📅

Гадаадын ажиглагчид сонгуулийг ингэж дүгнэв

🕔 2016/07/01 10:24

Монгол Улсын 2016 оны УИХ болон аймаг, нийслэлийн ИТХ-ын сонгуулийн үйл ажиллагааг ажигласан Европын Аюулгүй байдал, хамтын ажиллагааны байгууллага, Ардчилсан институт, хүний эрхийн газрын ажиглагчид урьдчилсан дүгнэлтээ өчигдөр танилцууллаа. Тус мэдээллийг Европын парламентийн төлөөлөгчдийн тэргүүн Лайма Луциа Андрикиене, ЕАБХАБ-ын АИХЭГ-ын Сонгуулийг Ажиглах Хорооны тэргүүн Элчин сайд Одри Гловер нарын хүмүүс хийв.

 

Европын Аюулгүй байдал, хамтын ажиллагааны байгууллага нь сонгуулийг ажиглах хороог Монгол Улсад энэ оны тавдугаар сарын 20-ны өдөр байгуулжээ. Улмаар үндсэн бүрэлдэхүүн болох 14 гишүүнийг нийслэл хотод, урт хугацааны 14 ажиглагчийг орон даяар хуваарилан ажиллуулсан байна. Нийт 33 орны ажиглагчид оролцсон аж.

 

ЕАБХАБ-ын ажиглагчид манай улсын УИХ-ын сонгуулийг ийнхүү дүгнэжээ.

 

Эрх баригч намын амлалт шударга байдлыг гажуудуулсан

 

Одри Гловер /ЕАБХАБ-ын Сонгуулийг ажиглах хорооны тэргүүн/

 

-Монгол Улсын 2016 оны сонгуулийн сурталталчилгаа өрсөлдөөнтэй болсон бөгөөд сонгуулийн өдөр эмх журамтай болж өндөрлөлөө. Мөн УИХ-ын сонгууль нь их өрсөлдөөнтэй, эвлэлдэн нэгдэх эрхийг хүндэтгэсэн байдалд болов. Гэхдээ сонгуулийн хуулиндаа тулгаж суурь өөрчлөлт хийсний улмаас Монголын ардчиллын хөгжилд сөрөг үр дагавартай байсныг зөвтгөх аргагүй. Талуудыг оролцуулсан хэлэлцүүлгийн үндсэн дээр сонгуулийн тухай шинэ хуулийг 2015 оны арванхоёрдугаар сарын 25-нд сонгуулийн тухай хэд хэдэн хуулийг нэгтгэн баталсан бөгөөд энэ нь сонгуулийн нэгдсэн хууль эрх зүйн хүрээг бий болгоход чиглэсэн нэг дэвшил болсон. Гэвч 2016 оны тавдугаар сард УИХ сонгуулийн холимог тогтолцоог дан олонхийн буюу мажоритар тогтолцоо болгон өөрчилж, нэг мандат бүхий 76 сонгуулийн тойргийг байгуулсан бөгөөд тойргуудын нутаг дэвсгэрийг батлах үйл явц нь ил тод биш, олон нийтийн хэлэлцүүлэг дутмаг тогтоосон шалгуурыг дагаж мөрдсөнгүй. Ингэснээр тойргуудын дунд хүн амын тоо нэлээд зөрүүтэй болсон бөгөөд энэ нь 1990 оны ЕАБХАБ-ын Копенгагений баримт бичгийн 7.3 дахь хэсэгт заасан иргэн бүр сонгуулийн тэгш эрхтэй байх зарчим болон бусад олон улсын үүрэг, амлалт, стандартуудтай нийцэхгүй байна.

