📅

Доктор Д.Наранбаатар:Америкт 6 доллараар зардаг эмийг Ж.Амарсанаа 225 мянган төгрөгөөр зарж байсан

🕔 2016/05/28 15:06

 


Өвчтэй, зовлонтой хүний зовлон дээр дөрөөлж, мөнгө олохыг урьтал болгодог хүн хааяагүй л байдаг. Эрүүл мэндийн салбараар бизнес хийж болно. Гэхдээ хүн сэтгэл, мөс чанартай хүн энэ бизнесийг эрхлэх учиртай гэж АНУ–д физикийн шинжлэх ухааны докторын зэрэг хамгаалсан Д.Наранбаатар хэлж байна. Тэрээр элэгний "Оном” сангийн ТУЗ–ийн дарга юм.  Түүнтэй ярилцлаа.
 
–Элэгний С вирусийн эмтэй хэзээ анх танилцаж Монголдоо оруулж ирье гэж бодов. Дэд сайд асан Ж.Амарсанааг Америкт урьсан нь хэзээний явдал вэ?
 
–Манай "Оном” сан 2013 онд Монголд элэгний цогц судалгааг хийсэн юм. Монголд 200 мянган хүн элэгний өвчлөлтэй гэж гарсан. Арван хүний долоо нь элгээр нас барж байна. Монголчууд мах их иддэгтээ, архи их уудагтаа биш, ерөөсөө л монголчуудын дунд элэгний вирусийн халдвар их байгаа юм. Энэ судалгаагаа Монголын эрдэмтэддээ танилцуулахдаа Ж.Амарсанааг урьсан. Ж.Амарсанаа тухайн үед Эрүүл мэндийн дэд сайд байсан. Танилцуулгын дараа би Америк руу явсан. Тэнд Стэнфордын их сургуулийн төгсөгч Греиг Алтонтой танилцсан юм. Учир нь тэдний байгууллага элэгний С вирусийг эмчлэх эм гаргаснаа танилцуулсан байсан нь миний сонирхлыг асар их татсан л даа. С вирусийг эмчлэх софосбувир эм гурван сарын курс нь 900 ам.доллар байсан.
 
–Тээвэр, гаалийн зардал нь ороогүй үнэ үү?
 
–Орсон үнэ. Тэгсэн дөрөвдүгээр сард Ж.Амарсанаа над руу яриад би наана чинь нэг хуралд оролцохоор боллоо. Тэгэнгээ С вирусийн эм үйлдвэрлэж буй компанийн чинь хүмүүстэй уулзья гэсэн. Би америкчууддаа "Манай дэд сайд ирэх нь, хувийн элэгний эмнэлэгтэй, хамтран ажиллах боломж бидэнд байна” гэж маш их найдлага тээж танилцуулсан. Ингээд Ж.Амарсанаа ирсэн. Бид маргааш нь компанитай нь танилцуулсан, тэр үед Гадаад харилцааны сайд байсан Г.Занданшатар Стэнфордын их сургуулийн зочин эрдэмтний хувиар лекц уншиж байхтай нь таарсан. Тэнд байх зочид буудлынх нь зардлыг хүртэл би хувиасаа төлсөн л дөө. Гэтэл тэр уулзалт, танилцуулгууд дээр Ж.Амарсанаа нэг их юм ярьж өгөхгүй, нэг л хайнга, үл тоомсорлосон байдалтай яваад байсан. Уулзалтын дараа тухайн үед Сан–Францискогийн Ерөнхий консул байсан Ц.Анхбаяр гарч ирээд "Гурван сарын курс эмчилгээ нь 900 ам.доллар гэдэг чинь гайгүй үнэ юм биш үү” гэж ярьж байхад Ж.Амарсанаа хажууд зогсч байсан. Тэр үед Харвони гэж уудаг эм бас гарч байгаа тухай яригдаж байсан үе.
 
