Монголын Чөлөөт Бөхийн Холбооны үнэнийг төр, түмэндээ дуулгах нь
Токиогийн олимпын наадмын дэвжээнд жудо, чөлөөт бөхийн дэлхийн мундагчууд хэрхэн бахдалтай сайхан барилдахыг бөхийн спортдоо дуртай ард түмэн бид телевизийн буянаар дэргэдээс нь харж байгаа юм шиг л тав тухтай нь аргагүй шимтэн харлаа, үзлээ, сайхан л юм. Монгол түмэн олимпын тэмцээнийг үзэж байхдаа баярлах үедээ баярлаж байсан ч халаглан харамсаж, бүр бухимдахдаа телевизээ хага цохчихмоор үе ч байлаа. Мэдээж спортод ялалт, ялагдал байдгаас хойш тэр бүхнийг мартаад л өнгөрөв.
Нэг. БӨХ СОНИРХОГЧИД, ҮЗЭГЧ ТҮМЭН ЮУНД ГАЙХШРАН БУХИМДАВ
“Токио-2020’' олимпоос Монголчууд бидний хамгийн хайртай, хамгийн дуртай чөлөөт бөхийн эрчүүд маань ганзага хоосон ирлээ. Гэтэл олимпод энэ амжилтгүй, муу орсныгоо зарим нэр бүхий хүмүүс “Сүүлийн 40 жил үзүүлээгүй амжилт” гэж тодруулбал, “Түүх бүтээлээ”, “Түүх биччихлээ...” гэж үзүүлж байгаагүй амжилтыг гаргалаа гэх зэргээр ярьж, бичсэн нь бөхийн хорхойтон биднийг алмайруулан гайхшруулах нь тэр. Манай бөхчүүд хэрхэн барилдсаныг Монголчууд бид бүгд л харсан шүү дээ. Ийм байхад яаж ингэж ичгүүргүйгээр бөхөд хайртай, бөхөө бишрэн үздэг үзэгч түмнээ үл тоон басамжилж, үл хүндэлж чадаж байна аа? Энэ чинь хэтэрхий хачирхалтай, даанч жудаггүй үйлдэл бусуу? Та нарын энэ увайгүй, ёс зүйгүй үйлдэлд чинь олон түмэн, бөх сонирхогчид ихэд бухимдаж байна. Иймд арга буюу МЧБХ-ны ерөнхий нарийн бичгийн дарга гэх Б.Батбаяр, Үндэсний шигшээ багийн ахлах дасгалжуулагч Б.Баттулга та хоёрын энэ үнэн байдлаас зөрөөтэй мулгууд дүгнэлт, худал ярьсан, бичсэн зүйлд үнэн зөв хариу өгөх нь чөлөөт бөхийн төлөө хийх нэгэн шударга ариун үйлс хэмээн үзэж, олон мянган үзэгчдийнхээ өмнөөс үүнийг бичлээ. Амжилт нь өгсөж, уруудаж, өндийж боссон “долгион”-той явсан чөлөөт бөхийн спорт маань хэрхэн унаж байгааг бид сүүлийн олон олимпоос тухайлбал “Токио-2020” олимпоос маш тодорхой харлаа.
