А.Отгонцэцэг: Сонгон шалгаруулалтын энэ үед Зөвлөлийн гишүүдтэй аливаа хэлбэрээр холбоо тогтоох гэж оролдохыг нэр дэвшигчдэд хориглоно
Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүн А.Отгонцэцэгтэй шүүгчийн сонгон шалгаруулалтад анхаарах асуудлын талаар ярилцлаа.
-Шүүхийн ерөнхий зөвлөлөөс шүүгчийн сул орон тоог нөхөх сонгон шалгаруулалтын бүртгэл хугацаандаа дууссан уу? Одоогоор ямар ажиллагаа хийгдэж байна вэ?
-Шүүгчийн сул орон тоонд сонгон шалгаруулалт зарлаад нэр дэвшигчдээс материал хүлээн авах хугацаа дууссан. Нэр дэвшигчдээс ирүүлсэн материалыг нягтлан шалгах ажиллагаа явуулж байна. Эхний байдлаар хяналтын шатны шүүгчийн дөрвөн сул орон тоонд нэрээ дэвшүүлсэн есөн иргэний материалыг шалгаад долоог нь бүртгэсэн тогтоол гаргасан. Хоёр нэр дэвшигчийг тодорхой үндэслэлээр татгалзсан. Нэр дэвшигчээр бүртгэсэн, бүртгэхээс татгалзсан тогтоолыг Шүүхийн ерөнхий зөвлөлийн www.judcouncil.mn цахим сайтад байршуулсан. Нэр дэвшигчид ажлын гурван өдрийн дотор тогтоолд гомдол гаргах эрхтэй. Нэр дэвшигчид бол хоёр байдлаар гомдол гаргана. Бүртгэгдэх ёсгүй хүнийг бүртгэсэн байна гэж нэр дэвшээгүй хүн гомдол гаргаж болно. Мөн бүртгэхээс татгалзсан нь үндэслэлгүй байна гэж үзвэл гомдол гаргаж болно.
Гомдлыг shuugch-songon@judcouncil.mn хаягаар хүлээж авна.
Дараагийн нэг ажиллагаа бол нэгэнт бүртгэгдсэн байгаа нэр дэвшигчийн талаар иргэд олон нийтэд Шүүхийн ерөнхий зөвлөлийн цахим хуудсаар нээлттэй мэдээлсэн байгаа. Иргэд олон нийт нэр дэвшигчээс асуух асуулт, санал байвал мэдээлснээс хойш 14 хоногийн дотор shuugch-songon@judcouncil.mn хаягаар ирүүлэх боломжтой. Асуулт санал авах ажиллагаа тавдугаар сарын 27-ныг хүртэл явагдана. Нэр хаяггүй саналыг бол хүлээн авахгүй. Шүүгчийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаатай холбоотой гомдол хүлээн авахгүй. Хяналтын шатны шүүхийн шүүгч нараас авах хууль зүйн шалгалтын хуваарь гарсан. Шалгалт 2022 оны тавдугаар сарын 21-22 ны өдрүүдэд болно. Нэр дэвшигчид энэ өдрүүдэд ажлаа зохицуулж, хувийн бэлтгэлээ хангах хэрэгтэй. Энэ шалгалтын дүн гарсны дараа мэргэжил, ёс зүйн шалгалтын хуваарь гарна. Мөн олон нийтээс санал авна. Олон нийтээс санал авч байгаа нь нэр дэвшигчийн мэргэшил, ёс зүй, зан төлөвийг дүгнэхэд харгалзан үзэх үзүүлэлт болох юм. Хуулиар заагдсан тодорхой хугацаатай.
-Хяналтын шатанд есөн иргэнээс долоог нь бүртгээд хоёрыг нь татгалзсан гэж байна. Ямар үндэслэлээр нэр дэвшигчээр бүртгэхээс татгалзсан бэ?
