📅

Зээлийн хүү нэг оронтой тоонд шилжих үү?

🕔 2020/08/24 10:43
Банкны салбартай холбоотой үйл явдал, мэдээллээр арвин долоо хоног өнгөрлөө. Нийгмийн даатгалын хөрөнгө байршуулж байгаа хоёр томоохон банк дампуурах эрсдэлтэй байна гэж төрийн хяналтын байгууллагын удирдах албан тушаалтан байнгын хорооны хурал дээр хэлсэн нь банкны салбарынхныг багагүй сандаргав. Банкны нэр хэлээгүй энэ мэдэгдэл харилцагч хадгаламжаа алдах эрсдэлийг нийт банкинд үүсгэлээ гэж тэр. Харин Монголбанк болон банкуудын холбоо яаралтай мэдэгдэл гаргаснаар асуудал намжив бололтой. Монголбанкны ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн 35 орчим их наяд төгрөг эргэлдэж байгаа чухал салбар гэж онцолсон юм. Тэрээр “Монголд системийн нөлөө бүхий таван банк байдаг ба  “Хаан банк”, “Худалдаа хөгжлийн банк”, “Голомт”, “Хас банк”, “Төрийн банк” ордог бөгөөд банкны системийн 85 хувийг эзэлдэг. Үлдсэн 15 хувийг жижиг банкууд эзэлдэг. Эдгээр таван том банкны үзүүлэлтүүд хангалттай хэмжээнд байгаа. Нийт зээлийн хэмжээ 20 орчим их наяд төгрөг байгаа юм. Энэ бол хадгаламж эзэмшигчдийн мөнгө. Өнөөдөр нийт таван том банкинд 900 тэрбум төгрөгийн нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалын хөрөнгө байршиж байгаа. Манай улсын гадаад валютын албан нөөц 3.7 тэрбум ам.доллар байна. Бид ханшийг тогтвортой барихаар банкуудын дунд дуудлага худалдааг долоо хоногт хоёр удаа тогтмол зохион байгуулж, 1.2 тэрбум ам.доллар нийлүүлсэн” гэсэн мэдээллийг хийсэн. Тэгвэл энэхүү мэдээллийн араас зээлийн хүүг бууруулах асуудал эрчимтэй яригдав. Зарим иргэний нийгмийн байгууллагууд ч зээлийн хүүг бууруулах шаардлагыг эрчимтэй тавьсаар байна. Тэгвэл Монголбанкнаас ойрын гурваас дөрвөн жилд зээлийн хүүг дөрвөн хувиар бууруулах боломжтой гэж үзэж байна. 
Тодруулбал, ирэх оны тавдугаар сард Мазаалай бондыг төлөхөөс өөр томоохон өр төлбөр байхгүй тиймээс зээлийн хүүг тодорхой хэмжээнд бууруулах нөхцөл үүсч болно.  Тиймээс дээр дурьдсан тооцооллоор буулгахаар төсөл боловсруулаад УИХ-ын даргад өргөн барьсан гэв. Мөн УИХ-ын нэр бүхий гишүүд санаачилсан “Зээлийн хүүг бууруулах стратеги батлах тухай” тогтоолын төслийг анхны хэлэлцүүлэгт шилжүүлсэн юм.
Энэ стратегийн баталснаар зээлийн хүүг ямар арга замаар бууруулах тухай нарийн тодорхой мэдээлээгүй ч хугацаагүй хадгаламжийг хүүгүй болгох зэрэг зах зухаас нь дурьдаад амжив. Энэ мэдэгдэл нь мөнгөө хэдийд ч авах боломжтойгоор хугацаагүй хадгаламжинд байршуулдаг дундаж бүлгийнхнийг багагүй бухимдуулсан юм. Гэтэл арилжааны банкуудад иргэдийн 13 их наяд төгрөгийн хадгаламж бий. Уг дүнгийн 95 хувь буюу 12.3 их наяд орчим нь нийт хадгаламж эзэмшигчдийн таван хувьд ногдож байна гэсэн мэдээллийг хийлээ. Өөөрөөр хэлбэл, энэхүү өндөр дүнгээр банкинд мөнгөө хадгалуулдаг тавхан хувийн хадгаламж эзэмшигчдэд банкууд 10-13 хувийн хүү өгөхийн тулд зээлийн хүүг 16-22 хувь хүртэл өндөр байлгахаас аргагүй гэсэн тооцооллыг хийсэн аж. Тиймээс цөөхөн иргэнд хадгаламжийн өндөр өгөөж өгөх үү, нийт олноороо өндөр зээлийн хүүгийн дарамтнаас ангижирах уу гэсэн агуулгыг дээрх стратегийн бодлогод багтаасан бололтой. Түүнчлэн 2023 он гэхэд зээлийн хүү нэг хувьд хүрнэ гэсэн учир битүүлэг ойлгомжгүй мэдээлэл хийв.
 
Энэ бүхнээс харахад ойрын хугацаанд зээлийн хүү нэг хувьд биш юмаа гэхэд нэг оронтой тоонд шилжих ирээдүй харагдахгүй байх шиг. Харин коронавирус, эдийн засгийн хямрал, гадаад өр төлбөрийн хажуугаар боломж бололцоо нь гарвал энэ Засгийн үед гурваас дөрвөн нэгжээр буувал их юм бололтой.
Б.Төгс
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
скачать dle 12.0

Санал болгох

Сэтгэгдэл бичих

Сэтгэгдэл бичих

reload, if the code cannot be seen
Сэтгэгдэл бичих

0 сэтгэгдэл

»

Санал асуулга

Таксины үнийг эхний 1 км тутамд 1500, 2 км-ээс 1000 төгрөг болгож нэмсэн нь зөв үү?