Орой нь зочид буудалд нь хүргэж өгөөд гадаа нь жаахан юм ярьж суутал Ж.Амарсанаа "Би энэ эмийг маш том бизнес гэж харж байна. Чи надтай хамтраад энэ бизнесийг хий. Ашгийн 80 хувийг нь би авья, 20 хувийг нь чи ав. Би өвчтэй хүмүүсийн мэдээллийг ХӨСҮТ дээр ч юм уу цуглуулаад нэгдсэн байдлаар оруулж ирнэ” гэсэн. Тэгэхээр нь би "900 ам.доллар дээр таван ам.доллар нэмсэн ч манай ард түмэн үнийг нь дийлэхгүй шүү дээ. Харин ч Турк зэрэг олон орон шиг улс нь худалдаж аваад иргэддээ үнэ төлбөргүй тараах ёстой. Тэгээд ч энэ бол гурвалсан эмчилгээтэй эм. Дан ганц софосбувир эмийг уухгүй. Цаана дахин эм, тариа хоёр хавсарч хэрэглэх ёстой. Зөвхөн нэг тариа нь 220 ам.долларын үнэтэй. Гурван сарын эмчилгээ нь 5000 орчим ам.доллар болно. Чи төрийн сайд хийгээд явж байж ийм юм ярьж байгаа бол би чамаар энэ ажлыг хийлгэхгүй” гэсэн. Ж.Амарсанаа "Чи юу гэж хүний бизнесийг булаагаад байгаа юм. Чи ер нь юу хийсэн юм бэ?” гэж давшилсан. Хариуд нь би "Миний хийж байгаа ажил бол цагаан мөртэй. Харин чи ард түмний дэмжлэгээр төрийн сайд болчихоод сайн сайхан юм хийхийн оронд ингэж ч явах гэж дээ” гэж хэлсэн. Ингэж бид хоёр жаахан онцгүй салсан. Өглөө нь над руу уучлал гуйсан мессеж явуулсан байсан. Одоо ч надад тэр мессеж нь бий.
 
Явсных нь дараа Ерөнхий консул Ц.Анхбаяр над руу утасдаад "Гадаад яамнаас Ж.Амарсанаа дэд сайдыг хаана байна гээд сураглаад байна. Олон улсын хуралд оролцоно гэж ирээд тэрэндээ ч суулгүй нааш ирсэн юм шиг байна. Явсан уу?” гэж асуусан. Ж.Амарсанаа бол төрийн нэрээр хуралд ирчихээд тэрэндээ ч суулгүй, хувийн ажлаа хөөцөлдөж явсан хүн юм билээ л дээ.
 
–Монголд ирэнгүүтээ хэвлэлийн хурал хийгээд эм оруулж ирэх гэж байгаа талаараа яриад явчихсан уу?
 
–Нөгөөдөр нь Монголоос мэдээний линк ирснийг хартал Ж.Амарсанаа хэвлэлийн бага хурал хийгээд элэгний С вирусийг эмчлэх эм 1800 ам.доллараар оруулж ирэх гэж байгаа тухайгаа ярьсан байсан. Би мэл гайхсан. Юун 1800 ам.доллар вэ. Ерөнхий консул Ц.Анхбаярыг "900 ам.доллар чинь гайгүй үнэтэй юм биш үү” гэж хэлэхэд хажууд зогсож байсан хүн. Мань хүн яг буруу ойлгож гээд, би бизнес хийх гэж зориуд тэгж ярьсанд нь огт итгээгүй юм.
 
2014 оны зургадугаар сард Греиг Алтон нарын хүмүүс Монголд ирдэг юм. Н.Удвал сайдтай уулзахаар болоод биднийг ЭМЯ–ны уулзалтын танхимд сууж байтал сайд биш, дэд сайд Ж.Амарсанаа нэг гадаад харилцааны мэргэжилтэнтэйгээ ороод ирсэн. Өөрийнхөө комбинацийг л ярих гэж зориуд биднийг сайдтайгаа уулзуулахгүй байна гэдгийг тэгэхэд шууд мэдсэн. Сүүлд сонссон, Н.Удвал сайд дээрээ явж ороод "Та миний хийх гэж байгаа бизнесийн урдуур орлоо. Би энэ хүмүүстэй уулзана” гэж хэлсэн юм билээ. Протоколоороо уг нь ингэж болохгүй шүү дээ. Үүгээр зогсохгүй уулзалт дундуур телевизийн камер ороод ирсэн. Биднийг их эвгүй байдалд оруулсан л даа. Ж.Амарсанаа "Сайд бичлэг хийгээрэй гэсэн. Манай төр наад эмийг чинь худалдаж авч чадахгүй. ХӨСҮТ дээр ч юм уу хүмүүсийн мэдээллийг цуглуулаад тэгээд оруулж ирье” гэж хэлсэн.
 
–Тэр бичлэг нь орой телевизээр цацагдсан уу?
 
–Үгүй. Бид нар хэлээд болиулсан. Манай хүмүүс тэр уулзалтаас маш их ууртай гарч ирсэн. "900 ам.долларын эмийг 1800 гэж зарласан, ер нь энэ хүнээс хол байх ёстой юм байна” гэж ярьцгаасан. Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга П.Цагаан, УИХ–ын даргын ахлах зөвлөх С.Ламбаа, сайд С.Эрдэнэ, байнгын хорооны дарга Д.Батцогт гээд олон хүнтэй дараа нь уулзаад, дэд сайд Ж.Амарсанаа ийм бизнес хийх гээд яваад байна шүү гэдгийг хэлсэн. Яг буцахын урьд орой Монгол Улсын Ерөнхийлөгч хүлээн авч уулзсан. Ж.Амарсанаа бас уригдсан байсан. Бид нарыг маш сайхан хүлээж авсан. Уулзалтын үеэр Ерөнхийлөгч бүх талаар дэмжинэ гэдгээ илэрхийлсэн. Төгсгөлд нь Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, бид хоёрыг дэргэдээ зогсоож байгаад "Чи ажлаа л хий. Хэвлэлийн ажил чинь түрүүлээд байна” гэж Ж.Амарсанааг зэмлэсэн.
 
