Улсын төсөв Хэнтий рүү урсаж байна
ХЭНТИЙД ХЭТИЙДҮҮЛСЭН ТӨСВӨӨС ХЭМНЭЛТ ХАРАГДСАНГҮЙ ЕРӨНХИЙ САЙД АА
2023 оны улсын төсвөө Их хурлаар хэлэлцүүлэхээр Засгийн газраас УИХ-д өргөн мэдүүлчихлээ. Ирэх жилийн төсвийг эрх баригч намынхан “Их хэмнэлтийн жил” болгож, түүхэнд байгаагүй том шинэчлэл хийх төсөв хэмээн зарлаад буй. Сонгуулийн өмнөх жилийн төсвийг тэгж хэмнэнэ гэхээр бас төсөөлөгдөхгүй үлгэр мэт. Ямартай ч хуулийн хугацаанд нэг ч хөрөнгө оруулалтын ажил шинээр эхлүүлэхгүй гэх төсвийн төслөө парламентаар хэлэлцүүлж батлах нь тодорхой.
Төсвийн төслөө Засгийн газраас өргөн мэдүүлэх гэж МАН-ын бүлэг нэлээд маргалдсан гэх яриа бий. Өөрөөр хэлбэл, гишүүд нь тойргоо усалж, торойх жил нь хамаг төсвийг нь таначихсан, гол оноо авах боломжийг нь хязгаарлачихсан гээд гишүүдийн гомдол бишгүй их байгаа гэх. Нөгөө талдаа хэмнэлт хийж байгаа нэрээр нөлөө бүхий томчууд нь сөрөг фракцынхаа гишүүдийг базаад эхэлсэн сурагтай. Ямартай ч төсвийн төслөө өргөн мэдүүлснээс хойш сэтгүүлчид, судлаачид, олны дунд хүлээлт үүсгэж, төсвийн задаргаагаа оруулахгүй хэсэг шуугиулаад авав. Мэдээж төсвийн задаргаа цахим сайтад орсны даруйд л 2023 оны төсвийг олон нийт шинжээд эхэлсэн нь тодорхой байна.
Нэн түрүүнд хүүхдийн мөнгөө хүртэл танах дээрээ тулсан 2023 оны төсвийг үр дүнтэй боловсруулж, хэмнэлт хийж чадсан уу гэдэг нь анхаарал татна. Хоёрдугаарт, ямар аймаг, ямар сум хамгийн их хөрөнгө оруулалтыг аваад байна вэ гэдэг нь сонирхолтой. Өөрөөр хэлбэл, шинэ хөрөнгө оруулалт төлөвлөөгүй ч хөрөнгө оруулалтаа саадгүй үргэлжлүүлэх нь эдийн засаг агшсан энэ үед чухал. Тэгэхээр эхлүүлсэн ажлаа төлөвлөсөн ондоо дуусгах нь төсвөөс шууд хамаарна.
2023 оны төсвийн жилд зарцуулах төсвийн зарлагын хэмжээг 15 их наяд төгрөг байна. Үүнээс тухайн жилийн хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээ, барилга байгууламжийг 2.7 их наяд төгрөгөөр санхүүжүүлнэ гэж тусгажээ. Үндсэндээ 2023 онд дуусгахаар төлөвлөсөн улсын хэмжээний бүх хөрөнгө оруулалтын ажлыг энэ хөрөнгөөр дуусгана гэсэн үг. Төсвийн төсөлд тусгасан хөрөнгө оруулалтын ажлуудыг харахад дийлэнх нь 2020 оноос эхлүүлж, 2023 онд дуусгах ажлууд байна. Мэдээж үүнээс өмнө нь эхлүүлсэн дуусгах ажлууд байгаа. Мөн хийхээр төлөвлөөд 2023 онд заавал дуусгах шаардлагагүй гээд түр царцаасан төсөл хөтөлбөрүүд ч бий. Үндсэндээ нэн шаардлагатай төслүүдээ ирэх онд эхлүүлэхээр тусгасан нь энэ гэсэн үг л дээ. Гэхдээ энэ нэн шаардлагатай төсөл арга хэмжээнүүд үнэхээр мөн үү гэвэл бас эргэлзээтэй.
