📅

Өсвөр насныхан ЭЗЭНГҮЙДЭЖ байна

🕔 2016/09/22 10:40

 

Манай улсын хүн амын 40 орчим хувийг 18 хүртэлх насныхан буюу өсвөр насныхан эзэлдэг. Гэтэл  хүн амын 40 орчим хувийг эзэлж байгаа хүүхэд,  залуус өнөөдөр  нөхөн үржихүйн эрүүл мэндийн хувьд  эмзэглэмээр байна.
 
Тухайлбал, манай улсын хэмжээнд өсвөр насны охид нөхөн үржихүйн мэдлэггүйгээс болж хүсээгүй жирэмслэлтэд өртөж,  үр хөндүүлдэг аж.
 
Сүүлийн жилүүдэд үр хөндөлт залуужиж 12-14 насны охид эцэг, эхээ дагуулаад, эсвэл өөрөө гүйж ирээд хувийн эмнэлгүүдэд  үр хөндүүлээд явж байгааг бид эмч нарын амнаас сонсдог болсон. Гэтэл өнөөдөр бүр долдугаар ангийн хөвгүүд, охид дунд "Бэлгийн харьцаанд орж үзсэн”, "Архи ууж, тамхи татаж үзсэн” гээд эрүүл мэндийн судалгаа бөглөөд зогсож байгаа өсвөр насны хүүхэд цөөнгүй байгааг "Өсвөр үеийнхнийг эрүүл аж төрөх дадалд суралцуулах тогтвортой тогтолцоо байгуулах төсөл”-ийн багийнхан танилцуулж байна.
 
ОХИДЫН ТӨРӨЛТ НЭМЭГДЖЭЭ
 
Японы олон улсын хамтын ажиллагааны байгууллага ЖАЙКА-гийн Өвсний үндэс техникийн хамтын ажиллагааны хөтөлбөрийн хүрээнд "Өсвөр үеийнхнийг эрүүл аж төрөх дадалд суралцуулах тогтвортой тогтолцоо байгуулах төсөл”-ийг Сүхбаатар дүүргийн өсвөр үеийнхэн дунд 2015 оноос хэрэгжүүлжээ. Дөрвөн жилийн хугацаатай хэрэгжих энэ төслийг  Японы Жичи Анагаах ухааны их сургууль, Монгол Улсын БСШУСЯ, Нийслэлийн боловсролын газар, Эрүүл мэндийг газар, СБД-ийн Эрүүл мэндийн төв, АШУҮИС гээд олон байгууллага хамтран хэрэгжүүлж байгаа аж. Төслийн явц болон суурь судалгааны дүнг өчигдөр сэтгүүлчдэд танилцуулж, сонирхсон асуултад хариулсан юм.
 
Энэхүү төсөл нь өсвөр үеийнхэн төвтэй "Үе тэнгийн зөвлөхийн үйл ажиллагаа”-г өргөжүүлэн хөгжүүлэх зорилготой аж. Суурь судалгаанаас өсвөр насныханд тулгамдаад байгаа олон чухал асуудлыг харж болохоор байна. Төслийн багийнхан СБД-ийн Ерөнхий боловсролын хоёр сургуулиас төсөл хэрэгжихээс өмнөх бодит байдлын судалгааг авчээ. Уг судалгаагаар өсвөр насныхны ихэнх нь гэр хороололд амьдардаг. Жирэмслэлт болон бэлгийн замын халдварт өвчний тархалтын хувь өндөр, нөхөн үржихүйн мэдлэг мэдээлэл авах боломж хомс. Насанд хүрэгчид нь ч гэсэн эрүүл аж төрөх талаар үнэн зөв мэдээлэл авч чаддаггүй гэсэн дүн гарчээ. Хамгийн сэтгэл эмзэглэмээр зүйл нь,  эрүүл мэндийн мэдлэг, мэдээлэл хомс байгаагаас олон мянган охид өсвөр насандаа жирэмсэн болж байна.
 
