүүлэхдээ "Иргэнийхээ өмнөөс төр,засаг дугарах нь чухал,та тийшээгээ хандах нь зүйтэй” гэж зөвлөсөн байсан. Төрийн байгууллагуудад хандаж хоёр жил гүйлээ. Тэд хоорондоо манайх мэдэхгүй, танай асуудал гэхчилэн бичиг цаас шидэлцэхээс хэтэрсэнгүй.
-Одоо тэгвэл Ерөнхийлөгчид хандахаас өөр сонголт үлдээгүй юм юм шив дээ?
-2008 онд Ц.Элбэгдорж Ерөнхийлөгчийг хөдөлмөрчидтэй уулзах үеэр нь өөрийн биеэр захидлаа өгсөн. Түүнээс хойш хэвлэлээр хэдэнтээ ил захидал бичсэн. Ерөнхийлөгч маань "Би ядарч яваа монгол хүн бүхний төлөө зүтгэнэ” хэмээн тангараглаж байхыг нь харсан болохоор горьдоод л тэр. Надаас хүнд асуудалтай хүн олон байдаг байх. Тэгээд л надад очер олдохгүй найман жил өнгөрлөө..Асуудал Малайзаас халиад Австрали хүрчихээд байхад Монголын тал юуг хүлээгээд чимээгүй,өөрсдөө гэмтэн шиг байгаа нь гайхалтай.Малайзын мэдээлэлд ойрхон байсан албаны хүмүүс,танайхан шагналаа авсан шүү?гэдгийг би сонсож байсан ч,ариа үгүй байлгүйдээ гэж зөөллөдөг.Ерөнхий сайд Разак Нажибын ээлжит сонгууль энэ онд тохиож байгаа.
-Гадаад харилцааны яам голлон анхаарах ёстой биз дээ?
-Уг нь ч тийм л дээ. Малайзыг Тайланд дахь Монголын Элчин сайд хариуцдаг. Элчин сайд олонтаа томилогдсон ч миний өмгөөлөгчтэй уулзахаас хэтэрдэггүй. Бээжинд суудаг МалайзынЭлчин сайд Монголыг давхар хариуцдаг. Тэд манайд итгэмжлэх жуух бичгээ барихаа байж асуудлыг мохоож байгаа. Өнгөрсөн жилийн АСЕМ –д Малайзаас овоо дээгүүр тушаалын хүн ирсэн гэсэн. Тэр улаан хивсээр явж харагдаагүй. Аргагүй дээ, Монгол хүний нүүр лүү эгцлэн харж чадна гэж үү. Австралид Монголын Элчин сайд байгаа л даа. Би Гадаад харилцааны яамныханд хэлдэг л юм. Гэтэл Австралид байгаа манай Элчин сайд энд тэндэхийн хүлээн авалтан дээр Малайзын Элчин сайдтай кофе уух боломж гарвал асуухыг бодоё гэсэн байсан. Хоёр жил өнгөрлөө. Цай уух боломж олдоогүй юм байлгүй дээ. Ер нь дургүйд хүчгүй гэдэг. Би өдгөөгөөс дөрвөн жилийн өмнө Гадаад харилцааны яам, Хууль зүй, дотоод хэргийн яам, Хүний эрхийн үндэсний комисст хүсэлт гаргаж ажлын хэсэг томилуулж үзсэн. Хийх ажлынх нь төлөвлөгөөг хүртэл гаргаж өгсөн. Комисс байгуулагдаад хоёр удаа цай уугаад тарсан.
-Танд монголын талаас туслах хуульч томилоогүй юм уу?
-Бүдрагчаагийн Баяр гэдэг чадварлаг хуульч анхнаас нь өөрийн хүсэлтээр санаа тавьж олон жил тусалж байгаа. Би бүгдийг сааралтуулахгүй. Үнэн юм үнэнээрээ дээр. МАН-ын М.Энхболд, Ардчилсан намын С.Эрдэнэ, Өмнөх Засгийн газрын бүх эмэгтэй гишүүд хүнлэг сэтгэлээр надад хандаж байсанд талархаж бадаг.