–Н.Удвал сайд та нарыг ер нь хүлээн авч уулзаагүй юм байна, тийм үү?
 
–Н.Удвал сайд биднийг "АН–ын нөхөд байна, Ерөнхийлөгч дэмжээд байгаа юм байна. Гол нь хулхи бараа шахах гээд байна” гээд уулзахгүй байсан юм билээ. Энэ ч бас гайгүй. Ж.Амарсанаа бидэнтэй яаман дээр уулзахдаа "Энэ гадны компани төчнөөн мянган ширхэгийг худалдаж ав” гэж шахлаа гэж хурлын худал протокол үйлдээд сайддаа танилцуулсан байдаг юм. Ж.Амарсанаа гадаад харилцааны мэргэжил­тэнтэйгээ хуйвалдсан юм шиг байна лээ. Бид тийм зүйл огт яриагүй. Ж.Амарсанаагийн ажил хэвлэлээр л сайн явдаг юм билээ. Өдөр тутмын сонинд Ж.Амарсанаа "Элэгний С вирусийн эм оруулж ирэхэд сайд саад болж байна” гэсэн утгатай ярилцлага өгсөн байсан. Гэхдээ сүүлд нь Н.Удвал сайд биднийг зөвөөр ойлгож эхэлсэн. Н.Удвал сайд Ж.Амарсанаагаасаа жаахан жийрхээд байсан юм шиг байна лээ.
 
–Ж.Амарсанаа танай санг цагдаад өгч шалгуулсан байх аа. Ямар үндэслэлээр шалгуулсан юм бэ?
 
–Дараа нь бид нар Н.Удвал сайдтай уулзсан л даа. Тэгэхэд манай дэд сайд элэгний өвчтэй хүмүүсийг өрөөндөө бүртгээд Эрүүл мэндийн яам маань бүртгэлийн газар боллоо гэж хэлсэн. Ж.Амарсанаа туслахаараа дамжуулаад хүмүүс бүртгээд байсан юм билээ. Төрийн банкин дээр хүртэл данс нээлгэчихсэн. Харин биднийг тусгай дугаараар өвчтөнүүдийн мэдээллийг авч байсан гэж буруутгасан. Цагдаа орж ирээд "Эм чинь хаана байна?” гэсэн. Манайх эм зардаг газар биш гэдгээ хэлсэн. Биднийг шалгаад юу гарах вэ дээ.
 
–Бас Ж.Амарсанаа чинь сайд Н.Удвалтайгаа шүүхдэлцэж байсан байх аа?
 
–Байнгын хорооны хурал дээр М.Энх–Амгалан гишүүн энэ талаар сайдаас асуутал Н.Удвал "Манай дэд сайд мөнгө олох зорилгоор яаман дээр хүмүүс бүртгэж байгаа” гээд хэлчихдэг юм. Үүнээс бол "Нэр хүндэд халдлаа” гэж сайдыгаа шүүхэд өгсөн. Тэгээд үүнийгээ яаж ийгээд аргалчихаад "Миний буруугүйг шүүх тогтоолоо” гээд Ж.Амарсанаа хэвлэлээр ярьж байсан л даа.
 
-1800 ам.доллар гээд зарлагдсан эм маань хэзээ бодит үнэ болох 900 руугаа буусан бэ?
 
–Бид нар Ерөнхий­лөгчөөс өгсүүлээд уулзсан бүх сайд, дарга нарт "900 ам.долларын эмийг энэ дэд сайд чинь будлиулаад байна шүү” гэдгийг хэлээд явсан учраас Ж.Амарсанаа нэг л өдөр үнэнд гүйцэгдсэн л дээ. Арванхоёрдугаар сард дэд сайдаас буусан. Дараа нь харин сайд болсон Г.Шийлэгдамба, дэд сайд Д.Атармаа нар биднийг бүх талаар дэмжиж ажилласан. Бид гурвалсан үйлчилгээтэй, өндөр үнэтэй софосбувирыг биш, Харвони эмийг оруулж ирсэн. Одоо энэ эмийг "Омбол” ХХК, "Эм импекс” хоёр оруулж ирж байгаа. Хоёр компани сонгосон учир нь монополь үүсгэхээс сэргийлсэн.
 
