📅

Газрын тосны нийлүүлэлтийн асуудал бүх зүйлийг хамарсан хямрал болон хувирч байна

🕔 2026/04/09 17:54

Газрын тосны нийлүүлэлтийн асуудал бүх зүйлийг хамарсан хямрал болон хувирч байна

 

Иран дахь дайн эхлээд нэг сар өнгөрлөө. Энэ хугацаанд газрын тосны хямрал даамжирч,  бүх зүйлийг хамарсан хямрал болон хувирч эхлэв.

Ойрх Дорнодын мөргөлдөөнөөс болж Ормузын хоолойгоор дамжих газрын тос болон байгалийн хийн урсгал саатаж, дэлхийн нийт нийлүүлэлт тавны нэг орчим хувиар буурсан. Энэ асуудал нь дэлхий даяар шатахууны үнийг огцом өсгөөд зогсохгүй, гутал, хувцас, гялгар уут зэрэг өдөр тутмын эд зүйлсийг хийхэд ашигладаг газрын тосны бүтээгдэхүүний нийлүүлэлтэд нөлөөлж байна.

Хуванцар, давирхай, полиэстер зэрэг материалын үнэ өссөөр байгаа тул энэхүү хүндрэл одоо хэрэглээний зах зээлийн өнцөг булан бүрд тархаж байна. Энэ нөлөө одоогоор Ази тивд хамгийн тод ажиглагдаж байгаа юм. Азийн бүс нутаг нь дэлхийн үйлдвэрлэлийн талаас илүү хувийг хийдэг учир газрын тос болон бусад түүхий эдийн импортоос ихээхэн хамааралтай байдаг.

Ираны дайны улмаас БНСУ-д хүмүүс сандран хогийн уутыг олноор нь худалдаж авах болжээ. Иймд Засгийн газар нь арга хэмжээ зохион байгуулагчдыг нэг удаагийн хэрэгслийн хэрэглээг багасгахыг уриалсан байна. Тайваньд хуванцар нь дууссан үйлдвэрлэгчид холбогдох дугаар гаргажээ. Мөн тус улсын будаа тариалагчид ургацаа вакумлах уут олдохгүй байгаа тул үнээ нэмж магадгүй болсон аж.

Японд газрын тосны хямралын улмаас бөөрний архаг дутагдалтай өвчтөнүүд хемодиализийн аппаратад ашигладаг хуванцар гуурс олдохоо байж, эмчилгээ хийлгэж чадахгүйд хүрэх вий гэсэн айдастай болжээ. Малайзын бээлий үйлдвэрлэгчид латекс хийхэд шаардлагатай газрын тосны дайвар бүтээгдэхүүн дутагдаж байна гэж мэдэгдсэн юм. Энэ нь дэлхийн эмнэлгийн бээлийний нийлүүлэлтэд аюул учруулж байна гэж тэд анхааруулжээ.

Азид олон улсын компаниуд бизнесээ өргөжүүлэхэд тусалдаг "Dezan Shira & Associates" зөвлөх компанийн бизнесийн мэдээллийн хэлтсийн дарга Дэн Мартин “Ираны дайн пиво, гоймон, чипс, тоглоом, гоо сайхны бүтээгдэхүүн гэх мэт бүх зүйлд маш хурдан нөлөөлж байна” гэсэн юм.

Учир нь, хуванцар таг, хайрцаг, уут, сав суулга зэргийг үйлдвэрлэхэд ашигладаг түүхий эдийг худалдаж авахад улам хэцүү болж байна. Мөн гутал, тавилга, цавуу, машин механизмын үйлдвэрлэлийн тосолгооны материал, будаг болон цэвэрлэгээний ажилд ашигладаг бодисуудыг үйлдвэрлэхэд газрын тосны дайвар бүтээгдэхүүн шаардлагатай байдаг гэж Дэн хэлжээ.

Зургийн эх сурвалж: Flexi Pack

Тэр “Газрын тосны хямрал, тээвэрлэлтийн саатал нь нефтийн бүтээгдэхүүн болон хэрэглээний бараа бүтээгдэхүүн рүү маш хурдан шилжиж байна” гэсэн байна.

