📅

Энэ онд ДОХ-ын 23 тохиолдол шинээр илэрчээ

🕔 2017/12/01 09:05
 
 Энэ онд ДОХ-ын 23 тохиолдол шинээр илэрчээ

Дэлхий нийтээрээ ХДХВ, ДОХ-ын асуудалд анхаарал хандуулдаг өдөр өнөөдөр. НҮБ-аас боловсруулсан ДОХ-ын нэгдсэн хөтөлбөрт "Хүн бур өөрийн нас, хүйс оршин суугаа газар хэнийг хайрлаж байгаагаас үл хамааран эрүүл байх хэрэгтэй” гэж заасан байдаг. 

Тэгэхээр энэ жил өдрийг тохиолдуулан хүний эрхийг дээдэлсэн, хүнийг ялгаварлан гадуурхахгүй байхыг дэлхий нийтээрээ уриалж байгаа юм. Эрүүл байх эрх нь хүний эрүүл мэнд ямар хэрэгцээ байгаагаас үл хамааран эрүүл мэндийн асуудлаа шийдүүлэхэд шаардлагатай чанартай тусламж үйлчилгээг ялгаварлан гадуурхалт, гутаан доромжлолоос ангид хүртэх эрхтэй гэж тодотгожээ.

ХДХВ, ДОХ-ын 249 тохиолдол бүртгэгдсэнээс энэ онд 23 халдвар илэрсэн. Үүнээс эмэгтэй 20.2 хувь, эрэгтэй 79.8 хувь буюу 196 нь эрэгтэй. Эрэгтэйчүүд дотроо гетеросексуаль 20.8 хувь, трансжендэр 1.3 хувь, бисексуал 28.9 хувь, гей 49.0 хувийг эзэлжээ.

Мөн халдвар авсан байж болзошгүй тохиолдолд эрт шинжилгээнд хамрагдаж, эмчилгээгээ тогтмол хийлгэсэн тохиолдолд вирусийн дархлаагаа нэг төвшинд байлгаж хэвийн амьдралын дадлаар амьдрах боломжтой болжээ. ХДХВ, ДОХ-оос урьдчилан сэргийлэхийн тулд тогтмол шинжилгээ өгч, бэлгэвч хэрэглэж занших хэрэгтэйг дараах сургалтаар сануулж байсан юм. Соёлтой залуучуудын халаасанд бэлгэвч тогтмол байдаг гэсэн уриалгыг ч онцолж байлаа.

Tyc сургалтыг Эрүүл мэндийн яам, Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төвтэй хамтран "Бэлгийн болон нөхөн үржихүйн эрүүл мэндийн асуудал’’-аар хэвлэл мэдээллийн ажилтнуудад өчигдөр зохион байгуулсан юм. Сургалтаар нийгмийн эрүүл мэндийн өнөөгийн байдал, БЗДХ, ХДХВ, ДОХ-ын дэлхий нийтийн чиг хандлагын талаар танилцуулж, бэлгийн болон нөхөн үржихүйн эрүүл мэндийн тулгамдаж буй асуудлууд ба хэвлэл мэдээллийн үүрэг оролцоо гэсэн сэдвээр ярилцсан.

Энэ тухай ЭМЯ-ны, НЭМГ-ын мэргэжилтэн М.Хишгээ "Нөхөн үржихүйн насны хүмүүсийн эрүүл мэндийн асуудлын хамрах цар хүрээ маш өргөн. Тухайлбал, гэр бүл төлөвлөлтийн асуудал, БЗДХ-ын асуудал, үр хөндөлт, үргүйдэл гэх зэрэг олон асуудал байдаг. Тэгэхээр энэ тухай мэдээлэл олон нийтэд хүрэлцээтэй бус, иргэдийн хандлага, эрүүл зөв амьдрах дадал, зуршил дутмаг байгаа нь судалгааны тоо баримт, эрүүл мэндийн тусламж үйлчилгээ хамрагдалтын дүн мэдээллээс, Эрүүл мэндийн хөгжлийн төвөөс гаргадаг судалгаанаас ч тодорхой харагдаж байгаа юм.