МЧБХ-ны удирдлагуудын Монгол түмэн биднийг хууран мэхэлж байсан үг, мэдэгдэлд нь хууртан байж, унаж явааг нь мэдсээр атлаа горьдон горьдон, гомдон гомдон харлаа. Энэ уналт үргэлжлэх юм байна гэдгийг ч ойлгож авлаа. Учир нь ахлах дасгалжуулагч Б.Баттулгын 2019.11.14-ний өдрийн ярилцлагад: “Ямарваа нэгэн зүйлд үелзэл гэж бий. 40 жил уруудахаас илүү уналт гэж байхгүй. Уналтын доод цэгтээ хүрсэн. Одоо бол дээшлэх ёстой. 1980 оны Москвагийн олимпоос хойш эрэгтэй чөлөөтийнхөн маань медаль авч чадахгүй байгаа гунигтай түүхийг таслах цаг ирсэн” гэж онцлон хэлж байжээ. Тэгвэл Б.Баттулгаа, энэ “гунигтай түүх” чинь одоо 44 жил болчихлоо, өөрөөр хэлбэл чөлөөт бөхөд “Аюулын түгшүүр” өгчихлөө. Монгол улсын олимпын медалийн анхдагч чөлөөтийн эрэгтэй баг олимпын медальгүй бараг хагас зуун жил болох гэж байна шүү дээ, энэ бол гуниг биш, энэ бол аюул! Бөх сонирхогч Монгол түмний сэтгэл зүрх үнэхээр эмтэрч байна. Бодит байдал ийм байхад Б.Баттулга: “...ахлах дасгалжуулагчаар 4.5 жил ажиллаж, таван тамирчнаа медалийн төлөө барилдууллаа” гэсэн бол ерөнхий нарийн бичгийн дарга Б.Батбаяр нь “...5-г финалдуулчихлаа” гээд өөрсдийгөө “сайн байсан” гэж товойлгон магтжээ. Аль ч спортод финалдана гэдэг чинь алтан медалийн төлөөх өрсөлдөөнийг хэлдэг биз дээ? Медалийн төлөө барилдууллаа гэдгээ амжилт гэж дүгнэн гайхуулж магтан хэлэхийг бөх сонирхогчид бид анх удаа л сонслоо. Гэхдээ бүр үүнийгээ, “түүх биччихлээ, өмнө нь үзүүлээгүй амжилт, өөрөөр хэлбэл түүхэн амжилт” гэж хэлээд байгаа юм уу? Дэлхийн их спортод бол “Амжилт гэдэг бол медаль, медаль гэдэг бол амжилт" гэдгийг бусад улсын бөхчүүд ёстой жинхэнээр нь харуулж яаж тэмцэлдэж байгааг зурагтаар шимтэн харлаа, мэдэрлээ. Гэтэл та хоёр болохоор...
Уг нь Б.Баттулга “...Сүүлийн 40 гаруй жил медаль аваагүй байгаа эрэгтэй багаас алтан медальтан төрүүлнэ, олимпоос эрэгтэй, эмэгтэй баг бүрээс алтан медальтан, аварга төрүүлнэ” гэж амлаж, хэлсэн үгээ мартжээ. Аргагүй л дээ, энэ бол тухайн үед ердөө ажил дээрээ тогтож байх нэг муу үнэгэн заль, хоосон амлалт байсныг чөлөөт бөхийн хамт олон их л ярьж байсан гэдэг. Үүнийг нь сая олимпод оролцсон дүн нотлоод өгөх шив дээ. Мөн ахлах дасгалжуулагч нь “...Бид сүүлийн 40 жил үзүүлээгүй амжилт үзүүлсэн 9 тамирчны 8 нь шагналт байр, 5 тамирчин медалийн төлөө барилдсан, анх удаа оролцсон 6 тамирчны дундаж нас 23 нас гээд...” монголчуудын 40 жил үзүүлээгүй гэх амжилтыг ийнхүү гурван зүйлээр тодотгон хэлж байгаа нь эрүүл саруул ухаантай гэхэд эргэлзмээр, нэг бодлын бид бүхнээр тохуурхан даажигнаад байгаа ч гэмээр...
Тэр хүн өөрөө ийм болтлоо мунхарсан хүн үү, Монголчууд биднийг, чөлөөт бөхийн хамт олныг юу ч мэдэхгүй, тэдэнд юу ч гэж хэлсэн хамаагүй гэж элэг барин доромжилж байгаа хүн үү? Үнэн нь гэвэл эрчүүд маань олимпоос медаль авалгүй бүр 44 жил болж байна шүү дээ. Энэ амжилт уу, гутамшиг уу? Өмнөх олимпод бүтэн жингээр оролцсон бол энэ олимпод 3-хан нь эрх авч оролцсон нь бас ахиц дэвшил үү, уналт ухралт уу?
