📅

Эхлээд С.Ганбаатар, дараагийнх нь Н.Энхбаяр одоо хэн бэ

🕔 2016/02/03 14:13

Хүнсгүй цэргүүд, цус урсгалгүйгээр тулалддаг шатар гэх тоглоом манай улс төрд жинхэнэ утгаараа өрнөөд байна уу гэлтэй. Шатарт хожихын тулд бэрс, морь, тэрэг, тэмээг хамгийн түрүүнд тавцангаас зайлуулах хэрэгтэйг хүн бүр мэдэх байх. Мөн бэрс болохоор тэмүүлж буй хүүг саатуулах, шаардлагатай бол мөн унагах хэрэгтэй. Эцсийн эцэст тэр тавцанд хоёр бус нэг л ноён үлдэх хатуу дүрэмтэй. Тэгж байж л тоглоом дуусаж ялагч тодорно. Монголын улс төрийн ойрын түүхэнд Эвслийн Засгийн газар байгуулагдаж хоёр ноён төр барьсан түүх бий. Хэдийн ард түмэн УИХ-ын сонгуулиар тэднийг хамтад нь сонгосон ч тэд ажилласан дөрвөн жилээ бүтээн байгуулалт, бодлого шийдвэртээ бус өрсөлдөөн, рейтингдээ зориулсан гэхэд тийм том буруудахгүй болов уу. Ямартаа ч энэ оны УИХ-ын сонгуулийн өмнөх нүүдлүүд нэлээд хүчтэй өрнөж байна. Энэ бүх нүүдлийн цаана харын талын ноён байна уу эсвэл цагааны ноён байна уу гэдэг нь маш сонирхолтой.

"Босоо” Ганбаатар өвдөг шороодсон

Аман хэлбэрээр тархсан намтраар нь тодорхойлбол "Фэнгшүй”-г Монголд оруулж ирсэн, дараа нь лекц уншдаг байсан тэгээд тэмцэгч болсон. Удалгүй бие даан Дархан-Уул аймагт нэр дэвшиж, өндөр санал авч УИХ-д сонгогдсон. Иргэдээс авсан "Сант Марал” төвийн санал асуулгад одоогийн Ерөнхийлөгчийг ардаа орхиж чадсан. Мөн шилдэг улс төрч шалгаруулах нэлээд хэдэн санал асуулгад нэгт орсон, рейтинг өндөртэй яваа "босоо” улс төрч бол УИХ-ын гишүүн С.Ганбаатар. Тэрбээр Монголын улс төрд бие даагчийн байр суурьтай нэлээд хүчтэй тоглогч байснаа шинээр байгуулагдсан, ирэх сонгуульд нэлээд санал авах магадлалтай Хөдөлмөрийн үндэсний намд элссэн. Элсээд удаагүй байтал тус намын даргын тамга тэмдэг С.Ганбаатарт шилжсэн. ХҮН намын дарга болсон даруй даа тэрбээр ирэх оны Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшинэ гэдгээ албан ёсоор мэдэгдсэн. Ийн ХҮН намын дарга С.Ганбаатар  2016 онд үнэмлэхүй, 2017 онд хоёр дахь ялалтаа байгуулна хэмээн зарлаж эхэлсэн. Улс төр гэдэг хатуу тоглоомд ингэж алхам бүрт шат ахиж "Босоо” байна гэдэг хэцүү. Гэлээ ч С.Ганбаатар өвдөг шороодох хүртлээ "босоо” байж чадсан. Учир нь тэрбээр "Ийгл" телевизийн "Иргэний мэдээ" нэвтрүүлэгт оролцож, цаг үеийн асуудлаар ярилцсан. Сонирхолтой нь "Иргэний мэдээ” нэвтрүүлэг тэр өдрөөс эхлэн "Үнэнээ хэлэх мөч" хэмээх буланг эхлүүлсэн. Үнэндээ тэд цаг үеийн асуудлаас илүүтэй С.Ганбаатарын намтрын талаар ярилцсан. Энэ ярилцлагын дараа эрхэм гишүүний рейтинг нэлээд хүчтэй унасан гэхэд хилсдэхгүй.

