📅

НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргын Монгол Улсад хийх айлчлал өнөөдөр эхэлнэ

🕔 2022/08/08 10:20

НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргын Монгол Улсад хийх айлчлал өнөөдөр эхэлнэ

 

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн урилгаар НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутерреш Монгол Улсад айлчлахаар өнөөдөр хүрэлцэн ирнэ. Тэрбээр 2022 оны 8 дугаар сарын 08-11-ний өдрүүдэд Монгол Улсад албан ёсны айлчлал хийх юм. Ерөнхий нарийн бичгийн дарга А.Гутерреш айлчлалынхаа хүрээнд Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд бараалхаж, УИХ-ын дарга Г.Занданшатар, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг нартай тус тус уулзалт хийх. Мөн НҮБ-ын Суурин зохицуулагчийн газарт зочилж, манай улсын санаачлан байгуулсан Далайд гарцгүй хөгжиж буй орнуудын Олон улсын судалгааны төвийн үйл ажиллагаа, Монгол Улсын түүх, соёл, зан заншил, байгаль, хүрээлэн буй орчинтой танилцахаар төлөвлөж байна.

НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга А.Гутерреш 1949 оны 04 дүгээр сарын 30-нд Португал Улсын Лиссабон хотноо төржээ. Тэрбээр Португал Улсын Парламентын гишүүн, Европын Зөвлөл дэх Португал Улсын төлөөлөгч, Европын Зөвлөлийн Ерөнхийлөгч, Социалист намын Ерөнхий нарийн бичгийн дарга, Социалист Интернационалын Дэд ерөнхийлөгч, Ерөнхийлөгч, Португал Улсын Ерөнхий сайд, Дүрвэгсдийн асуудал эрхэлсэн НҮБ-ын Дээд комиссарын албыг хашиж явсан туршлагатай улс төрч, дипломатч бөгөөд 2017 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс НҮБ-ын 9 дэх Ерөнхий нарийн бичгийн даргаар ажиллаж байна.

Ташрамд дурдахад, Монгол Улсад НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргын түвшинд  дөрвөн удаа айлчилж байснаас хамгийн сүүлд Ерөнхий нарийн бичгийн дарга Бан Ги Мүүн 2009 онд айлчилсан юм.

 

МОНГОЛ УЛС БА НҮБ

Монгол Улс 1961 оны 10 дугаар сарын 27-ны өдөр НҮБ-ын бүрэн эрхт гишүүн  болсноос хойш  тус байгууллагын үндсэн зорилго, зарчмуудыг тууштай дэмжиж, өөрийн хувь нэмрээ оруулж, идэвхтэй хамтран ажиллаж ирсэн юм. Манай улс олон улсын энх тайван, аюулгүй байдал, зэвсэг хураах, хүний эрхийг хөхиүлэн дэмжих, ардчилал, засаглалыг бэхжүүлэх, эдийн засаг, нийгэм, хүмүүнлэгийн олон асуудлаар Ерөнхий Ассамблейн нийт 90 гаруй тогтоол санаачлан хэлэлцүүлж батлуулжээ.

Өдгөө “Монгол Улсын олон улсын аюулгүй байдал, цөмийн зэвсэггүй статусын тухай”, “Хөдөөгийн охид, эмэгтэйчүүдийн аж байдлыг сайжруулах тухай”, “Нийгмийн хөгжилд хоршооллын гүйцэтгэх үүргийн тухай”, “Бичиг үсгийн боловсролын тухай”, “Ардчиллын боловсролын тухай” гэсэн Ерөнхий Ассамблейн 5 тогтоолыг тогтмол санаачлан батлуулж байна.

Монгол Улс НҮБ-д элссэний 60 жилийн ой 2021 онд тохиосон юм.

Монгол Улс 2000 оноос хойш зохион байгуулсан тогтвортой хөгжил, уур амьсгалын өөрчлөлт, хөгжлийн санхүүжилт, гамшгийн эрсдлийг бууруулах болон далайд гарцгүй хөгжиж буй орнуудын дамжин өнгөрөх хамтын ажиллагааны асуудлаарх томоохон хурал, дээд хэмжээний уулзалтуудад оролцож, тэдгээрээс гаргасан шийдвэрүүдийг хэрэгжүүлэх үүрэг хүлээж ирсэн болно.

 

НҮБ нь Монгол Улсын нийгэм, эдийн засгийн хөгжил, байгаль орчныг хамгаалах, ардчиллыг дэмжих, хүний эрхийг хамгаалах хүчин чармайлтыг дэмжиж ирсэн.  Өнөөдрийн байдлаар НҮБ-ын системийн байгууллагууд, сан, хөтөлбөрийг төлөөлсөн 11 байгууллага Монгол Улсад суурин ажиллаж, манай хөгжлийн бодлого, үйл ажиллагааны чухал түнш байсаар иржээ.

 

НҮБ-ЫН ЭНХИЙГ САХИУЛАХ АЖИЛЛАГАА БА МОНГОЛ УЛС

Монгол Улсын Засгийн газраас 1999 онд Энхийг сахиулах ажиллагаанд оролцох тухай тогтоол гаргаж, улмаар “НҮБ-ын энхийг сахиулах ажиллагаанд оролцох тухай Монгол Улсын Засгийн газар, НҮБ хоорондын санамж бичиг”-ийг байгуулав.

 

2002 онд УИХ-аас “Цэрэг, цагдаагийн албан хаагчдыг НҮБ-ын энхийг сахиулах болон олон улсын бусад ажиллагаанд оролцуулах тухай” хууль батлан гаргав.

Монгол Улсын Засгийн газар НҮБ-тай байгуулсан “Харилцан ойлголцлын санамж бичиг”-ийн дагуу олон улсын өмнө хүлээсэн үүргээ биелүүлж, 2002 оноос өнөөг хүртэл Монгол Улсын Зэвсэгт хүчнээс энхийг дэмжих ажиллагаанд давхардсан тоогоор нийт 18,139 гаруй цэргийн алба хаагч үүрэг гүйцэтгэсэн байна.

2020 оны 9 дүгээр сарын байдлаар Өмнөд Судан, Суданы Дарфур, Абией муж, Исламын Бүгд Найрамдах Афганистан Улс, Баруун Сахар, Конго, Йемен зэрэг 7 улсын нутаг дэвсгэрт явагдаж буй энхийг дэмжих ажиллагаанд Монгол Улсын зэвсэгт хүчнээс нийт 1108 цагдаа, цэргийн албан хаагч үүргээ нэр төртэй биелүүлж байв. 2019 онд Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Өмнөд Судан Улсад очиж энхийг сахиулагчдаа эргэж байсан юм.

 

скачать dle 12.0

Санал болгох

»

Санал асуулга

Таксины үнийг эхний 1 км тутамд 1500, 2 км-ээс 1000 төгрөг болгож нэмсэн нь зөв үү?