Мөн түүнчлэн МЧБХ-ны ерөнхий нарийн бичгийн дарга Б.Батбаяр “... 9 бөх авчраад 5-г финалдуулчихдаг “овоо муу гарууд" шүү... Түүх биччихлээ та 5 минь... Та нар минь сайн байсан шүү...” гэж тун айхтраар, нөгөө л амжилт гаргалаа гэсэн дүгнэлтээ лавшруулж, магтан сайшааж, гүн талархал илэрхийлжээ.
Гэтэл “40 жил уруудахаас илүү уналт гэж байхгүй. Уналтын доод цэгтээ хүрсэн” гэж ахлах дасгалжуулагч Б.Баттулгын онцлон дүгнэж хэлснийг “овоо муу гарууд" 5 нөхөд нь “Токио-2020” олимпоор 44 жил болгочихсон гунигт түүхийг холбооны ерөнхий нарийн бичгийн дарга нь ийнхүү магтан хэлж байгаа нь Монголын ард түмэн, чөлөөт бөхийн хамт олныг арай дэндүү гэхэд дэндүү элэг барин дорд үзэж тохуурхсан, хэрхэвч уучлах боломжгүй үйлдэл мөн. Б.Баттулгын хоосон дөвийлгөн магтаж байгаа 40 жил үзүүлээгүй гэж байгаа дээрх гурван амжилтын бодит байдлыг нь аваад үзэхэд харин ч тун тааруу үзүүлэлт байх юмаа. Медалийн төлөө барилдаж ялагдаад 5-р байранд орсон 4 бөхийн нэг нь ганц ч ялаагүй уг шагналт байранд орсон байхад, бас нэг бөх нь нэг ч ялалтгүйгээр шагналт байранд оржээ. Хоёр бөх нь зөвхөн нэг л ялж мөн шагналт байр буюу IХ-Х байранд орсон байх юм. Уг нь ийм юм бичмээргүй байна л даа, харамсалтай нь энэ нөхдүүд ялсан, ялагдал энэ бүхнээ сайн, муугаар нь шударгаар шүүмжлэлтэй ярьж, бичихийн оронд харин ч бүх зүйлийг “...сайн байсан, ...манайхан жигд сайн, сайн барилдлаа гэхээс өөр дүгнэлт алга” гэж бүр дэндүү увайгүй, хариуцлагагүй гэхэд багадмаар зүйлийг ярьдаг ерөнхий нарийн бичгийн дарга, ахлах дасгалжуулагч байгаа нь үнэхээр гайхалтай. Тэгвэл тэр амжилт гэж байгаашагналт байр (IХ-Х байр),“...дундаж нас 23 нас гээд..” тодотгож магтсан “амжилт” гэгчид чинь олон биш, зөвхөн нэг түүхэн баримтаар хариу өгье.
Одоогоос 57 жилийн тэртээ 1964 оны Токиогийн олимпод Монголчууд анх оролцож залуу бөх Ж.Мөнхбат 23 насандаа 3 ялж, зөвхөн нэг ялагдаж VII, 20-хон настай Ч.Дамдиншарав 2 ялж IХ-Х байруудад шалгарч байсан түүх байх юм даа. Б.Баттулга “Статистик ярихад...” гээд энэ бүхнийг дөвийлгөн магтаад яриад л байх юм, зайлуул.