Дээрх тулгамдаж байгаа асуудлыг шийдэхийн тулд хэвлэл мэдээллийн байгууллагатай тууштай хамтарч ажиллаж, сэтгүүлчдийг мэргэшүүлснээр зорилтот бүлэг болох иргэдэд мэдээлэл хүргэж, танин мэдүүлэх боломжтой болж байгаа юм" гэв.

Мөн жилд 18 мянга орчим эмэгтэйчүүд үр хөндөлт хийлгэж байгаа нь эрүүл мэндийн байгууллагад бүртгэгджээ. Үр хөндөлтийн төвшин нэмэгдэж байгаа нь боловсрол өндөртэй эмэгтэйчүүд илүү үр хөндүүлж байгаа нь судалгаагаар тогтоогдсон байна. Улсын хэмжээнд нөхөн үржихүйн нас буюу 15-49 насны нэг эмэгтэйд ногдох үр хөндөлт 0.59 байгаа бол энэ үзүүлэлт хотод 0.69, хөдөө 0.39 байгаа талаар мэдээлсэн юм.

Үүнтэй холбогдуулан үргүйдлийн тоо жилээс жилд нэмэгдэж энэ оны сүүлийн 10 сарын байдлаар тусламж үйлчилгээ авсан 5,514 үйлчлүүлэгч байгаа аж. НҮБ-ын Хүн ам сангийн дэмжлэгтэйгээр 2016 оны байдлаар 300 сая төгрөгийг жирэмснээс сэргийлэх эм хэрэгсэлд төсөвлөсөн байна.

Үүнд бүх аймаг дүүргийн зорилтот бүлгийн эмэгтэйчүүдэд буюу амьжиргааны төвшин доогуур, ажил хөдөлмөр эрхэлдэггүй иргэдэд үнэ төлбөргүй тараасан бол боловсрол мэдлэгтэй амьжиргааны дундаж төвшний хүмүүст хөнгөлөлттэй үнийн дүнгээр олгожээ. Гэтэл эрүүл мэндийн даатгал ашиглан хямдралтай үнээр жирэмснээс хамгаалах эм хэрэгслийг олгодог болохыг эмэгтэйчүүд мэдээлэл дутмагаас болон тэр болгон ашигладаггүй байна.

Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төвийн эрдэм шинжилгээний ажилтан С.Гэрэлмаа "Нөхөн үржихүйн эрүүл мэндийн талаарх зөв ойлголт мэдээллийг хандлага болгох давтамж хэрэгтэй байгаа юм. Ганцхан удаа зөвлөгөө өгөөд мэдээллээ орхих биш тогтмол мэдээлж, сануулж, урьдчилан сэргийлэхийг анхааруулснаар хүмүүст зөв амьдралын хэвшил дадал болгоход ач холбогдолтой. Тэгэхээр зөв мэдээллийг дадал болгоход гол зорилго оршиж байна.

Мөн ЕБС-ийн хичээлийн хөтөлбөрт эрүүл мэндийн хичээлийг оруулах талаар тал талын нөлөөллийн уулзалт зохион байгуулах гэж байна. ДОХ-ын өдрийг тохиолдуулан их дээд сургууль, ЕБС-ийн өсвөр үе залуучуудын дунд "Нэг хүүхэд-Нэг аян” арга хэмжээг явуулж байгаа. Зөвхөн нэг өдөр ДОХ-ын тухай яриад өнгөрөх биш нэг сарын хугацаанд мэдээлэх болно” хэмээв.

 
Эх сурвалж: Үндэсний шуудан 

скачать dle 12.0

Санал болгох

Сэтгэгдэл бичих

Сэтгэгдэл бичих

reload, if the code cannot be seen
Сэтгэгдэл бичих

0 сэтгэгдэл

»

Санал асуулга

Таксины үнийг эхний 1 км тутамд 1500, 2 км-ээс 1000 төгрөг болгож нэмсэн нь зөв үү?