Өөрөөр хэлбэл, нэн шаардлагатай дотор заавал хийх шаардлагагүй ч тойргоосоо оноо авахад дэм болох нөлөө бүхий томчуудын ажлууд ч багтсан гэсэн үг. Төсвийн төслийн хөрөнгө оруулалтын эрэмбэ, дарааллыг харахад хамгийн их төсөл хөтөлбөр тусгасан нь Хэнтий аймаг байна. Тэгэхээр шинээр хөрөнгө оруулалт хийх ямар ч боломжгүй болгочихсон Засгийн газар, Сангийн яам ирэх оныхоо төсвийг тэр чигт нь Хэнтий рүү зүглүүлэхээс өөр сонголтгүй болжээ.
Тодруулбал, 2023 онд улсын төсвөөс Хөвсгөл аймаг 22, Хэнтий аймаг, 21.5, Баянхонгор аймаг 20, Өвөрхангай аймаг 19, Завхан аймаг 17.8, Архангай аймаг 17.6, Увс аймаг 17, Говь-Алтай аймаг 15, Дундговь аймаг 14, Ховд аймаг 11, Төв аймаг 10.4, Баян-Өлгий аймаг 10, Булган 8.9, Сүхбаатар 8.5 Говьсүмбэр аймаг 2.2 их наяд төгрөгийн санхүүгийн дэмжлэг авахаар төсөлт тусгасан байна.2020-2023 он хүртэл хэрэгжүүлэх хөрөнгө оруулалтын ажлын ихэнх хувь Хэнтий аймагт тусгагдсан. Тэгэхээр нийт хөрөнгө оруулалтын төсвөөрөө төрийн хоёр өндөрлөг сонгогдсон аймаг нь тэргүүлж байна гэж харж болно.
БАРИМТ 1
Монгол Улсын төсвийн хөрөнгө оруулалтын хөрөнгөөр 2023 онд санхүүжүүлэх хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээ, барилга байгууламжийн жагсаалтын Засгийн газрын хэрэг эрхлэх газрын даргын захиран зарцуулах төсөвт 79 тэрбум төгрөгийн төсөвт өртөг бүхий шилжих 25 барилга байгууламжийн, их засварын хоёр, тоног төхөөрөмжийн нэг ажил бий.
Үүнээс 6.9 тэрбум орчим төгрөг нь Хэнтий аймагт хийх бүтээн байгуулалтын ажил байна. Тухайлбал, тус аймгийн Баян-Адарга суманд 2.5 тэрбум, Батноров суманд 2.2 тэрбум , Баян-Овоо суманд 2.1 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт бүхий Иргэдэд үйлчлэх мэдээллийн төвийн барилгын ажлыг 2021 оноос эхлүүлж ирэх онд дуусгах төлөвлөгөөтэй ажиллаж байна.
БАРИМТ 2
Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 47.9 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалттай барилга байгууламжийн ажилд шилжих 17, их засварын нэг, тоног төхөөрөмжийн нэг, ТЭЗҮ-г боловсруулах дөрвөн ажил бий. Үүнээс 26 тэрбум төгрөгийн төсөвт өртөг бүхий есөн ажил нь зөвхөн Хэнтий аймагт хийх барилга байгууламжийн ажил байна.
Тодруулбал, 2020-2023 онд Хэнтий аймгийн Норовлин суманд 2.6 их наяд төгрөгийн өртөг бүхий “Шихихутаг нууц товчлоо” түүхэн аялал жуулчлалын цогцолбор барилга, Дэлгэрхаан суманд 2.4 тэрбум төгрөгийн өртөг бүхий “Монголын нууц товчоо” цогцолборын барилга, Биндэр суманд 3.1 тэрбум төгрөгийн өртөг бүхий Их хуралдай цогцолборын ажлыг тус тус эхлүүлж, цогцолбор газар тус бүрийн гадна тохижилт, шугам сүлжээний ажилд 5.6-3.5 их наяд төгрөг зарцуулахаар тус бүр тусгасан байна. Мөн Аварга тосон, Бүрд нууруудыг сэргээх 2.4 тэрбум, Гурван нуурын усны нөөцийг нэмэгдүүлэх зураг төслийн ажилд 300 сая төгрөг тусгажээ.