“1980 оноос хойш 41 жилийн хугацаанд Монголчууд найман удаа олимпод оролцож, нийт дөрвөн удаа медалийн төлөө барилдсан байдаг. Энэтэй харьцуулахад бид энэ жил таван удаа медалийн төлөө барилдлаа” гэж бас л худал, бодит бус ярилцлага өгчээ. Үнэндээ ч эрчүүд нь тухайн олимподоо медалийн төлөө нэг л барилдсан байдаг юм байна. Тэгвэл, энэ жилийн олимпод эрчүүд нь мөн нэг л удаа медалийн төлөө барилдаж, 41 жилийн дараа бахь байдгаараа байгаа мадаггүй үнэн нь гэвэл энэ байх юм, гэтэл... 1980 оноос хойш 24 жилийн дараа эмэгтэй бөх олимпод орсныг энэ хүн мэддэггүй юм болов уу, их л самуурч дээ, хөөрхий. Энэ бол нөгөө л 2012 оны Лондоны олимпод төр, ард түмнээ хууран мэхэлж худал мэдээлэл өгч байсны нэгэн адил давтагдаж байгаа увайгүй үйлдэл бөгөөд туйлын харамсалтай. Мөн ч хортой юм даа, худал хэлнэ гэдэг! Уг нь чөлөөт бөхийнхөө энэ статистик (тоо бүртгэл)-ээ тэр тооцоо судалгаандаа л ашиглах нь зүйтэй л дээ.
Ахлах дасгалжуулагч мөн “...манай есөн тамирчин дотор хялайж ядарсан тамирчин нэг ч байгаагүй” гэж бас л бодит байдлаас зөрөөтэй зүйлийг барин тавин худал хэлэх юм. Яасан ч ичдэггүй ширэн нүүрлэсэн, шийдчихсэн дотортой балай нөхөр гэж ийм байдаг байна аа. Эхний 3 минутаа дуусгаж чадалгүй 10:0-оор ялагдсан бөхчүүд “юундаа хялайж ядрах болж байна аа” гэж үзэгчид сошиалд гайхшран бичжээ. Үнэн нь гэвэл манай дөрвөн бөх таван барилдаанд эхний 3 минутад буюу үндсэн цагаа дуусгаж чадалгүй оноогоор цэвэр ба цэвэр даруулж ялагдсныг монгол түмэн үзэгчид бид хараад, бас харамсаж байлаа.
Тамирчдынхаа ялагдлын дараа ахлах дасгалжуулагч нь “...тамирчдын маань биеийн болон сэтгэлзүйн бэлтгэл сайн байгаа” гээд мэдэгдэл хийгээд байх юм. Гэтэл дэлхийн хошой аварга, олимпын медальт тамирчин нь барилдааны дараа халуун цэгээс ярилцлага өгөхдөө, “...бодоод санаад явж өгсөнгүй, болсонгүй” гэж юм нь дууссанаа (бензин нь гэдэг дээ) яах аргагүй үнэнээр хэлж байхыг Монголын бүх үзэгчид телевизэрээр хараад өрөвдөж байсан даа. Манай тамирчдын сургалт дасгалжуулалт нь муу, бэлтгэл нь хангалтгүйгээс яаж ч чадахгүй арга буюу ялагдаж байгаа нь илт байхад ахлах дасгалжуулагчийн дээрх мэдэгдэлд олон түмэн ихэд харамсаж, бас бухимдсан үзэгчдийн сэтгэгдэл сошиалаар дүүрэн байсныг уншаа байлгүй дээ. Б.Батбаяр, Б.Баттулга нар нь өөрсдийн дутагдал, ажлын муу, муухайгаа нуун дарагдуулахын тулд үгсэн хуйвалдаж, өчүүхэн ч санаа зовох юмгүйгээр улайран бие биеэ магтах нь эх орны нэр төртэй холбоотой, чухал хариуцлагатай ажил хийж байгаа хүний наад захын ёс зүй даанч байхгүйгээ тодоос тод харууллаа, өмнө нь ч олон удаа ийм байсан гэж чөлөөтийнхөн ярих юм. Олимпод 39 настай тамирчинг авч очиж барилдуулан нэгийн даваанд 8:0-оор ялагдуулчихаад “...тамирчнаа дүгнэж ярихад, Б.Бурмаа маань түүх бүтээлээ” гэж хэнэг ч үгүй ийм мангар юм хэлж байгаа ахлах дасгалжуулагч Б.Баттулга гэх энэ дүүрчихсэн хүнийг одоо яалтай билээ, үнэндээ юу ч гэлтэй юм бэ дээ? Энэ нөхрийн хэлснээр энэ ялагдал нь бас л чөлөөт бөхөд түүх бүтээж, харин ерөнхий нарийн бичгийн дарга Б.Батбаяр нь уг ялагдлыг дуу нэгтэй өмөөрөн хамгаалжээ. Үүнийг одоо юу гэж ойлгох болж байна аа, чөлөөтийнхөөн, та нар бод доо. Өөрсдийн ажлын арга барил, хариуцлагагүйгээс үүдэлтэй ялагдлыг ингэж увайгүй улайм цайм цайруулан гэж болох уу даа, арай ч дээ. Бүр “түүх бүтээлээ” гээд байгаа шүү.