–Өөрийн чинь ярианаас Ж.Амарсанааг төрд ойртуулж болохгүй хүн юм гэсэн бодол төрлөө?
 
–Төрийн ажил биш, хувийн бизнес хийх гэж улс төрд орж ирсэн хүн байна лээ. Энэ хүнд мөнгө л чухал. Хүний мөс чанарын тухайд юу ч байхгүй. Мөнгө л олж байвал хүн эрүүл болно уу, өвчтэйгээрээ үлдэнэ үү тэр хамаагүй. "Хаппи веритас” эмнэлэг дээр хэчнээн хүн хохирч байна гэж бодож байна. Тэднийх шинжилгээг гар аргаар буюу угаалгын машинаар яривал хагас автомат машинаар тоолдог болохоор алдаа гараад байдаг. Хүмүүсийг Д буюу дельта вирусгүй гээд л явуулчихна. Би тэдэнд зөндөө хэлсэн. Одоо л ойлгоод зөв шинжилгээ хийж эхэлж байх шиг байна. В вирусийн тенофовир гэж америкт зургаан ам.доллараар зардаг эмийг "Хаппи веритас” 225 мянган төгрөгөөр зарж байсан. Бид нар уг эмийг үйлдвэрлэдэг Mylan компанитай холбоо тогтоогоод "Танай дистрибьютер компани чинь энэ эмийг хэт өндөр үнээр дамлаж байна. Та нар үүнийгээ болиулаач” гэж хэлсэн. Одоо "Эм импекс” компани дээр энэ эмийг 25 мянган төгрөгөөр зарж байгаа. Гэтэл Ж.Амарсанаа "Би Азийн олон улсын байгууллагатай ярьж байгаад үнийг буурууллаа. Одоо та энэ эмийг уухын тулд 400 хэдэн мянган төгрөгийн шинжилгээнд хамрагдсан байх ёстой” гээд хэвлэлээр шоудаад эхэлсэн. Дараа нь өөрийн эмнэлэг дээр бүртгэлтэй байгаа бүх хүмүүс рүү шинжилгээ хийлгэ гээд утасдсан байна лээ.
 
–Наана нь ингэж мэдэгдэж байгаагаас биш өөр ямар, ямар эмийг ингэж өндөр үнээр дамласан бол?
 
–Уудалбал зөндөө л юм бий. С вирусийн эм орж ирэх гэж байгаатай холбогдуулаад баахан хүнийг өндөр үнээр шинжилгээнд хамруулсан байдаг юм. С вирусийн шинжилгээний хүчинтэй хугацаа нь гурван сар. Харвони эм 12 дугаар сард орж ирсэн. Тэгэхэд 7 сард шинжилгээ хийлгэсэн хүмүүсийн шинжилгээний хариу хүчингүй болчихож байгаа юм. Хэдэн мянган хүн дахин шинжилгээ хийж баахан мөнгөөрөө хохирсон. Тэр хүмүүс хэвлэлийн бага хурал хүртэл хийсэн шүү дээ. Тэгж байж "Хаппи веритас” арай гайгүй болсон.
 
–Танай сан дэргэдээ "Элэгний төв” гээд эм­нэлэг­тэй. Энэ бүх ярианы эцэст өрсөлдөгч эмнэлгээ дарахын тулд ийм зүйл ярилаа гэх байх даа?
 
–Ж.Амарсанаа намайг тас цохиж хэзээ ч чадахгүй. Яагаад гэвэл би мань хүний тухай яриад л яваад байгаа. Би яагаад энэ талаар өмнө нь ярьдаггүй байсан бэ гэхээр бид нар гудамжинд гарч ирээд зодолдоод унах утгагүй байсан байхгүй юу. Эм нь орж ирээгүй, юу нь ч болоогүй байхад зодолдоод унахаар хоёулаа л муухай харагдана шүү дээ. Би бүр сонгуулийн дараа тусгай өгүүлэл бичнэ гэж бодож байгаа. Одоо Монголд зарагдаж байгаа элэгний эмнүүдийг улам хямдруулж оруулж ирэх ёстой. Бид нар бүгдийг нь мэдэж байгаа учраас манай компаниуд одоо үнээ нэмж чадахгүй байгаа юм.
 
-Ярилцсанд баярлалаа. Сүүн мөртэй ажилд нь улам их амжилт хүсье.
 
Эх сурвалж: "Зууны мэдээ” сонин
скачать dle 12.0

Санал болгох

Сэтгэгдэл бичих

Сэтгэгдэл бичих

reload, if the code cannot be seen
Сэтгэгдэл бичих

0 сэтгэгдэл

»

Санал асуулга

Таксины үнийг эхний 1 км тутамд 1500, 2 км-ээс 1000 төгрөг болгож нэмсэн нь зөв үү?