📅

С.Ган-Эрдэнэ: Голомт банкны хувьцаа өндөр эрэлттэй байна

🕔 2022/11/22 17:50

Голомт банк нийт хувьцааныхаа 10.09 хувьтай тэнцэх хэмжээний хувьцааг нэгжийг нь 1285 төгрөгөөр олон нийтэд санал болгож нийт 103.3 тэрбум төгрөгийг татан төвлөрүүлэхээр ажиллаж байна.

Энэ нь Монголын хөрөнгийн зах зээлд өнөөдрийг хүртэл гарсан хамгийн том дүнтэй IPO болж байгаа юм. Голомт банкийг олон нийтэд хувьцаагаа санал болгоход нь андеррайтераар ажиллаж буй Голомт капитал ҮЦК ХХК-ийн Гүйцэтгэх захирал С.Ган-Эрдэнэтэй тус IPO-ын талаар ярилцлаа.

 С.Ган-Эрдэнэ: Голомт банкны хувьцаа өндөр эрэлттэй байна

Голомт банк нь Монголын хөрөнгийн зах зээлийн түүхэнд урьд өмнө гарч байгаагүй том дүнтэй IPO-г хийж байна. Энэ хэрээр Монголын  хөрөнгийн зах зээл тэлэх нь тодорхой юм?

Тийм шүү. Голомт банк IPO хийснээр МХБ-д бүртгэлтэй компаниудын нийт зах зээлийн үнэлгээ 20 орчим хувиар буюу 1 их наяд төгрөгөөр нэмэгдэнэ. Системийн ач холбогдол бүхий таван банк IPO хийж дуусахад хувьцаат компаниудын зах зээлийн үнэлгээ 10 их наяд төгрөгт хүрч хоёр дахин нэмэгдэнэ гэсэн хүлээлттэй байна.

Өөрөөр хэлбэл, банкнууд IPO хийснээр Монголын хөрөнгийн зах зээлийн тэлэлтийн шинэ түүхийг бичиж байна гэж хэлж болно.

Хөрөнгө оруулагчид тухайн компанийнхаа ирээдүйн ашиг, санхүүгийн өсөлтөд хөрөнгө оруулдаг. Иргэдийн хувьд ч банкны салбарын ирээдүйд итгэл төгс байх шиг байна. Андеррайтер компанийн хувьд Голомт банкны ирээдүйг юу гэж харж байна вэ?

Монгол Улсын банкны салбар нь бусад салбартайгаа харьцуулахад өндөр өсөлттэй байдаг. Тоогоор илэрхийлбэл, сүүлийн 10 жилд банкны салбарын нийт актив хөрөнгө 6.6 дахин өсөж 41 их наяд төгрөгт хүрсэн.

Үүнийг манай улсын нийт эдийн засгийн өсөлттэй харьцуулахад 1.5 дахин хурдтай байна гэсэн үг юм. Тэр дундаас Голомт банкны өсөлтийг авч үзвэл 2017 онд нийт хөрөнгийн хэмжээ нь 5.2 их наяд төгрөг байсан 2021 оны байдлаар 8 их наяд төгрөгт хүрсэн.

Он гарснаас хойш буюу 2022 оны гуравдугаар улирлын байдлаар 8.5 их наяд төгрөгт хүрсэн нь тогтвортой, амжилттай өсөлттэй явааг илтгэж байгаа юм. Банкны салбарын энэ хурдацтай тэлэлт, өсөлт нь цаашдаа ч үргэлжлэх болно.

Өнөөдөр банкны салбарын нийт активын хэмжээ нь Монгол Улсын ДНБ-ний 95 хувьтай тэнцэж байна. БНХАУ гэх мэт Азийн хөгжиж буй бусад улсад энэ харьцаа 200-300 хувь байдаг. Тэгэхээр, манай улсын банкны салбарт өсөх, тэлэх асар том орон зай бий. Иргэд Голомт банкны хувьцааны өгөөж, ногдол ашгийн хэмжээг ихээхэн сонирхож байна?

Голомт банк ногдол ашгийнхаа бодлогыг үнэт цаасны танилцуулгадаа маш тодорхой бичсэн. Өөрөөр хэлбэл, дунд хугацаанд буюу 2024-2025 оноос ногдол ашиг тарааж эхлэнэ.

Голомт банк 103 тэрбум төгрөгийн IPO хийснээр банкны харьцаа үзүүлэлтэд маш их эерэг нөлөө гарах юм. Тухайлбал, өөрийн хөрөнгө нэмэгдсэнээр 800 тэрбум төгрөгийн зээл гаргах боломж бүрдэнэ.

