📅

Монгол: Төвийг сахих байр суурь ба түгшүүр

🕔 2016/02/03 13:42

Өмнөд хэсгээрээ БНХАУ, хойд хэсгээрээ ОХУ-тай хиллэдэг, хоёр их гүрний дунд хавчигдсан Монгол Улс олон улсын аюулгүй байдлын хэлэлцүүлэгт хялбархан мартагддаг. Тус улс нь өөрчлөлт хийхэд дэндүү жижиг, урт хугацааны үр нөлөө гаргахад дэндүү их зөрчилдөөнтэй юм.

Гэвч сүүлийн үед Монгол Улс эдгээр ойлголтыг сөрөн алхаж байна. Хойд Азийн газар нутгийг жолоодох хүсэлтэй орнуудын хувьд Монгол Улс нь нөлөө бүхий зуучлагч юм. Тус улс БНХАУ, ОХУ, Умард Солонгост нэвтрэх боломжоор хангаж чадна. Зарим асуудлаар Монгол Улс "Дорнодын Женев эсвэл Хельсинки” гэгдэх болсон. Монголын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж сүүлийн үед энэ зорилтод үндэслэн өөрийн алхмаа хийж байна. Өнгөрсөн сард гэхэд тэрбээр Монголын төвийг сахисан байр суурь дэлхийн тавцанд ямар байгаа тухай үндэсний хэлэлцүүлэг зохион байгуулсан. Төвийг сахисан байр суурь нь "Монголын хувьд боломж” бөгөөд энэ бодлогыг хэрэгжүүлэхэд цаг хугацаа л шаардлагатай гэж Ц.Элбэгдорж мэдэгджээ. Бүс нутаг болон олон улсын ажиллагаанд Монгол Улс зохицуулагчийн хувиар оролцох үед төвийг сахисан байр суурь нь бат бөх платформоор хангах юм.

Ц.Элбэгдорж 2014 оны анх удаа Монгол, ОХУ, БНХАУ хоорондын гурван талын дээд хэмжээний уулзалтыг санаачилсан. Энэ яриа хэлцээ нь гурван орны хувьд маш чухал үйл явдал байсан бөгөөд, ялангуяа, Монголын хувьд ОХУ болон БНХАУ-тай илүү гүн гүнзгий харилцаатай болоход тус болсон. ОХУ болон БНХАУ-ын дунд, далайд гарцгүй байрлалаа тус хоёр улсыг холбох боломж хэмээн Монгол Улс үздэг гэж тус улсаас АНУ-д суугаа Элчин сайд мэдэгдэв.

Мөн Монгол Улс хоёр том хөрштэйгөө хийж байгаа эдийн засгийн харилцаагаа, ялангуяа, тээврийн салбарт өргөжүүлж байгаа билээ. Энэ салбар нь далайд гарцгүй орны хувьд чухал үүрэгтэй юм. Азийн дэд бүтцийн хөрөнгө оруулалтын банканд Монгол нэгдсэн нь тус улсын уул уурхай, эрчим хүчний салбарын тээврийн гурван чухал маршрутыг сайжруулахад дэм болно гэж найдаж байна. Мөн "Торгоны зам” төслийг хэрэгжүүлэхэд болон Монголоор дамжин БНХАУ-д хүргэх ОХУ-ын нефть, байгалийн хий дамжуулах хоолойг барихад Монгол Улс оролцож байна.

Зүүн Хойд Азийн аюулгүй байдал болон АНУ-Япон-Монголын гурван талын уулзалтын тухай Улаанбаатарын яриа хэлцээ зэрэг Монголын тэргүүлсэн чухал хэд хэдэн санаачилгыг Ц.Элбэгдорж гаргасан. Олон улсын харилцаанд илүү үүрэгтэй оролцох чадвар, сонирхол Монголд байгааг эдгээр санаачилга харуулж байна.

Хамгийн чухал нь, Умард Солонгос болон олон улсын хамтын нийгэмлэг хооронд зуучлагчийн үүрэгтэй оролцох хүсэлтэй байгаагаа Монгол илэрхийлсэн. Энэ нь Умард Солонгосын итгэж, тааламжтай харилцдаг улсуудын нэг бол Монгол юм гэдгийг харуулж байна. Ц.Элбэгдоржийн санаачилсан Улаанбаатарын яриа хэлцээ нь улс орнууд дунд үүсэх үл итгэлцлийг бууруулж, хамтын ажиллагаа, найрсаг харилцааг нэмэгдүүлэх зорилготой. 2014 онд болсон нээлтийн хуралдаанд Умард болон Өмнөд Солонгос, АНУ, БНХАУ, ОХУ, Японы төлөөлөгчид оролцсон. Умард Солонгосын цөмийн асуудлаарх зургаан талын хэлэлцээ зогсонги байдалд орсон болон хоёр Солонгосын харилцаа таагүй байгаагийн улмаас яриа хэлцээ хийх боломжгүй байгаа энэ үед Монгол Улс нь олон асуудалд, тухайлбал, Солонгосын хойгийн аюулгүй байдал зэрэг олон асуудлаар "Дорнодын Женев эсвэл Хельсинки” болох боломжтой юм.

