📅

Отгон чуулганы сүүлийн өдрүүд хэрхэн үргэлжлэх вэ

🕔 2016/06/23 17:41

УИХ-ын хаврын чуулганы түр завсарлагааны хугацаа өнөөдрөөр дуусгавар болж байна. Тиймээс байнгын ажиллагаатай парламентын хуваарийн дагуу хуралдаж эхэлнэ. Энэ долоо хоногт байнгын хороо, чуулганы хуралдах хуваарь, хэлэлцэх асуудлын төлөвлөгөө  гарсан байна.

 

Өнөөдөр Хуульзүйн, Аюулгүй байдал гадаад бодлогын, Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороо хуралдана.  Байнгын хорооны хуралдаанаар Тахарын албаны тухай, Төрийн албаны тухай,  Цэргийн албан хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай, Шүүгчийн эрх зүйн байдлын тухай, Мал, амьтны эрүүл мэндийн тухай, Батлан хамгаалах тухай,  Зэвсэгт хүчний тухай  зэрэг хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийх аж. Харин маргааш уг хуулийн төслүүдийг чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэх батлахаар төлөвлөсөн байна.

 

Дараагийн парламентын бүрэлдэхүүнийг  сонгох сонгуулийн сурталчилгааны ид үеэр хуралдаанаа үргэлжилж байгаа анхны тохиолдол гэдгээрээ энэ УИХ түүхэнд онцлогдох биз. Уг нь хуулиараа  сонгуулийн жил УИХ санал хураалт явагдах өдрөөс 30 хоногийн өмнө өндөрлөсөн байх заалттай. Энэ удаагийн парламент улс төр нөхцөл байдлаас үүдэж сарын хугацаатай түр завсарлага авах захирамжийг УИХ-ын дарга З.Энхболд гаргасан билээ. Завсарлагааны хугацаанд УИХ-ын сонгуульд оролцох улс төрийн хүчнүүд бага хурлаа хийж, нэр дэвшигчдээ тодруулан, хуулийн дагуу сурталчилгаагаа өрнүүлж байна.

 

УИХ-ын даргын гэнэтийн захирамж УИХ-ын гишүүдийг төдийгүй олон нийтийг гайхшруулсан, тухайн үедээ. Сөрөг хүчин МАН-ынхан спикерийг захирамж гаргах УИХ-ын даргын зөвлөлд байлцуулаагүй хэмээн гэдийж байлаа. Завсарлагааны хугацаа дуусгавар болох үе нь сонгуулийн сурталчилгаа ид өрнөсөн өдрүүдэд тохиож байгаа. Тиймээс Улаанбаатар хотоос 1500 км хол алслагдсан аймгуудын сонгуулийн тойрогт нэр дэвшиж байгаа УИХ-ын гишүүд чуулганы хуралдаандаа оролцож амжихгүй хэмээж байсан.  Ер нь хөдөө орон нутагт байтугай нийслэлийн сонгуулийн тойрогуудад нэр дэвшиж байгаа УИХ-ын гишүүд ч чуулганы хуралдаанд оролцоно гэж итгэхэд бэрх. Сонгуулийн биш хуваарьт өдрүүддээ хуралдаандаа оролцдоггүй эрхмүүд сурталчилгааны өдрүүдэд чуулганы танхимд суухаар Төрийн ордныг зүглэх үү.  Үүний оронд нэр дэвшсэн сонгуулийн тойрогтоо ажиллан,  иргэдтэй уулзаж, нэг ч болов сонгогчийн итгэлийг олохыг илүүд үзнэ. 