Түүхий эд болон үйлдвэрлэлийн салбарт тулгараад буй энэхүү асуудал нь дэлхий даяар инфляцыг өсгөж, эдийн засгийн өсөлтийг хязгаарлах болсон. Үйлдвэрлэгчид эрчим хүч, түүхий эддээ илүү их мөнгө зарцуулж байгаа нь ашгийн хэмжээг бууруулж, хэрэглэгчдэд очих үнийг нэмэгдүүлж эхэллээ. Шатахууны хомсдол нь аялал жуулчлал, логистикийн салбарт сөргөөр нөлөөлж байна. Ойрх Дорнодоос ирдэг бордоо, гель зэрэг материалын нийлүүлэлт татарсан нь хүнс, цахилгаан барааны үнэ өсөхөд хүргэнэ.

Олон улсын валютын сан өнгөрсөн долоо хоногт мэдэгдэл хийхдээ “Олон орны эдийн засаг гэнэтийн цохилтыг тэсвэрлэх чадвар сул байгаа энэ үед ийм цогц хүндрэлүүд бидэнтэй тулгарлаа. Дайн дэлхийн эдийн засагт өөр өөр замаар нөлөөлж болно. Гэхдээ бүх зам хэрэглээний үнэ өсөж, эдийн засгийн өсөлтийг сааруулахаар харагдаж байна” гэжээ.

Нийлүүлэлтийн хомсдол өргөжиж байгаагийн гол шалтгаан нь газрын тосны дайвар бүтээгдэхүүн болох нафтагийн дутагдал юм. Нафта нь синтетик материал үйлдвэрлэхэд хамгийн чухал түүхий эд болж өгдөг. Дэлхий даяар үйлдвэрлэгчдэд нафтагийн нөөц шавхарч байгаагаас гадна, үүнийг орлуулах өөр түүхий байхгүй байна.

Нафтагийн нийлүүлэлтийн талаас илүү хувийг Ойрх Дорнодоос авдаг Азийн зарим компаниуд түүхий эд дутагдсаны улмаас сүүлийн долоо хоногуудад үйлдвэрийн гарцаа бууруулжээ. Мөн зарим компани давагдашгүй нөхцөл байдал (force majeure) үүслээ хэмээн зарласан байна. Давагдашгүй хүчин зүйл гэдэг нь тухайн компанийг гэрээний үүргээ биелүүлэх боломжгүй болгох, урьдчилан таамаглах боломжгүй нөхцөл байдлыг хэлдэг.

АНУ ОХУ-ын газрын тосны экспортод тавьсан хоригоо түр хугацаагаар зогсоосныг ашиглан БНСУ Оросоос нафта худалдаж авчээ. Энэ нь Украйны дайн эхэлснээс хойш Сөүл анх удаа Москвагаас нафта худалдан авсан тохиолдол болсон. Мөн Сөүл дотоодын нийлүүлэлтээ хамгаалахын тулд нафтаг гадагшаа экспортлохыг хориглосон юм.

"Dezan Shira & Associates"-ийн Дэн хэлэхдээ, нафтагийн хомсдол нь хагас дамжуулагч, авто машины эд анги, эмнэлгийн болон хүнсний зориулалттай баглаа боодол зэрэг нарийн стандартын бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг үйлчлүүлэгчдийнх нь зардлыг нэмэгдүүлж байна гэв. Тэр "Компаниудад үйлдвэрлэлээ багасгах, эрчим хүчний хэрэглээгээ танахаас өөр арга бараг байхгүй. Бүх компани түүний эд нөөцлөхөөр хоорондоо өрсөлдөж болсон. Хүн бүр яг адилхан хэцүү нөхцөл байдалд байна" хэмээжээ.

Үйлдвэрлэгчид түүхий эдээ олж авахаар уралдаж байгаа тул хуванцар болон хуванцар агуулсан бүтээгдэхүүний үнэ өсөж байгаа юм. Түүхий эдийн зах зээл судалдаг “ICIS” фирм мэдээлэхдээ АНУ болон Израил Иранд анх агаарын цохилт өгснөөс хойш Ази дахь хуванцар давирхайн үнэ 59 хувь хүртэл өсөж, түүхэн дээд түвшинд хүрсэн байна.