Ахлах дасгалжуулагч нь 2019.08.20-ны өдрийн нийтлэлдээ “2016-2020 оны энэ циклд манай чөлөөт бөхийн холбоо хэд хэдэн бодлогын шинэтгэл хийж байгаа" гэсэн бөгөөд мөн “залуу үеэ бэлтгэх бодпого барьсан”, “залуучуудаа дэмжсэн бодпого зөв барьжээ” гээд л байсан. Тэгээд бүтэн олимпын циклд хийсэн бодлогын шинэтгэл нь одоо энэ үү? Уг нь үнэхээр тийм бодлого барьсан юм бол 18-19 настай охиныг шигшээ багтаа авч бэлтгээд саяын олимпод уг ахмад тамирчны оронд барилдуулж туршлагажуулсан бол “Парис-2024" олимпын наадам, чөлөөт бөхөд маань тун ч их хэрэгтэй байсан 4 даа, даанч харамсалтай. Тэгээд ч ахмад тамирчныг ялж, олимпын эрх авахуулах нь та нарын үүрэг шүү дээ. Энэ бол ердөө аливаа асуудалд энэ нөхдийн яаж ханддаг, ажлын арга барилын дутагдалтай талын зөвхөн нэг тод жишээ. Харин үүнд эрхээ авч олимпод оролцсон ахмад тамирчны буруу гэж юу байхав дээ.
Одоо ганц охины ганц медалийн ард хуйвалдааныхаа нүглийг, ажлынхаа алдааг, сэтгэлгээнийхээ дутагдлыг, үнэний өмнө сөхөрч байгаа чадал чансааныхаа доройтлыг нууж хаагаад өнгөрөх зорилгоор ийм зүйл ярьж, бичиж, бас бичүүлж байгаа нь илт боллоо. Бид өнөөгийн МЧБХ-ны удирдлагууд, ерөнхий нарийн бичгийн дарга Б.Батбаяр, ахлах дасгалжуулагч Б.Баттулга та нарын хоосон амлалт, худал хуурмаг үг, үйлдэлд цөхөрлөө, горьдлого тасарлаа.
Та нар одоо ямар нэгэн заль мэх хэрэглэлгүй бүрэн бүрэлдэхүүнээрээ ажлаа өгөх цаг нь болсныг бодит байдал харууллаа. Мөн Монголын ард түмний итгэл найдвар хүлээсэн “Топ-4-ийн нэг чөлөөт бөхийн амжилт ийм гутамшигтай уналтаар унаж өөрсдий нь хэлснээр “Гунигт түүх” нь сэтгэл өвдмөөр улам үргэлжлэн маш хүнд байдалд орчихоод байхад Ц.Шаравжамц даргатай БТСУХ, Ч.Наранбаатар тэргүүтэй МҮОХ-ны удирдлагууд чухам яагаад одоо болтол таг чимээгүй байгаа нь тун хачирхалтай байна.
