📅

Хэцүү “анги”-ийнхан

🕔 2016/02/16 09:55
Хэцүү “анги”-ийнханЭэлжит бус чуулганыг товлосон өдөртөө нээж чадсангүй. Байнгын үйл ажиллагаатай парламенттай болсноос хойшхи чуулганы нээлтийг эхлүүлж чадаагүй анхны тохиолдол. Тиймээс ч түүхийн шарласан хуудсанд маруухнаар тэмдэглэгдэн үлдэх нь, энэ үйлдэл. Энэ парламент ер нь зөвшилцөж, эв эе олохдоо тааруухан, коллегтивгүй нэг ангийнхантай зүйрлэмээр. Бүрэн эрхийн дөрвөн жилийн хугацааных нь сүүлийн он ирсэн энэ өдрүүдэд ч шөргөөлцөлдсөөр байна.

 

УИХ-ын дарга З.Энхболд ээлжит бус чуулганыг нээхээр өчигдөр үдээс өмнө гишүүдийг танхимд орж ирэхийг хүлээж, цахим хаягаараа ирц ямар байгаар мэдээлж байлаа. Тухайн өдрийн 10.50 цагийн үед түүний цахимд байршуулсан гэрэл зургаас харахад Р.Амаржаргал нарын тав зургаахан гишүүн чуулганы танхимд орж ирсэн байлаа. Сөрөг хүчин МАН болон бусад нам, эвслээс нэг ч гишүүн чуулганы танхимд орж ирээгүй.  Тиймээс ч спикер чуулганы хуралдаа ирэхийг уриалж байв.

 

Харин МАН-ын бүлгийн  энэ өдрийн 12.30 цагт хэвлэлийн хурал хийж,  "26 гишүүнээс 22 нь албан өрөөндөө байж байгаа. Эрх баригч хүчин АН-ынхан эрхээ эдэлж байгаа бол хариуцлагаа ухамсарлаж, чуулганы хуралдаанд ирэх хэрэгтэй. Бид АН-ын гишүүдийг чуулганы танхимд орж ирсны дараагаар бөөндөө орно” хэмээн сөргүүлэн мэдээлэв.  Цаашлаад "ээлжит бус чуулганыг зарлуулах шаардлага байгаагүй ч бид нээлтийг хийж асуудлыг хэлэлцээд явна. Намрын чуулганы 120 хоногийн хугацаанд хэлэлцэхээр төлөвлөсөн 24 асуудлаас 11-ыг нь шийдвэрлэсэн. Гэтэл ээлжит бус чуулганы 14 хоногийн  богино хугацаанд яаж 24 асуудлыг хэлэлцэж амжих вэ. Яаруу баталсан хууль улсны хөгжил хийгээд ард иргэдэд сөргөөр нөлөөлнө”  хэмээн гэдийх басахийн завсар мэдэгдэнэ лээ, МАН-ынхан.

 

Ээлжит бус чуулганаар хэлэлцэх асуудлын эхэнд ҮХЦ-ийн гишүүнийг эгүүлэн татах саналыг эцэслэн шийдвэрлэхээр төлөвлөсөн байсан. ҮХЦ-ийн дарга Ж.Амарсанааг эгүүлэн татах гэж байгааг МАН төдийгүй бие даагчид эсэргүүцэж,  цагаа олоогүй, хууль зөрчсөн үйлдэл  гэж үзэж байна лээ.

 

Дээрээс нь Засгийн газар ЭМС-ын сайдаа томилоогүй байгаа. Гэхдээ Засагт эвссэн "Шударга ёс” эвслийн зүгээс ЭМС-ын сайдыг томилохоосоо илүүтэй  Шадар сайдын суудалд МАХН-ын дарга Н.Энхбаярыг томилуулахаар тохироо явагдаж байгаа. Үүнийг МАН-ын бүлэг  үгээр бус үйлдлээрээ эсэргүүцэж байгаа гэж зарим эх сурвалж хэлж байсан.

 

Энэ мэт улс төрийн ороо бусгаа нөхцөл байдлын дунд УИХ-ын дарга, парламент ээлжит бус чуулганыг товлосон өдрөө нээж чадсангүй. Ээлжит бус чуулганыг ердийн буюу гишүүдийн 51 хувийн ирцтэйгээр эхлүүлдэг.

 

Парламент нь товлосон хугацаандаа чуулганаа нээж чадаагүй хариуцлагыг хэн хүлээх вэ. Хэрвээ нэг байгууллагын ажилчид тухайн өдрийн ажлаа тасалсан бол жижүүрээсээ эхлээд дарга нь хүртэл хариуцлага тооцуулж, донгодуулж байгаа. Харин парламентад  энэ мэт хариуцлага яаж үйлчилдэг бол. Гишүүн хуралдаандаа суухгүй, ирэхгүй байхад цалингаараа хасуулж, тануулалгүй авдаг. Магадгүй энэ нь УИХ-ын гишүүний халдашгүй  эрхтэй холбоотой байдаг ч юм уу, парламентад байгууллагын дотоод хууль буюу дэгд заагаагүй байдагтай холбоотой биз.

 

Парламентат засаглалтай манай улсын хувьд уг нь УИХ-ын дарга нэгдүгээр хүн байхаар. Гэхдээ Ерөнхийлөгчөө бүх ард түмнээсээ сонгодог болохоор УИХ-ын дарга хоёрдугаар хүн гэж явдаг. Гэвч парламентаар асуудал хэлэлцэж, нам бүлгүүд сөргөөцөлдөх үед УИХ-ын дарга гэдэг албан тушаал зүгээр нь хуралдаан зохион байгуулах үүрэг бүхий нэгэн болдог.  Ер нь УИХ-ын дарга гэдэг албан тушаалыг хэлэлцэж байгаа асуудал, үйл ажиллагаанаас шалтгаалаад заримдаа суга  дээш нь өргөөд заримдаа доош нь газарт буулган тайлбарлаад байдаг гэмтэй.   Ямартай ч ҮАБЗ-ийн  гурван гишүүний нэгийн хувьд хоёрдугаар хүн буюу төрийн өндөр дээд  албан тушаал гэдэгтэй хэн ч маргахгүй.

 

Ээлжит бус чуулганаа нээж чадаагүй Хоёрдугаар хүн хийгээд   бусад 75-д хариуцлага тооцъё энэ тэр гэж уриалга бус улиг болсон үгийг давтаад ч яах билээ, тэд тоох ч үгүй.

 

Тэгээд ч одоо  сонгогчид үгээр биш үйлдлээрээ хариуцлага тооцох цаг дөхөж байна,  тэр хүртэл тэвчээд харж байхаас даа.

 

Н.Энхбат

скачать dle 12.0

Санал болгох

Сэтгэгдэл бичих

Сэтгэгдэл бичих

reload, if the code cannot be seen
Сэтгэгдэл бичих

0 сэтгэгдэл

»

Санал асуулга

Таксины үнийг эхний 1 км тутамд 1500, 2 км-ээс 1000 төгрөг болгож нэмсэн нь зөв үү?