БАРИМТ 3
Хууль зүй дотоод хэргийн сайд өөрийн төрлөх нутагтаа улсын бүртгэлийн байр, сумддаа цагдаагийн тасгийн байр бариулахаа мартсангүй.
Өөрөөр хэлбэл, 81 тэрбум төгрөгийг захиран зарцуулах мэдэлтэй Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар 2023 онд Хэнтий аймгийн Хэрлэн суманд 2.5 тэрбум төгрөгийн төсөвт өртөг бүхий Улсын бүртгэлийн хэлтсийн байр шинээр бариулж, Батноров сумын Бэрх тосгоны цагдаагийн тасгийн байранд 380 сая төгрөгийн засвар үйлчилгээ хийлгэх төлөвлөгөө гаргасан байна.
БАРИМТ 4
Барилга хот байгуулалтын сайдын багцад өртөг өндөр бүхий хэд хэдэн ажил тусгуулсан байна. Дурдвал, Хэнтий аймгийн Хэрлэн суманд 14 тэрбум төгрөгийн төсөвт өртөгтэй үерийн хамгаалалтын байгууламж, Цэнхэр мандал суманд 760 сая төгрөгийн үерийн далан, Жаргалтхаан суманд 712 сая төгрөгийн цэвэр усны шугам, сүлжээ, Галшар суманд 5.9 тэрбум төгрөгийн өртөг бүхий Шинэ сум төсөл, Хэрлэн суманд 16 тэрбум төгрөгийн Чингис хотын бохир усны төв коллекторын шугамын шинэчлэл, өргөх станц, 51 тэрбум төгрөгийн төсөвт өртөг бүхий гэр хорооллын инженерийн шугам сүлжээний ажлыг тус тус ирэх онд ашиглалтанд оруулахаар төлөвлөжээ.
БАРИМТ 5
Боловсрол шинжлэх ухааны сайдын 1.4 тэрбум төгрөгийн төсөвт Хэнтий аймгийн сум сууринуудад сургууль, цэцэрлэг барих төслийн ажлыг нэлээд тусгасан харагдана. Сургууль, цэцэрлэгийн барилга, сургуулийн дотуур байрны ажил, их засварын ажлууд байж болох төсөв ч яг хэмнэлтийн төсвийн жилд нэг аймагт хэт олон төсөвт өртөгтэй спорт заал, заалны өртгөтөл барих нь хэр оновчтой вэ гэдэг нь эргэлзээ төрүүлж байна.
Тухайлбал, Хэнтий аймгийн Батноров сум Бэрх тосгонд олон улсын стандартын сургуулийн 640 суудалтай барилгын ажлыг 8.8 тэрбум төгрөгийн өртгөөр барьж эхлүүлэхээр төлөвсөн. Мөн Хэнтий аймгийн Дэлгэрхаан суманд 998 сая төгрөгийн спорт заалны өргөтгөл, Батноров суманд 320 хүний суудалтай 5.6 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалттай урлагийн заалны өртгөтөл, Өмнөдэлгэр суманд 8.9 тэрбум төгрөгийн өртөгтэй сургуулийн барилга, Биндэр суманд 859 сая төгрөгийн спорт залны өргөтгөл, Хэнтий аймгийн Хэрлэн суманд 19 сая төгрөгийн өртөг бүхий сургуулийн барилга, тус суманд 5.4 тэрбум төгрөгийн цэцэрлэгийн өргөтгөлийн ажил, Батширээт суманд 3.9 тэрбум төгрөгийн өртөг бүхий сургуулийн дотуур байрны барилга, Мөрөн суманд 3.4 тэрбум төгрөгийн өртөг бүхий сургуулийн урлаг заалны барилгын ажил гэх мэтээр төсөвт өртөг нь маш өндөр сургуулийн өргөтгөл, сумын спорт заалны ажлуудыг ирэх онд дуусгахаас төсөвт суулгасан байна. Уг нь бол эдийн засаг элгээрээ хэвтсэн энэ үед энэ олон барилгын ажлыг эхлүүлэх нь зайлшгүй шаардлагатай юу гэдэг нь анхаарах асуудал болж байна.