Иргэд, ААН-үүдэд олгох зээлийн хэмжээ нэмэгдсэнээр тухайн салбартаа эерэг үр дүн авчирна. Улмаар Монгол Улсын эдийн засаг идэвхжих юм. Мэдээж, зээл олголтыг дагаад банкны ашиг нэмэгдэх болно.

Тийм ч учраас Голомт Капиталын зүгээс харилцагчдадаа ногдол ашгаас хүртэх өгөөжөө урт хугацаанд харж, хөрөнгө оруулах хэрэгтэйг байнга зөвлөж байгаа.

Андеррайтеруудын зүгээс Голомт банкны хувьцаа нь урт хугацаандаа үнэ цэнтэй, өндөр өсөлттэй хөрөнгө оруулалт болно гэдэгт итгэл төгс байна. Мөн хөрөнгө оруулагчдын хувьд хувьцааны арилжааны ханшийн өөрчлөлтөөс ашиг хийх боломж бий.

Учир нь банкны салбар бол дэлхийн жишигт ч хамгийн бага ханшийн савлагаатай,  ногдол ашиг нь ч харьцангуй тогтвортой, хувьцааны ханш нь алгуур өсөх хандлагатай байдгаараа онцлотой юм.

Энэ ч утгаараа олон нийтэд санал болгож байгаа хувьцааны 80 хувийг стратегийн буюу урт хугацаанд хувьцаагаа хадгалах хөрөнгө оруулагчдад санал болгож байна.

Голомт банк IPO хийх зөвшөөрлөө авснаас хойш хөрөнгийн зах зээл “буцалж” байна. Одоогоор урьдчилсан захиалгын явц ямар байна вэ? Андеррайтерийн хувьд IPO хэр амжилттай болно гэсэн хүлээлттэй байна вэ?

IPO хийсний дараах Голомт банкны өөрийн хөрөнгөтэй нь IPO-ын үнэлгээг харьцуулсан P/B харьцаа нь 1.15Х байгаа юм. МХБ-ийн Топ-20 компанийн хувьд энэ харьцаа 2021 оны төгсгөлөөр 3.05Х байсан бол Азийн бусад хөгжиж буй орнуудын банкнуудынх 1.1-2.6Х байна.

Өөрөөр хэлбэл, Голомт банкны шинэ хөрөнгө оруулагчид одоогийн хувьцаа эзэмшигчидтэй ойролцоо үнээр буюу харьцангуй хямдаар хувьцаа эзэмших боломжтой.

Энэ боломжийг зах зээл маш мэдрэг хүлээн авч байна. Road show буюу албан ёсны сурталчилгаа эхэлсэн эхний өдөртөө л урьдчилсан захиалга 100 хувь даваад байна. Энэ нь Голомт банкны хувьцаа өндөр эрэлттэй байгааг харуулж байгаа юм.

Тэгэхээр, захиалга давж биелэх нь тодорхой боллоо. Тиймээс стратегийн бус хөрөнгө оруулагчдад хувь тэнцүүлэх зарчмаар хуваарилалт хийх тул захиалга нь 100 хувь биелэх боломжгүй гэдгийг мэдэж байх нь чухал юм. Одоогоор ямар хэмжээгээр хувь тэнцүүлэх вэ гэдгийг хэлэхэд арай эрт байна.

 С.Ган-Эрдэнэ: Голомт банкны хувьцаа өндөр эрэлттэй байна

Тэгэхээр бүх захиалга биелэхгүй байх магадлалтай, хувьцаагүй үлдэнэ гэсэн үг үү. Хувь тэнцүүлнэ гэдгийг тайлбарлаж өгөөч?

Голомт банкны IPO-ийн 80 хувийг стратегийн буюу илүү урт хугацааны хөрөнгө оруулагчдад санал болгож байгаа. Үлдсэн 20 хувийг жижиглэнгийн хөрөнгө оруулагчдад санал болгож байгаа юм.

Тэгэхээр захиалга хэр давахаас хамаарч хувь тэнцүүлэх агаар хувьцааг хөрөнгө оруулагчдад тэгш хувиарлах юм.

Жишээлбэл, нийт 140 тэрбум төгрөгийн захиалга ирлээ гэж тооцоход олон нийтийн захиалга ойролцоогоор 30 хувиар биелнэ. Өөрөөр хэлбэл 10 сая төгрөгийн захиалга өгсөн хөрөнгө оруулагч ойролцоогоор 3.3 сая төгрөгтэй тэнцэх хэмжээний хувьцааг анхдагч зах зээлээс авна гэсэн үг.