 

Энэ парламентын гишүүдээс УИХ-ын сонгуульд 90 орчим хувь нь дахин сонгогдохоор нэр дэвшин өрсөлдөж байгаа. Су.Батболд, Ж.Батсуурь, Ц.Баярсайхан, Д.Дэмбэрэл, Ц.Дашдорж, Л.Цог, Ё.Отгонбаяр, С.Оюун, Ц.Оюунбаатар нарын 10  хүрэхгүй гишүүд  нэр дэвшээгүй. УИХ-ын сонгуульд нэр дэвшээгүй ч намын сонгуулийн штабаа ахлах хариуцлагатай үүрэг зарим гишүүнд оногдсон. Тухайлбал, УИХ-ын гишүүн Су.Батболд, Ё.Отгонбаяр нар МАН-ын сонгуулийн төв штабыг ахлан ажиллаж байна.  Сааль сүүний цагаар саалиа орхиод явдаг эхнэр гэж байх уу гэгчээр сонгуулийн сурталчилгаа эрчимжсэн энэ өдрүүдэд штаб ахалж байгаа эрхмүүд Төрийн ордонд тухалж, хууль хэлэлцээд суух цаг зав байх уу.

 

Энэ парламент анх АН, МАН, ИЗНН, "Шударга ёс” эвсэл, бие даагчдаас бүрдсэн. Харин парламентын бүрэн эрхийн хугацааны сүүлийн жил "Шударга ёс” эвсэл задарч, ИЗНН-ын болон бие даагч гишүүд АН, МАН-д элссэн билээ. Өнөөдрийн байдлаар энэ парламентын бүтэц ерөнхийдөө АН, МАН-ын гишүүдээс бүрдүүлж байна. Учир нь ИЗНН-ын гишүүд АН-д элсэж, элсээгүй эрхмүүд нь  тус намыг дэмжихээ илэрхийлсэн.  МҮАН-ын гишүүдийн зарим нь АН-д элсэн Г.Уянга, Л.Цог, С.Ганбаатар нарын нам байгуулан тусгаарласан. МАХН-ын гишүүн Ч.Улаан, Д.Тэрбишдагва нар МАН-д элсэж, О.Баасанхүү, Ц.Баянсэлэнгэ, Ц.Цолмон, Ц.Оюунбаатар нар л МАХН-ыг төлөөлж байна, парламентад.

 

Тиймээс УИХ-ын дарга З.Энхболд чуулганы хуралдааныг үргэлжлүүлэхэд ирц бүрдэнэ гэж тооцсон юм билээ. АН-аас  гадна МҮАН, ИЗНН-ын гишүүд нийлээд хуралдааны ирцийг бүрдүүлж, 51 хувьд хүрнэ. Хэрвээ гишүүд  чуулганы хуралдаандаа оролцохгүй, ямар нэг шалтгаангүйгээр тасалсан тохиолдолд АН-ын дарга З.Энхболд УИХ-ын даргын хуваарь ямар нүүдэл хийхээ хэлүүлэлтгүй мэдэж байгаа. Учир нь тэрбээр аль тойрогт ямар намаас нэр дэвшиж байгаа хэн гэдэг эрхэм хуралдаандаа ирэхгүй байгаад чуулганы индэр дээрээс зарлан мэдэгдэнэ. Чуулганы хуралдаандаа  оролцохгүй байгаа эрхэмд дахин итгэл үзүүлж болох уу гэдгийг ч сонгогчдод дайхаа мэдэх биз.

 

Ямартай ч өнөөдрөөс УИХ-ын чуулганы үйл ажиллагаа үргэлжлэн явагдах нь. Энэ парламентын бүрэн эрхийн хугацааны отгон чуулганы сүүлийн өдрүүдээ  "нэг ангийнхан”  хэрүүл уруул, хагарал тэмцэлгүй найрсаг өндөрлүүлээсэй билээ.

 

Н.Энхлэн Эх сурвалж: Shuud.mn   http://www.shuud.mn/content/read/470002.htm

скачать dle 12.0

Санал болгох

Сэтгэгдэл бичих

Сэтгэгдэл бичих

reload, if the code cannot be seen
Сэтгэгдэл бичих

0 сэтгэгдэл

»

Санал асуулга

Таксины үнийг эхний 1 км тутамд 1500, 2 км-ээс 1000 төгрөг болгож нэмсэн нь зөв үү?