БАРИМТ 6
Хэнтий аймгаас Ерөнхийлөгч, Ерөнхий сайд томилогдсон сүүлчийн дөрвөн жилд тус аймгийг аялал жуулчлалын бүс нутаг болгоно гэх зорилт тавьж, хөшөө дурсгалын бүтээн байгуулалтын гол ажлуудын тус аймагт төвлөрүүлэх болсон. Эдийн засгийн хямралтай энэ үеийн судлаачид төсвийн хэмнэлт хийх шаардлагатай, олон хөшөө дурсгал барих шаардлагагүй гэж үздэг. Ирэх жилийн төсвийг ч эрх баригч намынхан тэгж үзэж байгаа. Тэгвэл Хэнтий аймагт мөн л хэмнэлтийн төсөв хамаарахгүй гэдэг нэг баримт Соёлын сайдын багцад тодорхой байна.
Өөрөөр хэлбэл, Хэнтий аймгийн 20 тэрбум төгрөгийн төсөвтэй Хан-Хэнтий чуулгын барилгыг ажлыг ирэх онд дуусгах юм байна. Мөн тус аймгийн Галшар суманд гурван тэрбум, Цэнхэр мандал суманд 2.9 тэрбум, Батширээт суманд 2.7 тэрбум төгрөгийн өртөг бүхий соёлын төвийн барилгын ажлууд эхлүүлсэн. Батноров суманд 932 сая төгрөгийн өртөгтэй соёлын ордны их засварын ажил, 692 сая төгрөгийн төсөв бүхий соёлын төвийн дотор засварын ажлын төсвийг тус бүр суулгаад байгаа юм.
БАРИМТ 7
Улсын төсвийн хамгийн өндөр өртөгтэй хөрөнгө оруулалттай салбар нь Зам тээврийн сайдын багцад бий. Тэгвэл энэ салбарын хөрөнгийг ч Ерөнхийлөгч, Ерөнхий сайдын нутаг руу тэрбум, тэрбумаар нь урсгаж байна. Ингэхдээ Хэнтийн сум бүрийг хатуу хучилтай замаар холбож, сумын төвд нь засмал зам тавих төслүүд ар араасаа эгнэсэн байна.
Тухайлбал, Даланжаргалан-Бор-Өндөр сум хүртэл 50 км замын нийт төсөв нь 47 тэрбум төгрөг, Чингис хот-Дадал сум хүртэлх 50 км замд 48 тэрбум төгрөг, Улаанбаатар-Чингис хотын чиглэлийн авто чиглэлийн 52:5 км замд 53 тэрбум төгрөг, Биндэр, Батширээт сумдын бетонон гүүрийн ажилд 6.9, 6.6 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт тусгасан гээд дурдвал улсын төсвийн хөрөнгө оруулалтыг улайтал нь нутаг руугаа татаж байна.
Энэ мэтээр төрийн түшээд нарын нутаг руу төсвийн мөнгө тэрбум тэрбумаараа урсаж байгаа нь хүүхдийн мөнгөө хүртэл танаж хэмнэх мөнөөх гоё нэртэй төсвийн төсөл үнэн байж чадаж байгаа юу гэдэг эргэлзээг төрүүлж байна.
https://ergelt.mn/news/1/single/25684
Санал болгох
Сэтгэгдэл бичих
Сэтгэгдэл бичих