Улстөрчдийн "саалийн үнээ" ил тод, нээлттэй үйлдвэр болно
Монголчуудын саалийн үнээ гэгддэг “Эрдэнэт” үйлдвэрийг олон улсын хөрөнгийн зах зээл дээр гаргаж, нээлттэй болгох асуудал хөндөгдөж эхлэв. Тус үйлдвэрийн Ерөнхий захирал Г.Ёндонгийн хэлснээр “Эрдэнэт” үйлдвэрийн худалдан авах ажиллагааг хиймэл оюун ухаанд суурилсан TenderEval1.0 систем нэвтрүүлж эхэлсэн бөгөөд цаашид ч илүү их ил тод болгохын тулд засаглалаа сайжруулах ажлын эхлэл нь хиймэл оюун ухаанд суурилсан худалдан авалт гэдгийг онцолжээ.
Үеийн үед “Эрдэнэт” үйлдвэр улстөрчдийн шахааны бизнес ,авлига, мөнгөний эх үүсвэр гэж шүүмжлүүлж ирсэн ч энэ удаад илүү нээлттэй, ил тод болох засаглалыг эхлүүлсэн нь том амжилт гэж хэлж болно.
Тус үйлдвэр 2025 оноос бүх тендер шалгаруулалтаа хиймэл оюун ухаанд суурилсан системээр зохион байгуулж, шударга ил тод болгохын зэрэгцээ “Эрдэнэс Монгол” нэгдэл, Монгол Улсын хэмжээнд хөгжүүлэн нэвтрүүлэх ажлын эхлэл болох боломжтой болох аж. Төрийн худалдан авалт, төрд танил талаараа бараа, материал “шахдаг” байдал алга болж, бүх худалдан авалт, үйл ажиллагаа олон нийтэд илүү их нээлттэй болох том ажил болно гэдгийг тус үйлдвэрийнхэн онцолж байна.
“Эрдэнэт” үйлдвэр өнгөрсөн онд 109 тэрбум төгрөгийн хэмнэлттэй ажилласан бол энэ онд ийм хэмжээний хэмнэлт гаргах зорилт тавьсан байна.
Тус үйлдвэр аравдугаар сарын 24-ны байдлаар үйлдвэрлэлийн төлөвлөгөөт үзүүлэлтүүд биелж, уулын цул гаргалт 227 мянган метр куб, хөрс хуулалт 278 мянган метр куб, хүдэр олборлолт 30 мянган тонн, хүдэр боловсруулалт 52 мянган тонн зэргээр төлөвлөгөөнөөс илүү гүйцэтгэжээ. Мөн 9022 тонн цэвэр зэс агуулсан 40,1 мянган тонн зэсийн баяжмал, 395 тонн молибдены баяжмал үйлдвэрлэж, төлөвлөгөөнөөс 19 вагоноор илүү зэсийн баяжмал экспортод гаргажээ. Аравдугаар сарын 28,29-ны өдрүүдэд ирэх сарын уулын ажлын болон үйлдвэрлэлийн төлөвлөгөөгөө хэлэлцэх юм байна. Ингэхдээ бүтээмж, үр ашгаа нэмэгдүүлж, аж үйлдвэржилтийг бий болгож, хөгжүүлэх хамтарсан Засгийн газрын зорилтын биелэл болж буйгч салбарынхан нь онцлов. Мөн энэ онд хөрөнгө оруулалтын төлөвлөгөөний дагуу хийгдэж буй пак шинэчлэлтийн хүрээнд “Комацу” маркийн найм дахь өөрөө буулгагч буюу самосвал машиныг ажилд гаргахад бэлэн болгож, хоёр техникийг ирэх сард угсарч дуусгахаар төлөвлөжээ.
Т.ОД
https://news.mn/r/2766663/