📅

Төр алдсан мөнгөө банкны салбараас хайсаар байна

🕔 2022/01/07 10:19



Арилжааны банкууд Монголбанкны ерөнхийлөгчийн чихнээс хонх уясаар байна. Учир нь тэднийг хянадаг байгууллага өөрөө төв банк. Ийнхүү Монголбанкны ерөнхийлөгчийн чих халууцуулах болсон шалтгаан нь төр алдсан мөнгөө банкны салбараас хайсаар байгаа явдал. Энэ асуудал олон жил яригдсан ч тусыг эс олов. Ер нь Нийгмийн даатгал сан, Эрүүл мэндийн даатгалын сан зэрэг төрийн мөнгө арилжааны банкуудад ороод алга болдог тогтолцоо бий болоод удаж байна.


Төрд ийм сүлжээ байгааг дампуурсан "Капитал” банк анх ил болгосон.  Тус банк Нийгмийн даатгалын санд 74 тэрбум төгрөгийн өртэй байгаа бол төлбөрийн чадваргүй  гэдэг нь тодорхой болсон "Чингис хаан” банкнаас 100 тэрбумын авлагатай байх жишээтэй. Тэгвэл үүний араас "Үндэсний хөрөнгө оруулалтын банк”-ны асуудал өндрөө авлаа. 


Үндэсний хөрөнгө оруулалтын банк шинэ оны өмнөхөн Эрүүл мэнд болон Нийгмийн даатгалын сангийн мөнгийг эргүүлэн төлсөн талаараа мэдэгдсэн ч санхүүжилт нь Монголбанкнаас гарсан гэдэг ил боллоо. Монголбанкны дэд ерөнхийлөгч Г.Дөлгөөн УИХ-ын байнгын хорооны хурал дээр энэ талаар тайлбар хийхдээ "Чингис хаан” банк дээр хорогдсон дүн байхгүй байгаа. Төв банкны зүгээс төлбөрийн чадваргүй болсон гэсэн дүгнэлт гаргачихсан, удаа дараа шаардлагуудаа өгөөд явж байгаа. Тэр үнэн. "Үндэсний хөрөнгө оруулалтын банк”-ны хувьд сүүлийн гурван сарын хугацаанд тодорхой хэмжээнд мөнгөн урсгалд нь өөрчлөлтүүд орж эхэлсэн. Сүүлийн өөрчлөлтүүдээс нь хэлье. Гэхдээ Банкны тухай хуулийн хүрээнд тодорхой нэр ус дурдахгүйгээр хэлэх нь зүйтэй.

 

Пассив талдаа 15 сая ам.долларын хөрөнгө оруулалт орж ирсэн. Үүгээрээ Нийгмийн даатгалын сан, Эрүүл мэндийн даатгалын сангийн тодорхой эх үүсвэрийг мөнгийг төлж байна гэж ойлгосон. Одоо "Үндэсний хөрөнгө оруулалтын банк”-ин дээр төрийн сангийн мөнгөнөөс 76 тэрбум төгрөгийн үлдэгдэлтэй байна. Төв банкнаас "Үндэсний хөрөнгө оруулалтын банк”-инд 14 тэрбум төгрөгийг өгснөө хүлээн зөвшөөрч байна. Оны өмнө өгсөн. Ковидын үеийн нөхцөл байдлын үед аливаа банк тухайн нөхцөл байдлаас болж төлбөрийн чадваргүй болж, зохистой харьцаа алдагдахад төв банкнаас тусламж үзүүлэх зорилгоор зээл олгоно гэсэн түр журмыг батлаад хоёр жил орчим болж байна. Энэ хүрээнд нэг биш удаа тодорхой банкуудад дэмжлэг үзүүлсэн” гэж тов тодорхой ярьсан.

Мөн Сангийн сайд Б.Жавхлан "Засгийн газраас банкууд дээр байгаа төрийн мөнгийг төвлөрүүлэх арга хэмжээ авч байгаа. Төлбөрийн сааталд орж байгаа зарим банкин дахь хөрөнгийг  татахад анхаарч ажиллахыг салбарын яамд ажиллаж эхэлсэн. Төрийн сантай холбоотой нэг ч төгрөг банкуудад байхгүй. Сангийн яам Эрүүл мэнд болон Нийгмийн даатгалын санг удирддаггүй. Эдгээр санг хөрөнгөө төрийн санд төвлөрүүл гэдэг шаардлага тавин ажиллаж байгаа” гэж мэдээлжээ. 


