АСЕМ:Д.Медведев Эгийн голын УЦС-ын талаар Монголын Ерөнхийлөгчтэй ярилцав
Улаанбаатар. /asiarussia.ru/. ОХУ-ын Ерөнхий сайд Дмитрий Медведев Монголд ирсэн даруйдаа тус улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржтой уулзсан байна. Уулзалтын үеэр Эгийн гол дээр барих гэж буй усан цахилгаан станцын /УЦС/ талаар ярилцжээ.
Эгийн гол нь мөнх цэвдгээс эх авдаг, хэрвээ голын ус эргэлтэд орохгүй байх аваас урсгал нь удааширна гэдгийг Ц.Элбэгдорж онцлон дурдлаа. Тэрбээр цааш нь хэлэхдээ "тийм учраас УЦС барьснаар урсгал нь тогтворжино. Байгал нуур хоёр улсын хувьд чухал учраас Монголын тал энэ нууранд хор хохирол учруулахгүй” гэжээ.
Үүний хариуд Медведев хэлэхдээ "үнэхээр хор хохирол учруулахгүй юм бол энэ асуудлыг авч хэлэлцэх хэрэгтэй" гэж мэдэгдсэн байна.
Сануулан дурдахад, ОХУ-ын шадар сайд Сергей Приходько дүгнэн хэлэхдээ "хоёр талын хамтын ажиллагаа эрчимтэй өрнөж байгаа бөгөөд зарим үед эдийн засгийн нөхцөл байдал уг хамтын ажиллагаанд нөлөөлдөг тал бий” гэжээ.
"Монголын шинэ Ерөнхий сайдтай хийх уулзалтын явцад хоёр талын худалдаа-эдийн засаг болон тээврийн салбар дахь хамтын ажиллагааны асуудлуудыг хэлэлцэнэ. Үүний сацуу Байгал нуурын экологийн асуудлаар заавал ярилцах болно. Түүнчлэн Орос-Монгол-Хятад гурван талын хамтын ажиллагаа болон бусад асуудлыг хэлэлцэнэ” гэж С.Приходько мэдэгдсэнийг ТАСС мэдээллийн агентлаг уламжиллаа.
Харин Д.Медведев өөрийн фейсбүүк хуудсандаа "Монголд хийх айлчлал тус улсын удирдлагуудтай хийсэн уулзалтаар эхэллээ. Хоёр орны хоорондын бараа эргэлтийн хэмжээ 1 тэрбум доллароос давсан байна. Янз бүрийн салбарт хамтран ажиллах сайхан хэтийн төлөв харагдаж байна” гэж бичжээ.
Б.Адъяахүү
Монцамэ