Б.Баттулга “Уналтын доод цэгтээ хүрсэн, ...илүү уналт гэж байхгүй” гэж онцлон дүгнэлт хийж байсан даа. Гэтэл сая Токиогийн олимпод бас медаль авч чадсангүй. Тэгвэл одоо “Уналтын ямар цэгт хүрсэн” байх уу? Үүнд БТСУХ, МҮОХ, МЧБХ-ны удирдлагууд бодитой дүгнэлт хийж, эх орноо гэсэн сэтгэлээр ажил хэрэгчээр хандаж маш хариуцлагатай хариулт өгч, шийдвэрлэх цаг нь болжээ.
Хоёр. ЕРӨНХИЙ НАРИЙН БИЧГИЙН ДАРГЫН ЁС ЗҮЙГҮЙ ҮЙЛДЛЭЭС ТОВЧ ДУРДАХАД
Б.Батбаяр нь эмэгтэй шигшээ багийн ахлах дасгалжуулагчаар өмнөх циклд ажиллахдаа бас л олимпын аварга төрүүлнэ гэж амлаж байсан бол манай медаль авах хамгийн боломжтой тус баг тамирчдыг Бразилийн 2016 оны олимпод естой юу ч үгүй, элгээр нь хэвтүүлчихээд ирсэн дээ. Баг тамирчид маш муу үр дүнтэй оролцсонд хариуцлага тооцоох нь байтугай харин бүр МЧБХ-ны ерөнхий нарийн бичгийн даргаар дэвшээд явчихсанд чөлөөт бөхийнхөн нь толгой сэгсэрээд л өнгөрсөн байна. Өөр яах вэ дээ, төрсөн ах Б.Болд гэгч нь холбооны тэргүүн дэд ерөнхийлөгч байхад хад л мөргөнө шүү дээ гэж, тэдний уулга алдаж байсан нь өрөвдмөөр байсан гэдэг. Энэ холбооны ах дүү, гэр бүлсэг байдал нь хэрээс хэтэрч, чөлөөт бөхөд мөн ч их гай болж байгааг чөлөөтийнхөн ярьсаар л өдий хүрчээ.
Б.Батбаяр нь эрх мэдэлтэй дарга болсноос хойш ёстой хүссэнээ хийж, жинхэнэ хутган үймүүлж, мөн ч увайгүй үйлдлийг хийж байгаа талаар цөхрөнгөө барсан хүмүүсийн сэтгэгдэл сошиалаар бичигдсээр л байна. Зөвхөн ганц баримтыг өгүүлэхэд, энэ нөхдүүдийн балаг бүр эхнээсээ 2017 онд ҮШБ-ийн дасгалжуулагчдын сонгон шалгаруулалтаас эхэлсэн гэдгийг дасгалжуулагчид өмнө олонтоо ярьж, гомдлоо ч гаргаж байсан боловч тухайн БТС-ын газар, МЧБХ-оос шууд дарамтлан дараад өнгөрчээ. Дасгалжуулагчдын сонгон шалгаруулалтын шалгалтын текст нь урьд өдөр нь задарсныг тухайн шалгалтын өдөр мэдээд комиссын гишүүдээс уг шалгалтыг хойшлуулах нь зүйтэй, ийм байдлаар явуулж болохгүй, хууль зөрчинө гэдгээ ч хэлж, улмаар уг шалгалтын материал дээр гарын үсгээ ч зураагүй эсэргүүцэж байсан байна. Харамсалтай нь ерөнхий нарийн бичгийн дарга Б.