📅

2022 оны улсын төсвийг эцэслэн баталлаа

🕔 2021/11/12 14:19

Монгол Улсын 2022 оны нэгдсэн төсвийн нийт орлого 16.4 их наяд төгрөг, нэгдсэн төсвийн нийт зарлага 18.2 их наяд төгрөг байхаар УИХ-аас батлав.
Ингэснээр төсвийн тэнцвэржүүлсэн алдагдал 2.4 их наяд төгрөг буюу ДНБ-ний 5.1 хувьд хүрч, эдийн засаг 5 хувиар өсөхөөр байгаа юм.
Тодруулбал, УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаанаар Монгол Улсын 2022 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2022 оны төсвийн тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2022 оны төсвийн тухай, Ирээдүйн өв сангийн 2022 оны төсвийн тухай хуулийн төслийн дөрөв дэх хэлэлцүүлгийг хийсэн юм.
Төр зардлаа танаж, цомхон чадварлаг бүтцээр ажиллах, төрийн үйлчилгээний санхүүжилтийн механизмыг өөрчлөх замаар боловсрол, эрүүл мэндийн үйлчилгээний чанар хүртээмжийг сайжруулах, халамжийг цэгцэлж хөдөлмөр эрхлэх боломжийг нэмэгдүүлэх, ирээдүйн өв сангийн өгөөжийг нэмэх, хотын түгжрэлийг бууруулах зэрэг томоохон зорилт тавьсан байна. Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, нийгмийн хэв журмыг сахиулах, улсын онц чухал обьектын хэвийн ажиллагааг хангах, халдлагаас урьдчилан сэргийлэх, хамгаалалтын дэглэм журмыг сахиулах, хил хамгааллын чадавхыг бэхжүүлэх төсвийг тооцжээ. Мөн согтуурах, мансуурах донтой өвчтөнийг албадан эмчлэх, албадан хөдөлмөр хийлгэх, хорихоос өөр төрлийн ял эдлүүлэхэд цахим гав нэвтрүүлэх, цахим виз олгох, экологийн шинжээч ажиллуулж, хүрээлэн байгаа орчны эсрэг гэмт үйлдлийн байгаль орчинд учирсан хохирлыг шинжлэн тогтоох зэрэг нийгмийн харилцааг зохицуулах төсвийг тусгажээ. Түүнчлэн шүүх эрх мэдлийн бие даасан байдлыг бэхжүүлэх, шүүгчийг албан тушаалаас нь түдгэлзүүлэх, огцруулах болон сахилгын бусад шийтгэл оногдуулах чиг үүрэг бүхий Шүүхийн сахилгын хороог бие даан ажиллуулах, шүүхийн сургалт, судалгаа, мэдээллийн хүрээлэнг байгуулах, шүүхийн үйлчилгээг иргэнд хүртээмжтэй хүргэхэд чиглэсэн байдлаар төсвийг санхүүжүүлэхээр тооцсон байна. Дээрх бодлогын үр дүнд Монгол Улсын 2022 оны нэгдсэн төсвийн нийт орлого 16.4 их наяд төгрөг, нэгдсэн төсвийн нийт зарлага 18.2 их наяд төгрөг, төсвийн тэнцвэржүүлсэн алдагдал 2.4 их наяд төгрөг буюу ДНБ-ний 5.1 хувьд хүрч, эдийн засаг 5 хувиар өсөхөөр Засгийн газар төсөөлжээ.
Ташрамд дурдахад, Засгийн газраас хэрэгжүүлж буй “Эрүүл мэндээ хамгаалж, эдийн засгаа сэргээх 10 их наядын цогц төлөвлөгөө”-ний  хүрээнд олгож буй гурван хувийн зээлийн хэмжээ ирэх онд 91 тэрбум төгрөгөөр буурна гэдгийг УИХ-ын гишүүн Д.Тогтохсүрэн өчигдөр болсон чуулганы үеэр мэдээлж байв. Учир нь ирэх төсөв хэлэлцэх үед УИХ-ын гишүүд 91 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт, их засвар, тоног төхөөрөмжийн асуудлыг шийдвэрлэх санал гарсан байна. Энэ эх үүсвэрийг зээлийн хүүгийн татаасаар арилжааны банкуудад олгох хөрөнгөөс гаргахаар шийдвэрлэсэн гэсэн юм.

УИХ гурван чиглэлээр хяналт, шалгалт хийдэг байсныг долоо болгон нэмэгдүүлнэ 

Үргэлжлүүлэн УИХ-ын хяналт шалгалтын тухай хуулийн анхны хэлэлцүүлгийг хийж байна. 
Хуулийн төслийн талаар УИХ-ын гишүүн С.Бямбацогт "Өмнө нь УИХ-ын хяналт шалгалтын хүрээнд гишүүд асуулт асуух, асуулга тавих, тайлан мэдээлэл сонсох гэдэг гурван хэлбэртэй байсан. Тэгвэл одоо үүн дээр нэмэгдээд хууль тогтоомжийн хэрэгжилт, үр дагаварт үнэлгээ хийх, төсвийн хяналт тавих, хяналтын сонсгол хийх, хянан шалгах түр хороо байгуулах зэрэг дөрвөн хяналтыг УИХ-аас тавьдаг болж байна.
Үүний нэг хэлбэр нь тайлан, мэдээлэл сонсох. Өмнө нь бид Засгийн газрын үйл ажиллагааны биелэлт, төсвийн гүйцэтгэл, жил бүрийн үндсэн чиглэлийн биелэлт зэргийг хэлэлцдэг. Гэвч эдгээр нь хоорондоо уялдаа холбоогүй байсан. Хөгжлийн төлөвлөлтийн бичиг баримтын таван үндсэн зорилт болох Улсын хөгжлийн жилийн төлөвлөгөө, Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр, Хөгжлийн таван жилийн үндсэн чиглэл, Монгол Улсын дунд хугацааны хөгжлийн долоон зорилт, Урт хугацааны алсын хараа гэсэн таван бодлогын уялдаа холбоог хэрхэн хангаж байгаад УИХ хяналт тавина" гэдэг мэдээлэл өглөө. 
скачать dle 12.0

Санал болгох

Сэтгэгдэл бичих

Сэтгэгдэл бичих

reload, if the code cannot be seen
Сэтгэгдэл бичих

0 сэтгэгдэл

»

Санал асуулга

Таксины үнийг эхний 1 км тутамд 1500, 2 км-ээс 1000 төгрөг болгож нэмсэн нь зөв үү?