С.Бямбацогт сайд аа, яллагдагчаар татагдсан ТНБД С.Батболдыгоо чөлөөл

Салбараа хөгжүүлэх биш өөрийн хөрөнгөө нэмэгдүүлэх гэсэн бас нэгэн албан тушаалтныг АТГ-ынхан овоо хараандаа авчээ. Тэр нь ЗТХЯ-ны ТНБД С.Батболд. ЗТХ-ийн сайд С.Бямбацогт та хоёр сайдын нүүрийг үзэж, салбартаа биш амин хувьдаа ашиг хайсан С.Батболдыгоо чөлөөлөх цаг нь болсон юм биш үү.
Мань С.Батболдыг АТГ-аас Дарханы замын асуудал, үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэх үндэслэлээр яллагдагчаар татан, шалгаж эхэлсэн байна.
Уг нь тэр дөрөвхөн сарын өмнө “...Миний тушаалаар Үнэлгээний түр хороо байгуулаад, бүх дүрэм журам, тендер шалгаруулах процесс олон улсын банкны дүрэм журмаар буюу өндөр шалгуурын дор явдаг. Манай яамнаас томилогдсон Үнэлгээний хороо хэрэв буруу үнэлсэн бол Азийн хөгжлийн банк болоод Европын сэргээн босголтын банкнаас давхар хяналт тавихдаа хүчингүй болгочихдог......Монголчууд дангаараа шалгаруулж, давхар хяналт тавиагүй бол хардаж болно. Гэтэл давхар давхар шүүлтүүр, хяналтаар орж, шалгаруулсан компаниуд учраас Үнэлгээний хорооныхондоо итгэлтэй байна...” гэж ярьж байв.
Гэтэл АТГ-ынхан Дарханы замын хэрэгтэй холбогдуулан хөөсөн учиг ийн ТНБД С.Батболдыг чиглэсэн аж. Түүнийг Дарханы замын асуудалд Азийн хөгжлийн банкны худалдан авах ажиллагааны журам зөрчиж, аж ахуйн нэгжид давуу байдал бий болгосон гэж байгаа бөгөөд энэ нь эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, улсад их хэмжээний хохирол учруулсан гэсэн үг.
С.Батболдын хувьд анхнаасаа ашиг сонирхлын зөрчилтэй байсан ч энэ албан тушаалдаа шигдсээр байгаа. Тодруулбал түүний эзэмшилд байсан “Жигүүр транс” компаниа тэр 2019 оноос, “Рэска” компаниа 2021 оноос эхлэн ХОМ-тээ бүртгүүлэхээ байсан. Учир нь УБЕГ-т тэмдэглэснээр мань хүнийг ашиг сонирхлын зөрчилтэй гэдгийг нь шууд илчлээд өгчихнө.
Мөн өөрийнх нь төрсөн дүү С.Эрдэнээ нь ачаа тээврийн үйл ажиллагаа эрхэлдэг “Ричлэденг транс” компанийг 2010 оноос ажиллуулж байгаа. Энэ нь С.Батболд өөрийн хамаарал бүхий компанид давуу эрх олгож албан тушаалын байдлаа урвуулан ашигласан хэрэгт буруутгагдах бас нэгэн сэжмийг өгөөд байгаа аж.
Мэдээж энэ бүхний цаана С.Батболд үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэх асуудал нь ч мань хүний “толгойг цустаж” мэдэхээр болоод байгаа юм. Учир нь тэр 2020 онд ХОМ-тээ өөрийн орлогоо 20 сая 593 мянган төгрөг гэж мэдүүлж байсан бол 2021 онд 89 сая 879 мянга гэжээ. Харин гэр бүлийн орлогоо 2020 онд 37 сая 894 мянга гэж мэдүүлж байсан нь 2021 онд 74 сая 843 мянган төгрөг болж өссөн байна.

Дээрх мэдээллүүдээс харахад зам тээврийн салбарыг хөгжүүлэх үүрэг бүхий яамны ТНБД-ын суудалд ашиг сонирхлын зөрчилтэй нөхөр тухалсан нь АТГ-ынхны анхаарлаас бултаж чадахааргүй л болчхоод байгаа бололтой.
https://erennews.mn/article/58502
Санал болгох
Сэтгэгдэл бичих
Сэтгэгдэл бичих