Гэхдээ хөрөнгө оруулагчдын хувьд хоёрдогч зах зээл дээрээс нэмж хувьцаа худалдан авах, анхдагч зах зээлээс авсан хувьцаагаа зарах бүрэн боломж бий.

Компанийн засаглалын хувьд IPO хийсний дараа Голомт банкны хувьцаа эзэмшигчдийн эзэмшил болон бүтцэд ямар өөрчлөлт гарах бол?

Голомт банк нь үүсэн байгуулагдсан цагаасаа жижиг хувьцаа эзэмшигчдийнхээ эрх ашгийг хамгаалж, засаглал дахь оролцоог нь чухалчилж ирснийг онцлох хэрэгтэй. Одоогоор Голомт банкны 13 хувийг жижиг хувьцаа эзэмшигчид эзэмшдэг бөгөөд ТУЗ-ийн бүрэлдэхүүнд 2 төлөөлөл нь бий.

IPO хийгдсэний дараа жижиг хувьцаа эзэмшигчдийн эзлэх дүн 20 гаруй хувь болж өснө. Банкны тухай хуулинд зааснаар ирээдүйд нэг хувьцаа эзэмшигч банкны 20 хүртэлх хувийг эзэмшдэг болно.

Тэгэхээр цаашид хуулийн хүрээнд хувьцааны төвлөрөл багасах болно. Энэ нь зөвхөн банкнуудын гэлтгүй Монголын бизнесийн салбарт засаглалын тогтвортой, эрүүл жишиг болж, эерэг нөлөө үзүүлнэ гэдэгт итгэлтэй байна.

Банкны салбар нь өдөр бүр тайлан гаргаж Монголбанканд хянуулдаг хариуцлага өндөртэй бизнес. Үүнээс гадна Голомт банк жил бүр дэлхийн топ 4-т багтдаг шилдэг аудитын компаниудаар аудит хийлгэдэг. IPO хийснээр хувьцаа эзэмшигчид давхар хяналтаа тогтооно зэрэг өндөр ач холбогдолтой юм. 

 С.Ган-Эрдэнэ: Голомт банкны хувьцаа өндөр эрэлттэй байна

Голомт банкны IPO үндсэн захиалга авах хугацаа ойртож байна.  Үндсэн, болон урьдчилсан захиалгаа хэрхэн өгөхөө мэдэхгүй байгаа хүмүүс хаашаа хандах вэ?

Мэдээллийн технологийн ололт амжилтуудыг хөрөнгийн зах зээлд нэвтрүүлснээр  хөрөнгө оруулалт хийх нь өдрөөс өдөрт хялбархан, ухаалаг болж байна.

Голомт Банкны IPO-д оролцох маш олон боломж, ухаалаг шийдэл бий. Голомт банкны IPO-д хамгийн хялбараар оролцох боломж бол https://trader.golomtcapital.com/mn/public/golomtbankipo хаягаар хандаад дансаа нээж, захиалга өгөх юм.

Бидний хувьд Монголын хамгийн анхны онлайн арилжааны системийг нэвтрүүлж байсан туршлагатай. Тиймээс улам сайжруулж хөгжүүлсэн онлайн арилжааны www.trader.golomtcapital.com сайт болон гар утасны Golomt Capital аппликэйшнээрээ иргэдэд үйлчилж байна. Харилцагчид маань шууд эдгээр платформоо ашиглаад захиалгаа өгөх боломжтой.  

Мөн www.egolomt.mn, Social Pay аппликэйшн, Голомт Капитал компанийн байранд ирээд дансаа үнэгүй нээлгээд, хувьцаагаа захиалах боломжтой.

Манай компанийн хувьд  илүү олон хүнийг Голомт банкны хувьцааг эзэмшигч болоосой гэсэн үүднээс хамгийн бага буюу 0.56 хувийн шимтгэлтэйгээр үйлчилж байгаагаа дуулгахдаа баяртай байна.

Мөн та хувьцааны талаарх дэлгэрэнгүй мэдээллийг www.ipo.golomtbank.com вэбсайтаас авахаас гадна Голомт банкны 1800-1646 болон Голомт Капитал компанийн 7012-1530 дугаарын утсанд холбогдож авах боломжтой.

Баярлалаа. Та бүхний ажилд амжилт хүсье.

 С.Ган-Эрдэнэ: Голомт банкны хувьцаа өндөр эрэлттэй байна

скачать dle 12.0

Санал болгох

Сэтгэгдэл бичих

Сэтгэгдэл бичих

reload, if the code cannot be seen
Сэтгэгдэл бичих

0 сэтгэгдэл

»

Санал асуулга

Таксины үнийг эхний 1 км тутамд 1500, 2 км-ээс 1000 төгрөг болгож нэмсэн нь зөв үү?