📅

Р.Чингисийг огцруулж, “жагсаалт”-ыг цэгцлэх үү

🕔 2016/04/25 10:08

Р.Чингисийг огцруулж, “жагсаалт”-ыг цэгцлэх үү

 

Энэ парламентын бүрэн эрхийн хугацаа дуусгавар болоход хоёр сар хүрэхгүй хугацаа үлдлээ. Гэвч засаг, төр  донсолгоотой байна. Эрүүл мэндийн салбар сайдгүй хагас жил орчим болж, эрүүл явах монгол хүний баталгаа алдагдаж, улаан бурханы халдвар гаарч, хүүхэд залуусын аминд хүрлээ. Сайдгүй салбарын хэнээс нь хариуцлага нэхэх билээ, сайдаа томил гээд ч хоёр сарын хугацаанд эрүүл мэндийн салбарыг анагаана гэхээсээ намтрын хуудаснаа нэмэх улс төрийн томилгоотой нэгэн л ирэхээс хойш  гэж иргэд толгой сэгсэрцгээж байна лээ. Гэхдээ Ерөнхий сайд энэ долоо хоногт ЭМС-ын сайдын асуудлыг УИХ-д өргөн барина гэсэн. Хэрвээ улс төрийн тохиргоо өөрчилж, санал болгосон эрхмээсээ МАХН буцаачихгүй бол.

 

Р.Чингисийн "алдаа”

 

"Женко” группын охин компани болох "Баялагийн хувь”, "Түмэн хишигтэн” компаниудын үйл ажиллагаанд санхүүгийн шалгалт хийсэн.  Шалгалтаар Х.Баттулга гишүүний саатуулагдан шалгагдаж буй  туслахууд  эх үүсвэр нь тодорхойгүй 10 тэрбум төгрөгийг захиран зарцуулсан болох нь илэрснийг цагдаагийн байгууллагаас  өнгөрсөн долоо хоногт мэдээлэв.  Үүнтэй зэрэгцээд Р.Чингисийг албан тушаалаас нь чөлөөлөх саналыг Хуульзүйн сайд Д.Дорлигжав өргөн барьж, Засгийн газрын ээлжит хуралдаанд тусгуулахаар зүтгүүлэв.    Компанийн татвараас зугатсан эсэх асуудлыг хууль хяналтынхан шалгаж, мөрдөх нь тэдний үүрэг.  Басхүү үнэн зөвөө шалгуулан тогтоолгох нь Х.Баттулга гишүүний үүрэг.

 

Дээрх хоёр компанид санхүүгийн шалгалт оруулах үед УИХ-ын гишүүн Х.Баттулгын бүрэн эрхэд халдаж, баривчлах үйлдлээ зогсоохгүй бол ЦЕГ-ын  даргыг огцруулах асуудлыг Ерөнхий сайдад тавихаа Л.Эрдэнэчимэг нарын гишүүн мэдэгдсэн.  Хууль хүчнийхэн УИХ-ын гишүүний бүрэн эрхэд халдан баривчлаагүй, Төрийн ордны албан өрөө, өөрийнх нь гэрт ч нэгжлэг явуулаагүй, өөрийнх нь нэр бүхий охин компанид нь санхүүгийн шалгалт явуулсан.  Өнөөдөр Засгийн газрын ээлжит хуралдаанаар дахин Р.Чингисийг ажлаас нь чөлөөлөх асуудлыг оруулж, хэлэлцүүлэхээр Хуульзүйн сайд  Д.Дорлигжав зүтгүүлнэ. Х.Баттулгын компанид санхүүгийн шалгалт хийж, улмаар туслахуудынх нь хяналтгүй зарцуулсан 10 тэрбумыг албан хаагчдаараа шалгуулан илрүүлсэн нь Р.Чингисийн алдаа юу.  Хэрвээ Р.Чингисийг ЦЕГ-ын даргын албан тушаалаас огцруулах үндэслэл нь дээрх асуудал бол  улс төр эх захаа алдсаныг нийгэмд тодоор харуулж байх шиг.  Хэрвээ Р.Чингисийг албан тушаалаас нь огцруулж, дараагийн хүнийг томилохгүй бол МоАХ Засгаас  сайдуудаа татах дараагийн алхмаа хийж мэдэх.    Засгаа огцруулахаар Р.Чингисийн чөлөөлсөн  нь Засагт төдийгүй АН-д оновчтой хувилбар, уг нь. Гэхдээ хэрхэхийг улстөрийн шийдэл мэдэх биз ээ.