-Малайзад олон удаа очсон гэлээ, айдаггүй юу?
-Тиймээ олон очсон. Нэг удаа очихдоо сонгууль болж буй дүүрэгт нь жагсаал зохион байгуулж, хэвлэлийн хурал хийснээ мэдээгүй. Уур нь хүрсэн "ноход” миний араас хөөж би хоёр зочид буудал сэлгэж, шөнө дунд эмнэлэгт хоргодоод үүрээр Сингапур руу гарч тэндээсээ ирж байлаа. Дараагийн шүүх хурлын үеэр Багиндагийн эхнэр над руу дайрсанд нь, би шаралхаж маргааш нь гэрчээр очсон монголчууддаа эсэргүүцлийн үг бариулан, майк, шорттой оруулаад лалынхныг хүндэтгээгүй гэсэн шалтгаанаар шүүхийн танхимаас хөөгдөж /Үйл явдлын зураг үзүүлэв/ билээ.
-Шударга үнэнийг олох гэж их явж дээ?
-Олон нийтийн мэдээллийн хэрэгсэлд хандахаар элдвээр тавладаг хүн мэр сэр байдаг болохоор тийм ч таатай зүйл биш л дээ. Гэвч энэ удаа асуудал гараад аргагүйд хүрч байтал сайн хүн санаагаар гэгчээр чи утасдлаа. Саяхан гурван сарын эхээр Малайзын Засгийн газар "Бид буруугүй тул энэ асуудлыг шүүх хуралгүйгээр цуцаллаа” гэсэн шийдвэр ирүүллээ. Арга ч үгүй биз дээ. Хийснээ хүлээх нь бүү хэл "уучлаарай” гэх үгийг хэлж чадахгүй 11 жил болсон, тэгээд ч Ерөнхий сайдынх нь сонгууль болох гэж байгаа болохоор Нажиб даргынхаа нэрийг яаж цэвэрлэх вэ гэж тэвдэж байгаа. Энэ шийдвэрт дорвитой хариу өгчих газар одоогоор чимээгүй л байна. Би зохих газарт нь хандсан л юмсан. УИХ-ын дарга М.Энхболдод хандаж Малайзын засгийн газрын сүүлчийн шийдвэрийг парламентийн гишүүдэд нь сонсгох л арга үлдээд байна. Ерөнхий сайд байхадаа хатуухан шаардлагтай захидал илгээж байсан ,өнөөдрийн УИХ-ын даргыг, Малайзынхан эрх биш анзаарах байлгүй.Ажлын туршлага,гадаад дахь нэр нөлөө,зангаргаараа өнөөгийн дарга нарын дотор М.ЭНХБОЛДООС өөр хүн хараахан алга байна.Иймээс танай сониноор дамжуулан түүнд хандаж байгаагаа илэрхийлье.Даргаа,даргаа би юу гэж хэлэх вэ? Гэж хэнээс ч асуухгүйгээр иргэнийхээ эрхийн төлөө чанартай захидал явуулчих мэдрэмжтэй хүн гэдэгт би итгэж байна.Өөрийгөө удирдаж сурсан хүн л, төрийн ажлыг хийх боломж давуу байдаг.-Сонсоод байх нь ээ, энэ нь улстөржсөн их хүнд хэрэг юм?
-Иргэдийн хооронд үүссэн эрүүгийн хэрэг бол ийм байдалд хүрэхгүй байсан. Малайзад сонгууль болохоор л энэ хэргийг сөхдөг. Манай эрх мэдэл бүхий хүмүүс ч надтай уулзахдаа биднээс давсан хүнд асуудал гэж шууд л хэлдэг, төдийгүй хоёр улсын харилцаа, олон улсын хүний эрхийн конвенцийн асуудалд тулж очдог. Энэ удаагийн сонгуулиар хэн ч Ерөнхийлөгч болсон би асуудлаа тавьж хандах л болно.
Эх сурвалж: MISS.mn