Батбаяр зарим нөхдүүдийг уруу татан хуйвалдаж хүч түрэн уг шалгалтыг явуулснаар энэхүү ҮШБ-ийн дасгалжуулагчдын сонгон шалгаруулалт нь бүр эхнээсээ будилаантай, өөрсдийн хүмүүсийг шууд гаргасан хуйвалдаан болоод өнгөрсөн гэнэ. Түүнчлэн уг сонгон шалгаруулалтыг Красноярскын олон улсын тэмцээнд тамирчдаа оролцуулахаар үндсэн дасгалжуулагчид нь явчихсан хойгуур зориуд явуулсан нь бас л асуудал бөгөөд цагаандаа гарсан үйлдэл болжээ. Ийнхүү уг будлиантай сонгон шалгаруулалтаас бүрдсэн гэх чөлөөт бөхийн ҮШБ-ийн дасгалжуулагчдын бүрэлдэхүүнийг тухайн үед шигшээ багийн тамирчид нь хүлээн зөвшөөрөхгүй асуудал ч гарчээ. Өөрөөр хэлбэл тэд нь тамирчдадаа гологдож байсан бөгөөд яагаад гэдгээ ч бодит үнэнд тулгуурлан хэлэхэд нь, тэгвэл та нарыг шигшээ багаас хасна гэж дарамтлан айлган сүрдүүлж, тэр битгий хэл нэр бүхий шилдэг таван тамирчныг үндсэн дасгалжуулагч дээрээ бэлтгэл хийсэн гэдэг шалтагаар 2017 оны Азийн аварга шалгаруулах тэмцээнд оролцуулахаас хасаж байсан эмгэнэлтэй гашуун түүх байдаг гэнэ. Ямар аймшигтай дарангуйлал вэ!. Үнэн нь ийм л байсан юм байна.
Гурав. МЧБХ-НЫ УДИРДЛАГУУДЫН ХУУРАН МЭХЛЭЛТИЙН ХОР УРШИГ
Монголын чөлөөт бөхийн баг ингэж 44 дэх жилдээ олимпын медальгүй ирж байгаагийн нэгэн шалтгаан нь “2012 оны Лондоны олимпоос манай эмэгтэй тамирчин анхны медалиа авлаа” гэж үнэнийг хэлэхийн оронд "Бид 32 жил тасарсан медалиа авлаа” гэж худпаа хэлснээс үүдэлтэй юм байна. Ингэж эрэгтэй багийг маш муу оролцсоныг нуун дарагдуулахын үүднээс улс орноо, ард түмнээ санаатайгаар мэхлэн хуурсан үйлдлийн горыг өнөөдөр Токиод амсаж байна шүү дээ. Энэхүү ичгүүр сонжуургүй гутамшигт хууран мэхлэлт хийж байгаа тэр үед нь “Үгүй ээ, наад 32 жил чинь одоо 36 жил болчихлоо шүү дээ, та нар чинь юу яриад байна аа, медаль аваагүй байж” гэж дуугарсан БТСГ-ын болон МҮОХ-ны нэг ч удирдпага даанч байсангүй нь эх оронч сэтгэл дутсаных гэж хэлэхээс өөр юу гэх вэ дээ. Тэр үед МЧБХ-ны удирдлага гэх эх оронч сэтгэлгүй зальт этгээдүүд ингэж зориудаар үгсэн хуйвалдаж төр, ард түмнээ хуурч, тайвшруулаагүй бол арай ч иймдээ хүрэхгүй байх байлаа гэж чөлөөтийнхөн халаглан байна. Улс орноо хууран мэхлэх нь ямар хор уршигтайг өнөөдөр олимпын медалгүй тавь шахам жилийн гунигт түүх харуулж байхад сэтгэл нь өвддөггүй юм байх даа. Ийнхүү залилан хуурч, бусармаг үйлдэл хийсэн МЧБХ-ны удирдлагууд нь одоо ч холбооны Удирдах зөвлөлд байж л байдаг юм байна.