 

УИХ Цэцийн дүгнэлтийг хүлээж авах уу, буцаах уу?

 

Сонгуульд горилогчид  тойрогт нэр дэвших үү, намын жагсаалтад багтах уу гэдэг нь эхнээсээ тодроод байгаа энэ үед ҮХЦ-ийн дунд суудлын хуралдаанаар  пропорцианалийг хууль зөрчсөн гэх дүгнэлт гаргав. Энэ нь намын жагсаалтад багтах нь тодорхой болоод байгаа горилогчдыг түдгэлзүүлээд байна. Нэр бүхий иргэд Сонгуулийн нэгдсэн хуулийн 7 дугаар зүйл, 7.1 дэх заалт, 120 дугаар зүйл, 120.3 дахь заалт нь Үндсэн хуулийн 6.1, 21.3, 23.1 дэх зүйл, заалтуудыг зөрчсөн хэмээн үзэж гомдол гаргажээ. Өөрөөр хэлбэл сонгуулиар намын жагсаалтаар сонгогдог 28 мандат хууль зөрчиж, иргэдийн сонгох эрхэд халдсан гэж үзсэн байна.

 

ҮХЦ-ийн дунд суудлын хуралдаанд байнгын үйл ажиллагаатай парламенттай болсноос хойш нэг ч удаа өвдөг шороодолгүй, сонгогдож ирсэн  УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцанг УИХ  итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр томилон явуулжээ.  Гэвч хашир парламентчийн  "Үндсэн хуулийн холбогдох зүйл заалтуудад ард түмэн УИХ-ын гишүүнийг шууд сонгоно гэж заасан. Энэ нь иргэн УИХ-ын гишүүнийг хэн нэгнээр дамжуулахгүйгээр өөрөө сонгоно гэсэн үг. Тийм учраас Сонгуулийн хуулийн холбогдох зүйл, заалтууд Үндсэн хуулийн зөрчилгүй. Иргэний шууд сонгох эрхэд халдаагүй гэж үзэж байна” гэсэн тайлбар нэхэмжлэгч талын  "Үндсэн хуульд иргэнийг сонгоно гэж заасан. Ямар нэгэн байдлаар намыг сонгох талаар юу ч заагаагүй” үндэслэлийг давж чадсангүй, бүдэрчээ.  УИХ  энэ долоо хоногийн байнгын хороо, чуулганы хуралдаанаараа дээрх дүгнэлтийг хэлэлцэхээр төлөвлөсөн байна лээ. Хэрвээ уг дүгнэлтийг хүлээж авахгүй бол ҮХЦ их суудлын хуралдаанаараа дахин хэлэлцээд тогтоол гарна. Энэ тохиолдолд УИХ ҮХЦ-ийн тогтоол хэлэлцэх эрх байхгүй. Зөвхөн хэрэгжүүлэх л үлдэх юм.

 

 Ийнхүү  улстөр халуухан буцалсан өдрүүд үргэлжилж байна. УИХ-ын гишүүн Ц.Нямдоржийн хэлснээр "Бүрэн эрхийн үлдсэн цөөн хэд хоногийн хугацаандаа багахан шиг л гай тарихаарай” улс төрчид өө.

 

Shuud.mn      Н.Энх

скачать dle 12.0

Санал болгох

Сэтгэгдэл бичих

Сэтгэгдэл бичих

reload, if the code cannot be seen
Сэтгэгдэл бичих

0 сэтгэгдэл

»

Санал асуулга

Таксины үнийг эхний 1 км тутамд 1500, 2 км-ээс 1000 төгрөг болгож нэмсэн нь зөв үү?