Нар, салхины тоног төхөөрөмжийг татвараас чөлөөлнө
УИХ-ын Төсвийн байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар Гаалийн тариф, гаалийн татварын тухай хуульд нэмэлт оруулах тухай, Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийв.
Сэргээгдэх эрчим хүч буюу нар, салхины тоног төхөөрөмж, дагалдах хэрэгслүүд, сэлбэг, үйлдвэрлэлийн түүхий эдийг импортын гаалийн болон нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөхөөр хуулийн төсөлд тусгасан бөгөөд ингэснээр хэрэглэгчдэд борлуулах бүтээгдэхүүний үнэ буурч, зах зээл дээрх эрэлт бий болон, сэргээгдэх эрчим хүчний үйлдвэрлэлийн хөгжилд түлхэц болно гэж төсөл санаачлагчид үзэж байгаа юм.
Мөн айл, өрх, жижиг, дунд хэрэглээнд сэргээгдэх эрчим хүчний ашиглалтыг нэмэгдүүлэх давуу талтай ажээ. Төслийн анхны хэлэлцүүлэгтэй холбогдуулан асууж, тодруулах гишүүн гараагүй. Ингээд хуулийн төслүүдийн талаарх зарчмын зөрүүтэй саналын томьёоллуудаар санал хураалт явуулан чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар тогтлоо.
Б.Туул