Сонгуулийн хуулийн дүр төрх
Парламент дөрвөн өөр сонгуулийн хуулийн төслүүдийг нэгтгэж, хэлэлцэхээр боллоо. УИХ-ын гишүүн Р.Бурмаа нар Сонгуулийн нэгдсэн хуулийн төслийг өргөн мэдүүлсэн. Мөн Су.Батболд нар УИХ-ын сонгуулийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Х.Тэмүүжин гишүүн УИХ-ын сонгуулийн хуульд өөрчлөлт оруулах тухай, О.Баасанхүү нар мөн адил хуулийн төслүүдийг өргөн барьсан билээ. Дээрх хуулийн төслүүдийг өнгөрсөн долоо хоногт чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэхийг дэмжиж, анхны хэлэлцүүлэгт шилжүүлсэн. Нэг ижил асуудлыг зохицуулах олон хуулийн төсөл зэрэг өргөн баригдвал нэгтгэж хэлэлцдэг практик УИХ-д бий. Ингэснээр олон хуулиудаас шигшиж, нэг хуульд буй хэрэгтэй зохицуулалтыг нөгөөд тусгах байдлаар хуулиа баталдаг. Тэгэхээр удахгүй мэндлэх сонгуулийн хууль дөрвөн өөр хуулийн төслийн нэгдэл болох нь.
-Шинэ хүмүүсийг "боомилох” уу-
Бүх шатны сонгуулийг байж болох хамгийн бага зардлаар зохион байгуулах, сонгуулийн кампанит ажлын хугацааг 14 хоногоор хязгаарлах зохицуулалтыг Р.Бурмаа нарын өргөн мэдүүлсэн хуулийн төсөлд тусгасан. Энэ тохиолдолд улс төрд шинэ хүн гарч ирэх, кампанит ажлын хугацаанд өөрийгөө таниулах ямар ч боломжгүй болно гэдгийг судлаачид шүүмжилж байгаа юм. Хэлэлцүүлгийн шатанд хугацааг эргэн харах боломжтой. Гэхдээ хамгийн ихдээ л 21 хоногоор хязгаарлах болов уу. Одоо хэрэгжиж буй Сонгуулийн хуулиар кампанит ажлын хугацааг нэг сар буюу 30 хоногоор хязгаарласан. Р.Бурмаа нарын гишүүдийн өргөн мэдүүлсэн хуулийн төсөлд үүнээс гадна улстөржилтийг багасгах, нэр дэвшигчдэд сурталчилгааны эрх тэгш боломж олгох зүйл заалтууд бий. Тухайлбал, эфирийн цагийг ижил тэнцүү хуваарилах, үнэгүй сурталчилгаа байршуулах самбаруудыг нэр дэвшигчдэд хуваарилах зэрэг асуудлыг тусгажээ.
-Пропорцианалийг нэмэгдүүлэх сонирхол-
"Шударга ёс” эвслээс хуулийн төслийг өргөн мэдүүлсэн. Ингэхдээ пропорцианаль хувийг нэмэгдүүлэх асуудлыг тусгаад байна. Одоо үйлчилж буй хуулиар 48 хүнийг мажоритар тойрогт, 28 хүнийг намын жагсаалтаар сонгож буй. Бусад гурван хуулийн төсөлд энэ тогтолцоог хөндөөгүй. Харин "Шударга ёс” эвслийн бүлгийн хуулийн төслөөр 38:38 болгож өөрчлөхөөр байгаа юм. Эвслийн бүлгийн ахлагч Н.Батцэрэг "Манай эвслийн бүлгээс тусдаа хуулийн төсөл өргөн барина. Тэгж байж, сонгуулийн хуульд намуудын эрх ашиг эн тэнцүү хангагдана” хэмээн мэдэгдсэн. Тэгвэл эвслийн бүлгийн гишүүдийн хувьд ихэнх нь намын жагсаалтаар гарч ирсэн. Тийм ч учраас намын жагсаалтаар гарах хүмүүсийн тоо олон байх нь тэдэнд ашигтай биз ээ. Гэхдээ жагсаалт дотроо чухам хэнийг гаргах вэ гэдгийг мөн иргэдийн сонголтоор тодорхойлно гэж байгаа юм. Мөн эвслийн бүлгээс өргөн мэдүүлсэн хуулийн төсөлд сонгуулийн томсгосон тойргийг хэвээр хадгалах нь зүйтэй гэж үзэж байгаа. 38 хүнийг 26 томсгосон тойргоос сонгох, 38 хүнийг намын жагсаалтаар сонгох нь зүйтэй гэж эвслийн бүлэг үзэж буй юм.
-Төрийн албан хаагчид нэр дэвшвэл албаа өгөх шаардлагагүй-
Үндсэн хуулийн Цэцийн дүгнэлтийн дагуу төрийн албан хаагч аль нэг шатны сонгуульд нэр дэвших бол зургаан сарын өмнө төрийн албаа хүлээлгэн өгөх заалтыг хүчингүй болгосон. Энэ нь хүний сонгох, сонгогдох эрх чөлөөг хязгаарлаж байна хэмээн цэц дүгнэсэн билээ. Эл дүгнэлтийг УИХ хүлээж авсан. Үүний дагуу Х.Тэмүүжин нарын гишүүд Сонгуулийн хуульд өөрчлөлт оруулах хуулийн төслийг өргөн мэдүүлсэн. Энэ дагуу төрийн захиргааны алба хаагчид буюу агентлаг, газрын дарга, сургууль, эмнэлгийн захирлуудаас бусад төрийн алба хаагчид сонгуульд нэр дэвшихээр болбол төрийн албаа хүлээлгэж өгөх шаардлагагүй болох юм.
-Хар машинаас ухрах МАН-ын хувилбар-
УИХ-ын гишүүн Су.Батболд нарын өргөн мэдүүлсэн хуульд уг асуудлыг тусгасан. Өөрөөр хэлбэл, хар машинаар тоолохоос гадна хяналтын гар тооллогыг дүүрэг, хэсгийн хороо бүрт явуулах. Ингэхдээ хэсгийн хороодод буй хяналтын камер зэрэг технологийн дэвшлийг ашиглахаар тусгажээ. Мөн Су.Батболд нарын хуулийн төсөлд сонгуулийн маргааныг тухайн маргаан гарсан бүс нутагт нь шийдвэрлэх, маргаан гарсан тохиолдолд шийдвэрлэх процессыг тодорхой болгох асуудлыг тусгаад байна. Гадаадад буй иргэдийн саналыг тухайн улс, хот дахь консулын газраас гадна онлайнаар авах боломжийг бүрдүүлэх, нэг тойрогт нэг мандат хуваарилах зэрэг асуудал бий. МАН-ынхан эл хуулийн төслийг боловсруулахдаа УИХ-д суудалтай МАХН, МҮАН болон УИХ-д суудалгүй бусад 10 гаруй намын төлөөллийн саналыг тусгасан хэмээж буй билээ.