ОФФШОРТ НУУСАН 4.5 САЯ ДОЛЛАРЫГ ТОГТООСОН СУРАГ ДУУЛДАЖ ЭХЭЛЛЭЭ
Ерөнхийлөгч Х.Баттулга энэ оны долдугаар сарын 24-ний өдөр улстөрчид, төрийн албан хаагчид, төрийн өндөр албан тушаалтнууд, тэдний хамаарал бүхий этгээдүүдэд оффшор дансан дахь мөнгөө 49 хоногийн дотор Монголдоо оруулж ирэхийг уриалсан. Энэ хугацаа нь есдүгээр сарын 12-нд дууссан юм.
Үүнээс хойш таг чиг байсан Ерөнхийлөгч Х.Баттулга энэ сарын 20-нд сэтгүүлчидтэй уулзахдаа "...Энэ хугацаа өнгөрсөн. АТГ үүн дээр ажиллах ёстой” гэсэн. Харин өчигдөр АТГ энэ талаар нийтдээ 23 иргэнтэй холбоотой Монголоос гаргасан мөнгөний асуудлыг шалгаж байна” гэлээ. Чухам хэн гэдэг иргэнтэй холбоотой ямар асуудал байгаа талаар "Прокурорын зөвшөөрөл аваагүй учраас дэлгэрэнгүй мэдээлэл өгөх боломжгүй” гэдэг хариулттай тулж байгаа.
Гэхдээ өөр эх сурвалжийн мэдээгээр, АТГ оффшор дансанд байгаа мөнгөний сэжүүрээс атгасан сурагтай. Тодруулбал, 4.5 сая долларын тухай асуудал яригдаж байгаа бөгөөд энэ хэмжээний мөнгө оффшор дансанд байгаа гэдгийг олж тогтоосон гэсэн үг гэнэ.
Энэ мөнгө дээр дурдсан 23 хүний хэдтэй нь холбоотой, хэнийх нь вэ гэх мэтчилэн олон асуултын хариу одоогоор тодорхойгүй байна.
Дашрамд хэлэхэд, оффшор бүсэд манай улсаас гаргасан хэдэн тэрбум доллар бий гэх мэдээлэл байдаг боловч батлагдаж нотлогдсон зүйл байдаггүй. Хууль хяналтын байгууллага шалгаж байгаа асуудалтай холбогдон гарч ирж байгаа 4.5 сая доллар гэдэг энэ оффшор дуулианыг цэгцлэх эхлэл болж чадах болов уу?
Зууны мэдээ
Б.Очир
Б.Очир
Санал болгох
Сэтгэгдэл бичих
Сэтгэгдэл бичих