Үүнээс  болж, сурч боловсрох, ирээдүйд сайн сайхан амьдрах боломжоо алдаж, жирэмсэн болсноо нуун дарагдууж, айж, эмээснээс шалтгаалан цусны даралт ихсэх, цус багадах, хүүхэд дутуу төрөх зэрэг эрүүл мэндийн хүндрэлүүд бий болж, хохирч байна. Түүнчлэн өсвөр насныхан дунд амиа хорлох явдал буурахгүй байна.  Энэ нь өсвөр насныханд  эрүүл мэндийн мэдлэг, мэдээллийг  цаг тухайд нь үнэн зөв хүргэж, шаардлагатай үед нь хэрэг­цээтэй тусламж дэмж­лэгийг үзүүлж байгаа­гүйтэй холбоотой гэд­гийг албаныхан хэлж байна.
 
ҮЕ ТЭНГИЙН СУРГАГЧ БАГШ БЭЛТГЭЖ, ӨСВӨР НАСНЫХАНД МЭДЛЭГ ОЛГОНО
 
Сүүлийн жилүүдэд манай  улсад бэлгийн замаар дамжих халдвар ихсэж байна. Тэр дундаа 15-24 насны эмэгтэйчүүдийн дунд гэр бүл төлөвлөлт  хангалтгүй байгаагаас болж, үр хөндөлт буурахгүй байгааг дээрх судалгаанаас харж болохоор. Томчууд бидний 10 нас хүрэв үү, үгүй юу гараас гарлаа гээд зөнд нь орхичихдог өсвөр насныхан ийм л хэцүүхэн тоо баримт дунд  өсч, өндийж явна.
 
Шуудхан хэлэхэд, та бид өсвөр насны хүүхдийнхээ хүмүүжил төлөвшил, эрүүл мэндийн асуудлыг нь ор тас мартчихсан явна. Тиймээс "Өсвөр үеийнхнийг эрүүл аж төрөх дадалд суралцуулах тогтвортой тогтолцоо байгуулах төсөл”-ийг хамтран хэрэгжүүлэгч байгууллагууд  өсвөр үеийн хүүхдүүдийн нөхөн үржихүйн эрүүл мэндийн  сэдвээр үе тэнгийн сургагч багш бэлтгэж, сургалтанд хамруулах юм байна.  Энд суралцсан хүүхдүүд цаашид сургуульдаа, анги хамт олондоо өсвөр үеийнхэндээ энэ талаарх мэдлэг мэдээллийг түгээх юм байна.
 
Ингэснээр нийслэл хотын бүх дүүрэгт биш юм аа гэхэд, төсөл хэрэгжиж буй Сүхбаатар дүүрэгт өсвөр насныхныг эрүүл аж төрөх дадал зуршилд суралцуулах, эрүүл зөв амьдрахад нь туслах тогтолцоо бүрдэнэ гэдгийг хэлэлцүүлэгт оролцсон хүмүүс хэлж байв. Хэлэлцүүлгийн төгсгөлд, өсвөр насны хүүхдүүдийн санаа бодлыг сонсч, тэдэнд тулгамдаж байгаа асуудлыг хамтран шийдэх, зөвлөх талаар эцэг, эх, багш нар санаа тавих, тэдэнтэй харьцах арга барилаа шинэчлэж, бидэнтэй хамтран ажил­лаарай гэдгийг төслийн багийнхан хэлж байв.
 
Б.Туул
Эх сурвалж: "Зууны мэдээ” сонин
скачать dle 12.0

Санал болгох

Сэтгэгдэл бичих

Сэтгэгдэл бичих

reload, if the code cannot be seen
Сэтгэгдэл бичих

0 сэтгэгдэл

»

Санал асуулга

Таксины үнийг эхний 1 км тутамд 1500, 2 км-ээс 1000 төгрөг болгож нэмсэн нь зөв үү?