📅

Сонгуулийн хууль зөрчсөн Э.Болормааг хэзээ эргүүлэн татах вэ?

🕔 2025/09/09 13:35

Сонгуулийн хууль зөрчсөн Э.Болормааг хэзээ эргүүлэн татах вэ?

 

УИХ-ын 2024 оны сонгуулийн II тойрог буюу Увс, Ховд, Говь-Алтай, Завханаас сонгогдсон УИХ-ын гишүүн Э.Болормаа нь Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Вант Улсад бүртгэлтэй “Кью Жи Экс Холдингс Лимитед” компанийн 100 хувийн хөрөнгө оруулалттай “Ханбогд Эксплорайшн” ХХК-иас хандив авч, УИХ-ын сонгуулийн тухай хуулийг зөрчиж, төрийн өндөрлөгт хүрсэн байж болзошгүй учраас түүнийг эгүүлэн татах ёстой гэсэн асуудал өнгөрсөн хугацаанд өрнөсөн. Харамсалтай нь өнөөдрийг болтол уг асуудал хууль хяналтын байгууллагаар хэрхэн шалгагдаж, ямар хариу гарсан нь бүрхэг хэвээр байсаар байна. УИХ бол хууль тогтоох дээд байгууллага. Хууль тогтоох дээд байгууллагад ард иргэдийнхээ дуу хоолой, үзэл бодол, үнэт зүйлийг хадгалж хамгаалахаар сонгогдсон 126 гишүүний хувьд өөрсдөө асар өндөр хариуцлага ёс зүйтэй байх учиртай.

Гэтэл Монгол Улсын ард түмний төлөөлөл үү эсвэл гадны хөрөнгө оруулалттай компанийн гар хөл, эрх ашгийг хамгаалагч уу гэх эргэлзээ тээнэгэлзээг УИХ-ын гишүүн Э.Болормаа одоо ч төрүүлсээр байна.

Тэрбээр баруун бүсээс нэр дэвшихдээ “Ханбогд Эксплорайшн” гэх Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Вант улсын хөрөнгө оруулалттай хязгаарлагдмал хариуцлагатай компаниас 30 сая төгрөгийн хандив авсан байдаг. Сонгуулийн тухай хуульд нэр дэвшигч гаднын болон гадаадын хөрөнгө оруулалттай компаниас санхүүжилт авахыг хуулиар хориглосон байдаг.

Гэтэл УИХ-ын гишүүн Э.Болормаа гадаадын хөрөнгө оруулалттай компаниас авсан хандиваа компанийн данс руу нь буцаан шилжүүлээгүй болохыг аудитын тайлангаар нь баталгаажсан. Нэгэнт аудитын байгууллагаас гаргасан тайлангаар түүний хууль зөрчсөн үйлдэл нь баталгаажсан бол түүнийг УИХ-аас эгүүлэн татах хууль зүйн үндэслэл бүрдэнэ гэдгийг хуульчид хэлдэг.