Монголын төвийг сахих байр суурь нь олон улсад яагаад ашигтай вэ гэдэг нь тус улсын гео-стратегийн байршил, хүчирхэг харилцаа, хамтын ажиллагаанаас харагдана.

Хилийн маргаан эсвэл ямар нэг шийдэгдээгүй асуудал Монголд байхгүй нь давуу тал. НҮБ-ын энхийг сахиулах ажиллагаа, терроризмтой тэмцэх арга хэмжээ, хүмүүнлэгийн ажилд Монгол Улс тогтмол оролцдог нь олны сайшаалыг хүртдэг. НҮБ-ын энхийг сахиулагч орнуудын жагсаалтад Монгол Улс 26-д бичигддэг нь гуравхан сая хүн амтай орны хувьд сэтгэл хөдлөм амжилт юм.

Олон улс дахь оролцоогоо нэмэгдүүлэхийн тулд хийж байгаа Монголын чухал алхмуудын нэг бол жил бүр "Хааны эрэлд” цэргийн сургуулилт зохион байгуулж байгаа явдал юм. "Хааны эрэлд” нь орнуудын Зэвсэг хүчин хоорондын холбоог өргөжүүлэх зорилготой, олон улсын энхийг сахиулах сургуулилт юм. Үүнд 23 орон, тухайлбал, АНУ, Солонгос, Индонез, Канад, Европын Холбооны гишүүн орнууд оролцдог байна. Мөн 2015 оны сургуулилтад БНХАУ анх удаа оролцжээ.

Төвийг сахих байр суурь нь Монголын "гуравдагч хөрш"-ийн бодлогод чухал нөлөөтэй. Уг бодлого нь БНХАУ болон ОХУ-аас хараат байдлыг бууруулахын тулд бусад томоохон оронтой харилцаагаа бэхжүүлэх зорилготой юм.

Төвийг сахих байр сууриа албан ёсоор батлахын тулд Монгол Улс стратегийн ашиг сонирхлоо тэнцвэртэй байлгах хэрэгтэй болно. Энэ нь тийм хялбар биш ч гэсэн стратегийн ашиг сонирхлоо хамгаалах чадвартайгаа Монгол Улс харуулсан билээ. Хоёр том гүрний дунд хавчигдсан улс тусгаар тогтнол, аюулгүй байдлаа хамгаалахын тулд их хэрсүү, ухаалаг байх хэрэгтэй. Гадаадын нэг улсаас татах шууд хөрөнгө оруулалтыг нийт хөрөнгө оруулалтын гуравны нэгээс хэтрүүлэхгүйгээр хязгаарлах хуулийг Монголын УИХ 2001 онд баталсан билээ.

Монгол ардчилалд шилжсэний 25 жилийн ойгоо тэмдэглэсэн тус улс 21 дүгээр зуунд хөл нийлүүлэн алхах таатай орчноо бүрдүүлжээ. Олон улсын тавцанд илүү үүрэгтэй оролцоход төвийг сахих байр суурь нь бат бөх үндэс суурь болох учиртай юм. Төвийн сахих албан ёсны байр суурьтай болсноор илүү ухаалаг, эрчимтэй цогц харилцаатай болох боломжийг олгох юм. Энэ зорилтод чиглэсэн ажлыг Монголын удирдагчид хийж байгаа нь ойлгомжтой биз ээ гэж АНУ-ын Стратеги, олон улс судлалын төвийн Номхон далайн форумын судлаач Синклер Прөүз бичжээ.

Д.Нямтулга

Эх сурвалж: "Монцамэ" агентлаг


скачать dle 12.0

Санал болгох

Сэтгэгдэл бичих

Сэтгэгдэл бичих

reload, if the code cannot be seen
Сэтгэгдэл бичих

0 сэтгэгдэл

»

Санал асуулга

Таксины үнийг эхний 1 км тутамд 1500, 2 км-ээс 1000 төгрөг болгож нэмсэн нь зөв үү?