Цэцийн дарга Ж.Амарсанааг огцруулах ёстой гэв
Үндсэн хуулийн цэцийн дарга Ж.Амарсанааг эргүүлэн татах эсэх асуудлыг ээлжит бус чуулганы хуралдаанаар хэлэлцэнэ. Намрын ээлжит чуулганы үеэр УИХ-ын даргын зүгээс яаралтай дэгийн дагуу оруулж ирсэн ч УИХ дахь МАН-ын бүлэг хоёр ч удаа завсарлага авсан учир ийнхүү хойшлуулаад байгаа юм. Харин өнөөдөр Цэцийн даргыг эргүүлэн татах ёстой гэсэн байр суурийг зарим иргэн илэрхийлж, Цэцийн гадна эксель машинтай ирж жагслаа. Тэд Цэцийн дарга Ж.Амарсанааг огцрох ёстой. Цэцийн дарга нь хууль зөрччихөөд өөрийгөө өмгөөлөөд сууж байгаа нь буруу хэмээн үзэж байгаагаа илэрхийлэв.
УИХ-ын дарга З.Энхболд Цэцийн даргыг хууль зөрчсөн хэмээн үзэж, албан тоотыг Улсын дээд шүүхэд хүргүүлжээ. Энэ дагуу Дээд шүүхээс түүнийг эргүүлэн татахыг зөвшөөрсөн. Уг асуудлыг маргааш байнгын хорооны хурлаар хэлэлцэж, улмаар чуулганы нэгдсэн хуралдаанд хэлэлцэн шийдвэрлэх юм. Цэцийн дарга Ж.Амарсанаагийн хувьд энэ шийдвэрийг хүлээн зөвшөөрөхгүй байгаагаа илэрхийлсээр байгаа. Тэрбээр хэлэхдээ "Үндсэн Хуулийн 65 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт "Үндсэн хуулийн цэцийн дарга, гишүүн хууль зөрчвөл Үндсэн хуулийн цэцийн шийдвэр, анх илгээсэн байгууллагын саналыг үндэслэн УИХ эргүүлэн татаж болно” гэсэн байдаг. Үүнээс үзэхэд Цэцийн есөн гишүүн хуралдаж шийдвэр гаргана. Дараа нь илгээсэн байгууллага буюу тухайлбал Улсын дээд шүүхийн нийт 25 шүүгч хуралдаж УИХ-д асуудлыг уламжилж өргөн мэдүүлэх журамтай” гэж буй.
Гэсэн ч хэлэлцэх асуудлын дараалалд орсны дагуу маргааш байнгын хороо, чуулганаар уг асуудлыг хэлэлцэх юм. УИХ-ын гишүүд түүнийг эргүүлэн татах эсэхийг шийдэх болж байна.