Тухайлбал, уг асуудалтай холбогдуулан Хуульч Б.Мэргэн "2024 оны сонгуулийн дараа мөнгө тараасан гэх гэмт хэргийн шинжтэй 300 гаруй үйлдэл бүртгэгдсэн гэсэн албан бус мэдээлэл байгаа боловч өнөөдрийг хүртэл нэг ч хэргийг шийдээгүй байна. Миний өөрийн баттай мэдэж байгаагаар хоёр ухуулагчийн асуудлыг цагдаа, прокурорын байгууллага шалгаж байгаа. Цаана нь нэр дэвшигчид нь гишүүн болчихсон хууль батлаад сууж байна. Сонгуулийн дундуур нэр дэвшигчид явцын зардлын тайлан өгч, Үндэсний аудитын газраас нийтэд ил мэдээлдэг. Өөрийн ажиллаж байсан тойрогт нэр дэвшигчдийн зардлын тайланг харж байхад Э.Болормаа нь “Ханбогд Эксплорайшн” гэх гадаадын хөрөнгө оруулалттай компаниас 30 сая төгрөгийн хандив авсныг олж мэдсэн. Одоо өөрийнх нь тайлбарлаад байгаачлан хэн, ямар компани хандив өгөхийг урьдчилан мэдэх боломжгүй, магадгүй хэн нэгэн хорлох гээд мөнгө шилжүүлсэн байж болох ч зардлын дансандаа хяналт тавих нь түүний үүрэг бөгөөд буцаан шилжүүлээгүй тохиолдолд хууль зөрчсөн үйлдэл болж, нэр дэвшигчээс хасах үндэслэл болно. ҮАГ-ын удирдлагуудын өгсөн тайлбараас харвал зөрчлийг шалгуулахаар эрх бүхий байгууллагад өгсөн гэж ойлголоо. Хэрвээ асуудлыг нягтлаад Э.Болормаа нь үнэхээр хууль бус хандивыг буцаан шилжүүлэхгүйгээр зарцуулсныг нь тогтоовол Сонгуулийн ерөнхий хорооны УИХ болон Ерөнхийлөгчид өргөн барьсан гишүүнээр сонгогдсон нэр дэвшигчдийн жагсаалтын Э.Болормаад холбогдох хэсэг хүчингүй болох ёстой. Тодруулбал, Э.Болормааг УИХ-ын гишүүнээс эгүүлэн татах хууль зүйн үндэслэл бүрдэнэ" гэсэн байр суурь илэрхийлж байсан юм.

Түүнчлэн Монгол Улсын Зөрчлийн тухай хуульд цагаан дээр хараар маш тодорхой зааснаар 30 сая төгрөгийн хандивыг улсын орлого болгож, торгууль оногдуулахаар байна. Энэ талаар Зөрчлийн тухай хуульд тодорхой тусгасан байна.

–Хандив өгөхийг хуулиар хориглосон этгээдээс хандив өгсөн бол, тус хандивыг тухайн сонгуулийн дүн гарахаас өмнө буцаан шилжүүлээгүй бол, эсхүл хуульд зааснаас илүү хэмжээний хандивыг тухайн сонгуулийн дүн гарахаас өмнө буцаан шилжүүлээгүй бол хууль бусаар олсон хөрөнгө, орлогыг хурааж хүнийг арван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг нэг зуун мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно" гэж заажээ. Тиймээс УИХ-ын гишүүн Э.Болормаагийн гаднын хөрөнгө оруулалттай компаниас хандиваар авсан 30 сая төгрөгийг улсын орлого болгож, хувь хүнийг 10 сая төгрөгөөр торгох хуулийн зохицуулалт үйлчлэх учиртай. УИХ-ын гишүүн Э.Болормааг, УИХ-ын сонгуулийн үеэр оффшор бүс дэх гадаадын компаниас хандив авсан байж болзошгүй, АТГ-аас шалгаж прокурорт шилжүүлсэн гэх мэдээлэлдээ "Энэ талаар надад мэдээлэл байхгүй байна. Гадаадын компаниас санхүүжсэн гэх хэргээр надтай албан ёсоор хууль, хяналтын байгууллагаас холбогдоогүй. Мэдээлэл аваад эргээд хэлье" гэх тайлбар өгөөд энэ хэрэг замхарсан. Харамсалтай нь, УИХ-ын эрхэм гишүүн Э.Болормаагийн хууль зөрчсөн ноцтой үйлдэлд өнөөдрийг болтол арга хэмжээ авахгүй байсаар дахиад л УИХ-ын намрын чуулгантай золгох гэж байна. Парламент өөрөө хууль дээдлэх ёсондоо уландаа гишгэж, хууль зөрчсөн гишүүдийнхээ асуудлыг яаралтай авч хэлэлцэхгүй бол төрийн шударга ёс алдагдаж, төрдөө итгэх иргэдийн итгэл улам алсаар л байх болно.

Б.ШАРХҮҮ

скачать dle 12.0

Санал болгох

Сэтгэгдэл бичих

Сэтгэгдэл бичих

reload, if the code cannot be seen
Сэтгэгдэл бичих

0 сэтгэгдэл

»

Санал асуулга

Таксины үнийг эхний 1 км тутамд 1500, 2 км-ээс 1000 төгрөг болгож нэмсэн нь зөв үү?