-Шүүгчийг нэр дэвшигчээр бүртгэх асуудлыг Шүүхийн ерөнхий зөвлөлийн хуралдаанаар олонхын саналаар шийдвэрлэнэ. Хоёр нэр дэвшигчийн тухайд цаасаар болон цахимаар бүртгүүлнэ гэж зард заасан шаардлагыг хангаагүй. Цахимаар заасан хугацаанд амжиж бүртгүүлээгүй нэр дэвшигч байгаа.
-Нэр дэвшигчдийн бүртгэлийг хэдий хугацаанд явуулсан бэ?
-Нэр дэвшигчээр бүртгэх зар байршуулаад хуульд заасан 30 хоногийн хугацаанд буюу 2022 оны 04 дүгээр сарын 11-ний өдрөөс 05 дугаар сарын 11-ний өдрийн 17:00 цаг хүртэл материал хүлээж авсан.
-Шалгалтад оролцох гэж байгаа нэр дэвшигчдэд анхааруулах зүйл юу байна вэ?
-Хуулиар хангалттай хугацаа олгосон байхад манайхны гаргаж байгаа нэг алдаа бол 30 хоног гэж байхад өгөх хугацаагаа тулгаад яг хаах өдрийн үдээс хойш сайт руу хандалт хийгээд амжихгүй тохиолдол гарч байна. Шалгалтад ч мөн ийм алдаа гаргаж болзошгүй. Шалгалтын зарыг урьдчилаад долоо хоногийн өмнөөс тавьж байгаа. Тэгэхээр шалгалтын өдрүүдэд бшх ажлаа зохицуулаад зарлагдсан хугацаа, цагаас өмнө ирээд хувийн бэлтгэлээ хангах шаардлагатай. Шалгалтын үеэр хориглох болон анхааруулах зүйлсийн талаар тухай бүрд нь санамж, зөвлөмж өгнө. Үүнээс гадна дүрэмд заагдсан хориглох заалтуудыг дахин нягтлан харах хэрэгтэй. Тухайлбал нэр дэвшигч Ерөнхий зөвлөлийн гишүүнтэй утсаар ярих, цахимаар харьцах, биечлэн болон бусдаар дамжуулж холбоо тогтоохоор оролдохыг хориглосон байгаа. Үүнийг зөрчвөл шалгалтад оруулахгүй байх үндэслэл болно. Шалгалт авч байгаа Ерөнхий зөвлөлийн гишүүдийн тухайд нөлөөллийн мэдүүлэг хөтөлнө. Хэрэв ашиг сонирхлын зөрчил гаргах, шалгалтын асуулгыг задлах гэх мэт зөрчил гаргавал ёс зүйн зөрчил гэж огцрох хүртэл арга хэмжээ авхуулах хуулийн зохицуулалттай гэдгийг сануулж хэлье.
Ер нь бол шалгалттай холбоотой бүхий л асуудлыг Шүүхийн ерөнхий зөвлөлийн www.judcouncil.mn цахим сайтын шүүгчийн сонгон шалгаруулалт цэсэд байршуулж байгаа. Тухайлбал сорилыг бөглөхдөө юуг анхаарах ёстой талаар зөвлөмж тавигдсан. Иймд цахим хуудас руу ороод мэдээлэл авч байх боломжтой.
-Анхан болон давж заалдах шатны шүүхийн шүүгчийн сул орон тооны сонгон шалгаруулалт ямар шатандаа явна вэ?
-Зараа хуулийн хугацаанд байршуулаад материал хүлээн авах хугацааг хаасан байгаа. Нэр дэвшигчдийн материалыг нягтлан шалгах ажиллагаа ид явагдаж байна. Хэдийг нь бүртгэх боломжтой, хэдийг нь татгалзах үндэслэл байгааг урьдчилан хэлэх боломжгүй. Шалгах ажиллагаа явагдаж байна.
-Тодруулга өгсөнд баярлалаа
Санал болгох
Сэтгэгдэл бичих
Сэтгэгдэл бичих