 

УИХ-ын сонгуулийг СЕХ тэргүүтэй дөрвөн шатлал бүхий сонгуулийн байгууллага удирдан явуулсан. СЕХ санал авах өдөрт бэлтгэнгээ хуульд заасан чухал хугацаануудыг мөрдөн, үүргээ биелүүлэн ажилласан. Гэхдээ тус хорооноос оролцогч талуудтай харилцах ил тод, хариуцлагатай байдал дутмаг байсан нь сонгуулийн үйл явцын найдвартай байдалд итгэх итгэлийг бууруулж байна. Санал тоолох төхөөрөмжийг шалган баталгаажуулах ажлыг СЕХ-оос оролцогч талуудыг байлцуулан мэргэжлийн хэмжээнд хийлээ. Төхөөрөмжийн үнэн зөв ажиллаж байгаад санаа зовж буй асуудалд хариулт өгөх үүднээс Сонгуулийн тухай хуулиар хэсгийн хороодын 50 хүртэл хувь дээр гараар тоолох тухай заалтыг оруулсан. Гэвч гараар тоолох ажиллагааг явуулах журмыг санал авах өдрөөс хоёрхон хоногийн өмнө эцэслэн гаргасан нь доод шатны хороодод холбогдох сургалтыг зохион байгуулах цаг хугацааг олгосонгүй.

 

Энэ сонгуульд нийт 1 сая 910 мянга 878 сонгогч оролцохоор бүртгэгдсэн байна. Оролцогч талууд сонгогчдын бүртгэлийн үнэн зөв байдал, бүх сонгогчыг хамруулсан зэрэгт ерөнхийдөө итгэлтэй байгаагаа илэрхийлж байлаа. Гэвч шүүхээс эрх зүйн чадамжгүй нь тогтоогдсон, мөн үйлдсэн гэмт хэргээс үл хамааран хорих ял эдэлж буй иргэд санал өгөх эрхгүй байна. Хэдийгээр сонгуулийн бэлтгэл ажил аль хэдийн эхлээд байсан ч тавдугаар сард оруулсан нэмэлт өөрчлөлтийн дагуу УИХ-ын сонгуульд гадаадад суугаа иргэдээс санал авахыг хүчингүй болгож, гадаад амьдарч буй Монгол Улсын 150 мянга орчим иргэдийн сонгуульд оролцох эрхийг хасав.

 

Нэр дэвшигчдийн бүртгэл ерөнхийдөө бүх талыг оролцуулсан байсан нь сонгогчдод улс төрийн өргөн сонголтыг өгөв. Нийт 498 нэр дэвшигч өрсөлдсөнөөс 69 нь бие даагч байлаа. Гэвч ЕАБХАБ-ын өмнө хүлээсэн амлалтууд, бусад олон улсын үүрэг хариуцлагатай зөрчилдөж, СТХ-иар нэр дэвшигчийн эрхийг хязгаарласан нэмэлт нөхцлүүдийг зааж өгсөн бөгөөд албан татварын хугацаа хэтэрсэн өр болон зээлийн өртэй, заавал хаах цэргийн хугацаат албаг хаагаагүй, түүнчлэн үйлдсэн гэмт хэргээс үл хамааран ял шийтгүүлж байсан бүртгэлтэй иргэдийг хассан байна.

 

Сонгуулийн сурталчилгаа хэтэрхий хязгаарлалттай байсан ч эвлэлдэн нэгдэх, жагсаал цуглаан хйих эрх чөлөөг хүндэтгэн сахиж, нэр дэвшигчид өөрсдийн үзэл бодлыг сонгогчиддоо ерөнхийдөө хүргэж чадсан. Эрх баригч намын зүгээс хийсэн томоохон хэмжээний амлалтууд нь сонгуулийн сурталчилгааны шударга байдлыг гажуудуулж байв.

 

Монголын сэтгүүлчид бусдын нэр төрд халдахаас айдаггүй

 

Лайма Луциа /Европын парламентийн төлөөлөгчдийн ахлагч/

 

Аливаа сонгуулийн үйл явц, мөн чанар хоёрыг ялгаж ойлгох нь чухал.  Үйл явц болвол сонгуулийн зохион байгуулалттай холбогддог. Энэ бол чухал. Гэхдээ сонгуулийн өдөр сайхан байсан гэдэг сайн сонгууль болсон гэсэн үг биш юм. Бидний хувьд мөн чанар илүү чухал. Утга учиртай сонгууль хийхийн тулд сонгогчдод жинхэнэ сонголтыг өгсөн байх ёстой. Энэ удаа сонгогчдод энэ боломж хангагдсан.

