Шүүхээс Дархан-Уул болон Орхон аймагт дахин сонгууль явуулах шийдвэр гаргажээ
Сонгуулийн өмнө нийтэд дэлгэгдсэн МАН төрийн албыг худалдах замаар 60 тэрбум төгрөг босгох тухай бичлэгийг дахин шалгуулахаар Нийслэлийн прокурорын газарт хандсан болон шүүхээс Дархан-Уул, Орхон аймагт дахин сонгууль явуулах шийдвэр гарсан талаар өнөөдөр АН-аас мэдээлэв.
Сонгуулийн
өмнө МАН-ын дарга, Нийслэлийн МАН-ын дарга нарын төрийн албыг худалдах
замаар 60 тэрбум төгрөг босгох тухай бичлэг олон нийтийн сүлжээнд
тавигдсан. АН уг асуудлыг шалгуулахаар Улсын ерөнхий прокурор болон
АТГ-т гомдол гаргасан юм.
Энэ сарын 02-нд
Нийслэлийн прокуорын газрын Хяналтын прокурор асуудалд эрүүгийн хэрэг
үүсгэхээс татгалзсан. Уг шийдвэрийг эсэргүүцэж АН Нийслэлийн прокурорт
дахин гомдол гаргасан байна.
Уг гомдолд "Сонгуульд
оролцох 60 тэрбум төгрөг босгох тухай бичлэг цацагдсаны дараа
нийслэлийн МАН-ын дарга Ц.Сандуй "МАН-ын дотоод асуудлыг нийтэд
мэдээлсэн байна. Энэ асуудлыг бид шалгаж байгаа” гэсэн мэдээлэл хийж,
дээрх үйлдлээ хүлээн зөвшөөрсөн. Гэтэл Хяналтын прокурор дээрх хэргийг
хэрэгсэхгүй болгосныг эсэргүүцэж байна” гэжээ.
Бичлэгт
нэр нь дурьдагдсан МАН-ын хариуцлагатай албан тушаалтан хэрэгээ
хүлээсэн тул уг асуудлыг үнэн зөвөөр шийдвэрлэнэ гэдэгт итгэж байна
хэмээн АН-ын Онцгой комиссын Ерөнхий нарийн бичгийн дарга Б.Батхуяг
хэллээ.
Тэрбээр, "2016 оны УИХ-ын болон аймаг,
нийслэлийн ИТХ-ын сонгууль будилаантай болсон талаар хэд хэдэн гомдол
шүүхээр шийдвэрлэгдсэн байна. Тухайлбал, Орхон аймгийн Хяналтын шатны
шүүхээс 29 нэр дэвшигчийн дунд дахин сонгууль явуулах шийдвэр гаргасан
байна.
Үүнийг СЕХ, аймаг, орон нутгийн
удирдлагуудад хүргүүлнэ. Мөн Дархан-Уул аймагт 15 нэр дэвшигчийг
бүртгээгүй хэрэг гарсан. Уг асуудлыг Улсын дээд шүүх хэлэлцээд
Дархан-Уулд дахин сонгууль явуулах шийдвэр гарсан.
Мөн
Сүхбаатар аймгийн ИТХ хууль бусаар хуралдаж Засаг даргаа томилсон
талаар бид мэдээлж байсан. Сүхбаатар аймгийн Анхан шатны шүүхээс аймгийн
ИТХ-ын хурлын шийдвэр хууль бус байна гэсэн шийдвэр гарсан байна.
СЕХ-ны
удирдлагууд захиргааны акт гаргах замаар онгуулийн дүнд нөлөөлсөн
талаар бид өмнө мэдээлж байсан. Өөрөөр хэлбэл, 21 аймаг, 9 дүүрэгт
сонгогчдын тоогоор саналын хуудас хүргэсэн гэж мэдээлж байсан ч зарим
тойрогт 80 хувь нь л хүргэгдсэн байна. Энэ асуудлыг бид ТЕГ-т
хүргүүлсэн. Энэ долоо хоногт тодорхой хариу гарах байх” хэмээв.
Мэдээллийн дараа сэтгүүлчид асуулт асуулаа.
-Нийслэлийн
прокурорын газраас 60 тэрбум төгрөгтэй холбоотой асуудлыг хэрэгсэхгүйд
тооцсон. Мөн давж заалдах боломжгүй гэж байсан?
-Бид
дээд шатны прокурорт нь гаргана. Уг бичлэгийг эвлүүлэг гэсэн яриа
гарсан ч Шүүхийн шинжилгээний байгууллагын эцсийн дүгнэлт гараагүй
байгаа.
-Сонгуультай холбоотой маргааны
шийдвэрт хууль, хяналтын байгууллагын алба хаагч нөлөөлж байгаа талаар
гомдол гарсан байсан. Энэ талаар?
-Сонгуулийн
үеэр болон дараагаар манай намын гишүүдийн гаргасан өргөдөл, гомдолд
хууль хяналтын байгууллага өрөөсгөл хандаж байгаа талаар олон гомдол ирж
байгаа. Үүнийг бид шалгаж байна. Өнөөдрийн байдлаар хууль, хяналтын
байгууллагын алба хаагч гомдол шийдвэрлэхэд нөлөөлсөн талаар бүрэн
нотлогдсон баримт байхгүй.
Ч.Ариунболд
Гэрэл зургийг Т.Чимгээ
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг
Санал болгох
Сэтгэгдэл бичих
Сэтгэгдэл бичих