Сар шинийн босгон дээр гацсан Шадар сайдын тохироо
Эрх баригч АН-ынхан МАХН-ын дарга Н.Энхбаярыг Шадар сайд болгоно гэж тохирсон тухай тэр сүүлийн долоо хоногт өдөр бүр мэдэгдсээр байна.
Харин түүнийг Шадар сайд болгох үгүйн тухай УИХ-ын дарга, АН-ын дарга З.Энхболд, Ерөнхий сайд Ч.Сайханбилэг нарын зүгээс тоймтой юу ч хийгээгүй л байна. Засгийн газар уг асуудлаар хуралдаж, Ерөнхийлөгчтэй зөвшилцөөгүй, УИХ-д Шадар сайд томилуулах тухай хүсэлт орж ирээгүй учир ингэж дүгнэж болох мэт. Тэгээд ч УИХ-ын намрын чуулган маргааш хаагдах гэж байна.
Тэгвэл энэ хооронд Н.Энхбаярыг Шадар сайд болгохгүй байхад чиглэгдсэн гэмээр захидал гарч ирсэн. ЭМС-ын сайд асан, МАХН-ын генсек асан Г.Шийлэгдамба өөрийн ажлын өрөөнөөсөө "гардуулсан" гэх мөнгөний учрыг бичиж, улмаар "Цензургүй яриа” нэвтрүүлгээр ярьсан. "Н.Энхбаяр дарга намайг намд санхүүжилт олж ир гэж шахдаг байсан. Тэгээд л Осорын Даваасүрэн гэх "хуурай" ахаасаа санхүүжилт авсан. Эхний ээлжинд авсан 50 мянган ам.доллараа Н.Энхбаярт өгсөн" гэв.
Цаашлаад "үлдсэн 120 мянган ам.долларыг ч баригдаагүй байсан бол өгөх байсан. Намын дарга Н.Энхбаяр нүүр нүүрээ хараад суухад арай аваагүй гэж хэлэхгүй байлгүй дээ" гэсэн. Мөн Г.Шийлэгдамба "ах” улстөрчид нь өөрөөр нь хэрхэн "тоглоом, шоглоом” хийсэн тухай ч ярьсан. Тухайлбал Шадар сайд Ц.Оюунбаатар, одоо МХЕГ-ын даргын үүрэг гүйцэтгэгч болсон Ц.Шаравдорж нарын тухай тиймэрхүү зүйлс ярьсан билээ.
МАХН-ын дарга Н.Энхбаяр тэгвэл өчигдөр ТВ5 телевизийн "Монгол Улсаа хөгжүүлье" нэвтрүүлэгт оролцож "Би нэг ч төгрөг аваагүй. Гэхдээ би намын санхүүжилтийн мөнгийг цуглуулах ажлыг шахаж байсан нь үнэн. Намайг сонгуульд оролцуулахгүй гэж хэн нэгний үгээр худлаа ярьж байна" гэсэн хариулт өгөв.
Шадар сайд Ц.Оюунбаатар ч, Ц.Шаравдорж, бусад нөхдүүдийнх нь тайлбарлаж байгаагаар ч Г.Шийлэгдамба хэн нэгэн хүн, байгууллагын дарамт шахалтанд орж энэ бүх хэргийг өдөөгөөд байгаа гэх тайлбаруудыг хэлж байна. Тэгэхээр тэрхүү хэн нэгэн гээч л асуудлыг ийм хэмжээнд хүргэж. Харин Н.Энхбаяр ба МАХН-ынхан болоод Г.Шийлэгдамбын хэн нь буруутайг ялгаж салгахад ч хэцүүхэн боллоо.
АН-ынхан Н.Энхбаярыг Шадар сайд болоход дэмжинэ гэсэн тохироо эхлээд Ерөнхий сайд, Засгийн газрыг авч үлдэхэд зорилгоо чиглүүлжээ. Улмаар УИХ-ын дарга Үндсэн хууль зөрчсөн асуудлаар суудлаа өгөхөд хүрвэл түүнийг хамгаалахад чиглэсэн нь нэгэнт тодорхой боллоо. Мэдээж Г.Шийлэгдамын захидал бас түүнтэй холбоотой ярилцлага нь Н.Энхбаярыг Шадар сайд болгох асуудлыг түр хугацаагаар гацаагаад байна.
Энэ гацааг төрийн гурван өндөрлөг л зохицуулах ёстой. Одоохондоо уг асуудалд тэд санал нийлээгүй учир Н.Энхбаяр өөрөө л Шадар сайд болно гэж ярьж байгаа болохоос хамтрагчид нь ямар нэг байдлаар асуудлыг хөндөхгүй л байна. Тэгэхээр бичин жилийн Сар шинээс өмнө болон баярын дараа уг асуудал үргэлжлээд явах нь л тодорхой болж байна.
Г.Самбаа