"Нууцыг задруулсан захиа”

Өнгөрсөн сарын 28-нд Эрүүл мэнд, спортын дэд сайд, МАХН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга асан Г.Шийлэгдамба олон нийтэд гарчигласан ил захидал бичсэн. Үнэндээ энэхүү захидал МАХН-ын санхүүжилт болоод тус намын дарга Н.Энхбаярын тулган шаардалт, Шадар сайд Ц.Оюунбаатар өөрийг нь мэхлэсэн зэрэг "хөшиг”-ний цаана өрнөсөн улс төрийн амьдралын зарим үзэгдлийг илчилсэн "Нууцыг задруулсан захиа” байсан. Тодруулбал, Тэрбээр "Намын даргынхаа өгсөн үүрэг даалгаврын дагуу хуурай ах О.Даваасүрэнгээс 50.000 долларын дэмжлэг авч өнгөрсөн сарын арваннэгдүгээр сарын 4-нд Н.Энхбаярт МАХН-ын төв байран дахь өрөөнд нь оруулж өгсөн. Дараа нь  мөн О.Даваасүрэнгээс 120.000 доллар ЭМС-ын Яамны байранд аваад намын санхүүжилт болгон МАХН-ын дарга Н.Энхбаярт өгөхөөр тохиролцсон ч тус өдөртөө АТГ-ын албаны хүмүүст баривчлагдсан. Мөн Монгол Улсын Ерөнхий сайд Ч.Сайханбилэгт хандаж, Эрүүл мэнд, спортын сайдаас өөрийн хүсэлтээр чөлөөлөгдөх өргөдлийг өөрийн гараар бичээгүй. Шадар сайд Ц.Оюунбаатарын авчирсан бэлэн бичвэр дээр гарын үсэг зурсан. Энэ үеэрээ утга агуулгатай нь сайн танилцах цаг хугацаа, нөхцөл байгаагүй учир тухайн мөнгийг хувийн хэрэгцээндээ зориулж зээлсэн тухай бичсэн байсныг анзаараагүй” гэсэн юм.

Энэхүү ил захидалтай холбоотойгоор Монгол Улсын гурав дахь Ерөнхийлөгч асан, МАХН-ын дарга Н.Энхбаяр "Ийгл" телевизийн ярилцлагын нэвтрүүлэгт орох үеэрээ "Би тийм мөнгө Г.Шийлэгдамбаас аваагүй. Хэрэв тэр захиа үнэн бол туйлын харамсалтай. Манай Г.Шийлэгдамба шиг хүн арай тийм захиа бичих хүн биш. Хуурамч захиа байх. Эсвэл маш их сэтгэл санааны хүнд дарамтад орсон байх" гэсэн хариулт өгсөн юм. Харин уржигдар "Цензургүй яриа” нэвтрүүлэгт орох үеэрээ Г.Шийлэгдамба "Нууцыг задруулсан захиа”-г өөрийн гараараа бичсэн, уг захидалд бичсэн бүхэн үнэн гэдгээ хэлсэн. Ийн ирэх онд болох Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөхөд боломжийн рейтингтэй, урьд нь ерөнхийлөгч байсан хүн "шатар”-ын талбараас хөндийрөх шинжтэй болчихлоо. Мөн хоморгод нь МАХН-аас тодорч буй улс төрийн лидер багтчихлаа.

Дараагийн нүүдэл хэн рүү чиглэх вэ

Эхэнд дурьдсан хоёр улс төрчийг энэ нийтлэлд өмөөрөх гэсэнгүй. Гол нь УИХ-ын сонгууль хаяанд ирсэн энэ цаг үед монголын улс төрийн гурав, дөрөв дэх том хүчин   рүү чиглэсэн "шаг”, "мад” анхаарал татлаа. Мөн эдгээр хүчний удирдагчид ирэх жилийн Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд чансаа дээгүүр бичигдэхээр улс төрчид. Харин аль талын ноён эдгээр нүүдлийг хийгээд байна мөн тэр ноёны дараагийн нүүдэл хэн рүү, хаашаа чиглэх вэ.

Ч.Сүх


скачать dle 12.0

Санал болгох

Сэтгэгдэл бичих

Сэтгэгдэл бичих

reload, if the code cannot be seen
Сэтгэгдэл бичих

0 сэтгэгдэл

»

Санал асуулга

Таксины үнийг эхний 1 км тутамд 1500, 2 км-ээс 1000 төгрөг болгож нэмсэн нь зөв үү?