ОФФШОР ДАНСТНУУДАД ЗУРГААН САРЫН ХУГАЦАА ӨГНӨ ГЭВ ҮҮ
Эрх чөлөөт далайн эргийн бүсэд их хэмжээний хөрөнгөтэй эрхтэн дархнуудад зориулсан хуулийн төсөл УИХ-аар батлагдан гарах нь. УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны өнгөрсөн лхагва гарагийн хуралдаанаар Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай болон Төрийн албаны тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийсэн юм. Нэгэн цагт С.Баярцогтын далайн эрэгт "мартсан” мөнгө илэрч, улмаар олон нийт оффшор гэх "аймшигтай” танилцсан түүхтэй. Үүнээс хойш үе үеийн парламент "оффшорт данстай төрийн албан хаагч байх ёсгүй” хэмээн үзэж хуулийн төслийг төрөл бүрээр боловсруулж байсан ч УИХ-ын босгыг даваад л бүдэр ч байв. Харин энэ удаагийн хуулийн төсөл ийнхүү эцсийн хэлэлцүүлэгт шилжээд байна.
1990 оноос хойш Монгол Улсад хийгдэх гадаадын хөрөнгө оруулалтын хэмжээ нэмэгдэхийн хирээр манай улсын гадаад харилцаа хөгжин гадаадын хөрөнгө оруулалттай компаниудын тоо олширч, эдгээр компанийн хувьцаа эзэмших иргэдийн тоо өссөөр байгаа. Сүүлийн жилүүдэд олон нийтийн дунд төрийн албан хаагчдыг оффшор бүсэд буюу гадаад улсын нутаг дэвсгэрт бүртгэлтэй гадаадын хөрөнгө оруулалттай компанийн хувьцаа, банкны данс эзэмшсэн тохиолдолд авлига, албан тушаалын хэрэгтэй холбоотой гэх хардлага эрс нэмэгдэж, төрд итгэх иргэдийн итгэл буурсан гэдэгтэй маргах нэгэн гарахгүй биз. Иймд хууль зүйн болон практик шаардлагуудыг үндэслэн Авлигатай тэмцэх газарт хөрөнгө орлогын мэдүүлэг гаргадаг төрийн албан хаагч оффшор бүсэд буюу гадаад улсын нутаг дэвсгэрт банкны данс эзэмших, мөнгөн хөрөнгө байршуулах, хуулийн этгээд үүсгэн байгуулахыг хориглох асуудлыг тодорхой зохицуулсан Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг боловсруулсан юм.
Ийнхүү хууль батлагдсанаар зургаан сарын дотор оффшорт байгаа хөрөнгийг татаж, зохицуулалт хийх юм. Уг нь ОХУ, АНУ-д хууль батлагдсанаас хойш гурван сарын дотор гэсэн хугацаа өгсөн байдаг аж. Харин Б.Дэлгэрсайхан нарын оффшор данстай гишүүд гурван сарын хугацаанд оффшор дансаа цэгцэлж чадахгүй гэснээс үүдэн ийнхүү зургаан сар болгон сунгалаа. Нэг үгээр зургаан сарын дотор оффшор бүс дэх хөрөнгөө татах зохицуулалт хуульд тусгагдлаа. Далайн эргээс далай мөнгө буцаж ирнэ гэсэн үг.
Түүнчлэн хуульд "Нэр дэвшигч, түүний хамаарал бүхий этгээд нь өөрийн нэр дээр оффшор бүсэд хөрөнгө байршуулсан, үл хөдлөх хөрөнгө бий болгосон бол гурван сарын дотор АТГ-т мэдэгдэж, мөнгөн хөрөнгийг эргүүлнэ” гэсэн санал гишүүдийн дэмжлэгийг хүлээгээд байгаа. Мөн хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлэг хийгдэх зэрэгцэн УИХ-ын зарим гишүүд Оффшорын эсрэг лобби бүлэг байгуулсан. Тэд "Оффшор бүсэд одоогоор Монголоос хэчнээн хэмжээний ам.доллар байгаа нь мэдэгдэхгүй байна. Үүнийг бид цаашид нягтлах болно. Оффшорын асуудлаар нэгдэж байгаа иргэний нийгмийн байгууллагуудтай тодорхой байдлаар холбогдож ажиллана. Бидэнд эхнээсээ мэдээллүүд ирж байгаа. Тухайлбал, Швейцарийн банкинд нэлээд их хэмжээний мөнгө нуусан гэх мэдээлэл бидэнд ирсэн. Энэ бүхнийг бид холбогдох хууль хяналтын байгууллагатай нь хамтран нягтална” гэдгээ мэдэгдлээ.
Ийнхүү төрд ажиллах хэн бүхний хол байх, айж явах оффшор дансны асуудал хуульчлагдлаа. Хууль хэрхэн хэрэгжиж, хуулийнхан ямар хөдөлгөөн хийхийг харах л үлдлээ.
П.ГОО
Оллоо.мн
Оллоо.мн
Санал болгох
Сэтгэгдэл бичих
Сэтгэгдэл бичих