Харин сонгуулийн сурталчилгаанд тавьсан зарим хязгаарлалтууд, хэвлэл мэдээлэл зарим талаар улс төрийн ашиг сонирхолд үйлчилсний улмаас сонгогчдод хүрэх бодит бөгөөд тодорхой мэдээллийг хязгаарлалаа. Хэвлэл мэдээллийн хэрэгсэл сонгуулийн мэдээ мэдээллийг өргөн хүрээтэй нэвтрүүлсэн ч зуучлагчийн үүргээ орхигдуулж, гол төлөв улс төрчдөд шууд нэвтрэх боломжийг олгож байв. Улс төрийн сурталчилгааны төлбөртэй болон төлбөргүй нэвтрүүлгүүд нь редакцийн хараат бус агуулгыг сүүдэртүүлэхийн зэрэгцээ улс төрийн намуудаас бэлтгэсэн сурталчилгааны материал мэдээний нэвтрүүлэгт багтаж байсан нь хэвлэл мэдээлэлд итгэх итгэлийг алдагдуулж байв. Тиймээс сонгогчдод бие даасан бөгөөд дүн шинжилгээ хийх мэдээ сурвалжлага хомс олдож байлаа.

 

Мониторинг хийсэн ихэнх телевизийн сувгууд улс төрийн намуудаас бэлтгэж өгсөн эсвэл төлбөртэй сонгуулийн сурталчилгааны материал нэвтрүүлсэн. Энэ нь мэдээ болон улс төрийн сурталчилгааны зааг ялгааг бүдгэрүүлж байна. Хувийн радио телевизүүд зарим нь нэг талбг баримталсан ташуу хандлагыг харуулсан ба дийлэнх хэсгийг төлбөртэй улс төрийн сурталчилгаа эзэлж байв. Тухайлбал, "Ийгл” телевизийн хувьд мэдээний нэвтрүүлгийн 26 хувиар тус бүр АН, МАН-ыг сайшааж, "ТВ 5” телевиз 44 хувиар МАН-ыг сайшаасан бол "ТВ9” телевиз МАХН-ыг 28 хувиар сайшаажээ. Эдгээр гурван телевизийн сувгийн мэдээний нэвтрүүлгийн өнгө аяс нь хоёр том намд илүү эерэг хандсан байдалтай байсан.

 

Хүний нэр төрд халдан гутаах нь эрүүгийн гэмт хэрэг. Харин монголын хэвлэл мэдээллийн хэрэгслээр эрэн сурвалжласан нэвтрүүлэг ажиглагдаагүйгээс харахад Монголын сэтгүүлчид бусдын нэр төрд халдахаас айдаггүй гэж үзлээ. Цаашид сонгогчдын боловсрол, хараат бус хэвлэл мэдээлэл зэрэгт анхаарвал зохих асуудал байна гэж үзлээ. Эцэст нь дүгнэхэд сонгуулийн өдөр улс орон даяар эмх журамтай явагдаж өнгөрлөө. Хэдийгээр саналын нууцлал тэр бүр хангагдахгүй байсан ч ерөнхийдөө санал хураалтыг эерэг гэж үнэлсэн болно.

 

Ажиглагчдын зүгээс манай улсын парламент Сонгуулийн тухай хуулиндаа цаг тулгаж суурь өөрчлөлт хийсэн. Олон улсын жишгээр бол нэг жилийн өмнө сонгуулийн хуулинд суурь өөрчлөлт хийхээс зайлсхийдэг. Монгол Улсын хувьд сонгууль болохоос 6 сарын өмнө суурь өөрчлөлт хийдэг зарчмаасаа ухарсан гэж үзсэн байна. Мөн хуулинд эмэгтэй нэр дэвшигчдийн квотыг 30 хувиас 20 руу буулгасан ч улстөрийн намууд, иргэний нийгмийн ажиглагчдын дунд эмэгтэйчүүд олон байсныг сайшаажээ. 

Г.Тэгшсүрэн

Эх сурвалж: Shuud.mn  http://www.shuud.mn/content/read/470495.htm

 


скачать dle 12.0

Санал болгох

Сэтгэгдэл бичих

Сэтгэгдэл бичих

reload, if the code cannot be seen
Сэтгэгдэл бичих

0 сэтгэгдэл

»

Санал асуулга

Таксины үнийг эхний 1 км тутамд 1500, 2 км-ээс 1000 төгрөг болгож нэмсэн нь зөв үү?