Тайландын хуванцар сав баглаа боодлын томоохон бөөний худалдаачдын нэг мэдэгдсэнээр ресторан, хоолны цэгүүдэд өргөнөөр ашигладаг тунгалаг гялгар уутны үнээ 10 хувиар нэмжээ. Энэтхэгийн хэвлэлүүд савласан ус илүү үнэтэй болж байгааг мэдээлсэн байна. Мөн хуванцар бөглөөний үнэ дайн эхэлснээс хойш дөрөв дахин өсжээ. БНСУ-ын бэлэн гоймонгийн хамгийн том үйлдвэрлэгч "Nongshim" компанийн албан тушаалтан мэдэгдэхдээ, хуванцар сав баглаа боодол худалдан авдаг компанид нь нэг сар орчмын нөөц үлдсэн гэсэн юм.

“ICIS”-ийн ахлах шинжээч Шарин Го хэлэхдээ, гоо сайхны бүтээгдэхүүн зэрэг хуванцар сав баглаа боодлоос ихээхэн хамааралтай өргөн хэрэглээний бараанууд хуванцар орцтой зарим бүтээгдэхүүнээс илүүтэйгээр хямралд өртөж магадгүй байна. Тэр “Эцсийн бүтээгдэхүүний салбарт нөөц байгаа ч цаг хугацаа өнгөрөх тусам шавхагдана. Тун удахгүй тэдний нөөц шавхагдаж эхэлнэ гэж би бодож байна” гэв.

Шатахууны хямралын нөлөөг хамгийн түрүүнд мэдэрсэн Ази тив ийнхүү мэдэрч байна. Тэгвэл Ойрх Дорнод газрын тос болон бусад нөөц баялгийг гаргаж чадахгүй байвал дэлхийн бусад хэсэг ч мөн үүнийг мэдэрч эхэлнэ.

АНУ-ын фермерүүд бордооны худалдан авахдаа илүү өндөр мөнгө төлж эхэлсэн байгаа. Импортын мочевины үнэ дайн эхэлснээс хойш гуравны нэг орчим хувиар өсжээ.

"Morgan Stanley" банк мэдээлснээр, Ойрх Дорнод дэлхийн нафтагийн 17 хувь, хуванцар давирхайн 30 хувийг үйлдвэрлэхээс гадна бордоо хийхэд ашигладаг хүхрийн 45 хувь, хагас дамжуулагч, эрүүл мэнд, сансар судлалын салбарт ашигладаг гелийн 33 хувь, газар тариалангийн шим тэжээл болох мочевин, аммиакийн 22 хувийг хангадаг аж.

"J.P. Morgan"-ы шинжээчид өнгөрсөн долоо хоногт мэдэгдэл гаргахдаа "Ковидын үеийнхтэй адил энэ цохилт нэгэн зэрэг биш, харин дэс дараатайгаар өрнөж байна" гэжээ.

Сүүлийн хэдэн долоо хоногийн турш Азийн орнууд газрын тосны үнийн өсөлтийг намдаах, эрчим хүч хэмнэх зорилгоор ажлын цагийг богиносгох, эрчим хүчний үйлдвэрлэлээ нүүрс рүү шилжүүлэх арга хэмжээ авах болсон. Гэвч "J.P. Morgan"-ы мэдээлснээр, дайн эхлэхээс өмнө экспортод гарсан сүүлчийн газрын тос дөрөвдүгээр сарын эхээр ирж дуусах тул нийлүүлэлтийн хямрал энэ сард дордох төлөвтэй байна.

Эх сурвалж: CNN

скачать dle 12.0

Санал болгох

Сэтгэгдэл бичих

Сэтгэгдэл бичих

reload, if the code cannot be seen
Сэтгэгдэл бичих

0 сэтгэгдэл

»

Санал асуулга

Таксины үнийг эхний 1 км тутамд 1500, 2 км-ээс 1000 төгрөг болгож нэмсэн нь зөв үү?