Төсвөө баталж чадахгүй байгаа УИХ-ыг тараасан ч яах вэ
УИХ өчигдөр тун хангалтгүй ажиллаа. Уг нь чуулганаар Монгол Улсын 2016 оны төсвийн тухай Хүний хөгжил сангийн 2016 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2016 оны төсвийн тухай хуулийн төслийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийхээр төлөвлөсөн. Гэвч харамсалтай нь тэд ажлаа хийж чадсангүй.
Уг нь ирэх оны төсвийг арваннэгдүгээр сарын 15-ны өдөр гэхэд батлан гаргасан байх ёстой. Гэтэл өнөөдөр өглөө чуулган хуралдаан 09.00 цагаас эхлэх хуваарьтай байсан ч гишүүдийн ирц бүрдэхгүй байсаар 10.20 цагт арай гэж 52.6 хувийн ирц бүрдэж чуулган хуралдаж эхэлсэн. Эхэлсэн даруйдаа хуулийн төсөлтэй холбоотой асуудлуудыг ярихгүйгээр цаг хугацаа хэмнэж хоёр дахь хэлэлцүүлгийг шуурхай хийхээр оролдсон нь олны анхаарлыг ихэд та юм. Үүнийг нь МАН-ын бүлэг эсэргүүцэж завсарлага авахыг хүссэн. Завсарлага өгөх эсэхийг кнопоор шийдэх гэсэн боловч бас л ирц хүрэхгүй байсан тул УИХ-ын дарга арга буюу өөрийн эрх мэдлээ ашиглаж нэг цагийн завсарлага өгснөөр үдээс өмнөх чуулганы хуралдаан завсарласан.
Ингээд өнөөдөр төсвийн тухай хуулиудын хоёр дахь хэлэлцүүлгийг өглөө хийх байсан ч чадсангүй. УИХ хамгийн чухал нь ажил болох ирэх оны төсвөө ч баталж чадахгүй нөхцөл байдал хүрлээ. Ирэх оны төсвийг батлана гэдэг бол ирэх жил Монгол Улс хэдий хэр орлого олох, юунд яаж зарцуулахаа нэг бүрчлэн ярьж шийднэ гэсэн үг. Айл гэрээр яривал ирэх онд өмсөх хувцас, идэх хоол, унтах орон байртай байх эсэхээ л ярьж байгаа хэрэг. Гэсэн атал улс орны эдийн засгийн нөхцөл байдал хүндэрчихсэн Грекийн араас орох уу, үгүй юу гэдгээ шийдэх чухал цаг үед эрх баригчид төсвөө ч баталж чадахгүй сууна.
Төсөв ярих үед сайд бүр, гишүүн бүр гар бие оролцож, ажилдаа хариуцлагатай хандах үүрэгтэй. Гэтэл санал хураах ч боломжгүй ирцтэйгээр чуулган хуралдаж байгаа нь зөв үү. Ийм байдалтай байгаа УИХ-ыг чадамжгүй гэж үзээд огцруулах уу. Төсвийн нөхцөл байдал хүндэрлээ гэж ярьж төрийн албан хаагчдыг хэдэн зуугаар нь ажил амьдралгүй болгочихсон хэрнээ өөрийсдийн тансаглал, цалин хөлсөө багасгахыг тас эсэргүүцэж байгаа нь шударга явдал мөн үү. Маргааш Монгол Улсын 2016 оны төсвийн тухай Хүний хөгжил сангийн 2016 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2016 оны төсвийн тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийнэ. Хэрэв иймэрхүү байдалтайгаар хуралдаж төсвөө батлавал алдаа оноо багатай сайн төсөв болж чадахгүй л байлтай.
Засгийн газраас өргөн барьсан төсвийн хуулийг нь Засгийн газрын гишүүн нь "муу төсөв, татаж ав" гэж байгаа тохиолдлыг анх удаа л харж байна.
Г.Лхагва
Zaluu.com