Ямартай ч ганц "Капитал” бус бусад арилжааны банкинд төрийн их хэмжээний мөнгө байгаа. Зарим нь эргэж олдохоо өнгөрч байгааг албаны эх сурвалжууд  баталж байна. Банкуудад байгаа хөрөнгө мөнгө ч эрсдэлтэй, эргэлзээтэй гэдэг нь сүүлийн хоёр жилд бүр тодорхой болсон. Харин үүнийг Монголбанк хянаж, тайлагнаж чадахгүй байгаад хамаг асуудал байгаа. ОУВС өнгөрсөн сард гаргасан тайландаа энэ талаар онцолсон бөгөөд  тэд арилжааны банкуудын активыг дахин сайн нягтлахыг санал болгосон.

 

Монгол Улс 2017 онд ОУВС-гийн "Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр”-т орж, арилжааны банкуудын  хөрөнгийн чанарыг анх удаа олон улсын стандартын дагуу хөндлөнгөөс үнэлсэн байдаг. Тухайн үед хийсэн активын чанарын үнэлгээгээр Монголын арилжааны банкууд 511 тэрбум төгрөгийн өөрийн хөрөнгийн дутагдалтай гарсан. Улмаар арилжааны хэд хэдэн банкинд өөрийн хөрөнгийн дутагдлаа нөхөх хугацаатай үүрэг өгсөн юм. Банкуудын хяналтыг сайжруулах үйл ажиллагаа тэр үеэс эхлэлтэй.


Үүнд үндэслэн УИХ Банкны тухай хуульд өөрчлөлт оруулснаар арилжааны банкуудыг хувьцаат компани болгож, систем хэмжээнд ил тод, эрүүл тогтолцоо бүрдүүлэх ажил эхэлсэн юм. Тэгвэл  ОУВС-гийн мэргэжилтнүүд арилжааны банкнуудын хөрөнгийн үнэлгээг хөндлөнгийн байгууллагаар дахин үнэлүүлэх нь зүйтэй гэж дүгнэсэн. Иймд банкнуудын хөрөнгийн зах зээл дээр IPO гаргах хойшлуулж зөвлөмж гаргасан. Банкны салбарын активын чанар эрс муудах нь эдийн засгийн сэргэлтийг удаашруулж болзошгүй. Нөгөө талаар Засгийн газар, Монголбанкнаас хэрэгжүүлж буй мөчлөг сөрсөн бодлого нь макро санхүүгийн тогтвортой байдал, өрийн тогтвортой байдлыг алдагдуулж, бусад томоохон эрсдэлүүдийг шийдвэрлэх бодлогын орон зайг багасгаж, Монгол Улсын сэргэлтийг сааруулах эрсдэлтэй болохыг сануулсан.


Хэрэв банкны системийн шинэчлэлийг хөндлөнгийн байгууллагын хяналтад ил тод нээлттэй, явуулж чадахгүй бол урьдын л адил нийт эдийн засагтаа хор хохирол учруулах магадлалтайг анхааруулаад байгаа.  УИХ-аас өнгөрсөн 2021 онд нэгдүгээр сард Банкны тухай хуульд өөрчлөлт оруулсан. Уг өөрчлөлтөөр банкны системд нөлөө бүхий банк нээлттэй хувьцаат компани, бусад банк нь хувьцаат компанийн хэлбэртэй байхаар тогтсон. Улмаар арилжааны банкууд хувьцаат компанийн хэлбэрт шилжих IPO гаргах төлөвлөгөөгөө  танилцуулсаар байгаа.

Гэтэл арилжааны банкуудын олонх нь төрийн мөнгийг өөр дээрээ байршуулж, балансаа барьж байгаа учраас төлбөрийн чадавх талаасаа олон нийтийн  эргэлзээ төрүүлэх болсон юм.  Олон нийтийн эргэлзээг төрүүлсэн IPO амжилт олохгүй. Оллоо ч олон нийтийг хохироогоод дуусна.


Д.ДОРЖ

Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН

скачать dle 12.0

Санал болгох

Сэтгэгдэл бичих

Сэтгэгдэл бичих

reload, if the code cannot be seen
Сэтгэгдэл бичих

0 сэтгэгдэл

»

Санал асуулга

Таксины үнийг эхний 1 км тутамд 1500, 2 км-ээс 1000 төгрөг болгож нэмсэн нь зөв үү?