2028 оны сонгуульд Т.Баярхүү хүч үзэхээ мэдэгдэв
“Хамтын сонголт” намаас өчигдөр хэвлэлийн бага хурал зохион байгуулж, намынхаа үзэл баримтлал, үйл ажиллагааны чиглэл болон “Шинэ мөнгөний бодлого” хэмээн нэрлэсэн эдийн засгийн бодлогын саналаа танилцууллаа. Тус намаас 2028 оны сонгуульд намын зөвлөлийн дарга Т.Баярхүү оролцохыг мэдэгдлээ.
Энэ үеэр “Хамтын сонголт” намын зөвлөлийн дарга Т.Баярхүү “Шинэ мөнгөний бодлого”-ын үндсэн зорилтуудаа танилцуулсан юм. Түүний хэлснээр банкны зээлийн хүүгийн өнөөгийн тогтолцоог өөрчилж, санхүүжилтийн шимтгэл, үйлчилгээний төлбөрийг хоёр хувиас хэтрүүлэхгүй байх зарчим баримтлах аж. Мөн аж ахуйн нэгж болон иргэдийн бизнесийн ашгийн татварын дээд хэмжээг арван хувиар тогтоох, иргэдийн орлогыг нэмэгдүүлэх бодлого хэрэгжүүлэхээр тусгажээ. Түүнчлэн эрчим хүч, дулаан, хүнс зэрэг өргөн хэрэглээний бүтээгдэхүүний үнийн өсөлтийг тогтворжуулах, төгрөгийн ханшийг гадаад валютын эсрэг тогтвортой хадгалах асуудлыг бодлогынхоо хүрээнд дэвшүүлжээ.
Намын төлөөллүүд өнөөгийн эдийн засгийн нөхцөл байдал, мөнгөний бодлого, банкны зээлийн тогтолцоотой холбоотой асуудлууд иргэдийн амьжиргаанд шууд нөлөөлж буйг хэллээ. Тэд жижиг, дунд бизнес эрхлэгчид, залуу гэр бүлүүд, оюутнууд болон ахмад настнуудын дунд өр, зээлийн дарамт нэмэгдэж буйг онцолж, эдийн засгийн бодлого боловсруулахдаа өрхийн түвшний нөхцөл байдлыг илүү анхаарах шаардлагатай гэж үзэж байгаагаа хэлсэн юм.
Тус намын зөвлөлийн гишүүн Б.Жагар “Бага хүүтэй санхүүжилт авах боломж зөвхөн өндөр албан тушаалтнууд болон томоохон бизнес эрхлэгчдэд илүү нээлттэй байдаг. Харин жирийн иргэд өндөр хүүтэй зээлийн дарамтад өртөж байна. Орон сууц, автомашин, сургалтын төлбөр, цалингийн болон тэтгэврийн зээл зэрэг өрхийн санхүүтэй холбоотой ихэнх хэрэгцээт зээл өндөр хүүтэйгээр шийдэгдэж байгаа нь иргэдэд хуримтлал үүсгэх боломжийг хязгаарлаж байна” гэсэн юм.
“Хамтын сонголт” намын зүгээс цаашид “Шинэ мөнгөний бодлого”-оо олон нийтэд танилцуулж, эдийн засгийн шинэчлэлтэй холбоотой саналаа төрийн байгууллагууд болон улс төрийн намуудад хүргүүлэн ажиллахаа мэдэгдлээ.
























































