Дөрөв. МЧБХ-НЫ УДИРДПАГЫН ХУУЛЬ БУС ҮЙЛДЭЛ
Ер нь энэ холбооны удирдлагын балаг, увайгүй үйлдэл, ялангуяа ялгаварлан гадуурхах, бөхөө гэсэн сэтгэлээр дүрэм, ёс бус үйлдлийг нь шударгаар хэлсэн бүхнийг нухчин дардаг дарамт, доромжлол дор байдгаа тамирчид, дасгалжуулагчид нь их л ярьж, хэвлэл мэдээллээр бичиж байсныг уншигч олон санаж л байгаа байх. Тухайлбал, 2015.05.12-ны өдрийн Өдрийн сонины тэргүүн нүүрэнд МЧБХ-ныхоо ерөнхийлөгчийн үйлдлийн талаар “Чөлөөтийнхөн...дарамтыг тэсэхээ байжээ” гэж аргаа барсан, бүр цөхөрсөн дасгалжуулагчдын ярилцлага нийтлэгдэж байсан байх юм. Түүнчлэн МЧБХ-ны удирдлагын хууль бус үйлдэл, тэр битгий хэл эрүүгийн гэмт хэрэг хүртэл хийсэн тухай хэвлэлээр бишгүй л бичигдэж байжээ. Гэтэл энэ нь үнэн бодитой байсан юм байна. Энэ талаар баримт нотолгоог бичээд байвал их зүйл байдаг гэнэ. Зөвхөн зарим нэгээс нь эшлэе. Чөлөөт бөхийн спортынхон байтугай энгийн хүн итгэмээргүй, өөрөөр хэлбэл тамирчдынхаа визний бичиг баримтыг хуурамчаар үйлдсэн МЧБХ-ны ерөнхий нарийн бичгийн дарга О.Баянмөнхийн эрүүгийн гэмт хэргийг шүүх 2015.11.06-ны өдрийн 1312 тоот тогтоолоор түүний гэм буруутайг нь тогтоосон байдаг юм байна. Шившигтэй гэхэд ч багадмаар ийм холбооны ерөнхий нарийн бичгийн дарга гэж байх уу, даанч дээ. Энэ ичгүүргүй ЕНБД О.Баянмөнхийн үйлдсэн эрүүгийн гэмт хэргийн золиос болсон тамирчид нь дасгалжуулагчийн хамтаар харийн орны шоронд хоригдож Азийн аварга шалгаруулах тэмцээндээ оролцож чадаагүй төдийгүй татвар төлөлөгчдийн мөнгө зүгээр л үрэгдээд өнгөрсөн байна.
Тэгвэл энэ хохиролыг хэн барагдуулсан бэ? Энэ нөхөрт ямар хариуцлага тооцсон бэ? Гэтэл зүгээр л толгойгий нь илээд өнгөрсөн байх юм. Үүний нотолгоо нь эрүүгийн гэмт хэрэг хийсэн нь шүүхээр тогтоогдсноос хойш жил гаруйн хугацаанд ажлаа хийсэн төдийгүй бүр “Рио-2016”олимпод багийн гишүүнээр явжээ. Хачирхалтай нь Монгол улс олон жил хүлээсэн олимпын медалийн төлөө маш чухал барилдаан хийж, бас медалиа луйвардуулж байх тэр хүнд цаг үед ерөнхий нарийн бичгийн дарга гэх энэ нөхөр байгаа, байгаагүй нь мэдэгдэхгүй, ердөө таг болсон гэдэг. Үнэнхүү гайхалтай байгаа биз. Эрүүгийн гэмт хэрэгтэн, ийм л сэтгэл зүрхтэй хүн Холбоог өдөр тутам удирдаж байсан гээд бодоход ёстой сэтгэл зүрх урагдах шиг болох юм гэж чөлөөтийнхөн ярьцгааж байсан байна. Хайран ч сайхан чөлөөт бөх минь гэж халаглахаас цаашгүй байсан гэдэг.
Бас нэг онц ноцтой асуудал байдаг юм байна. Энэ нь МЧБХ-ны Удирдах зөвлөлөөс батлан гаргасан “Дүрэм батлах тухай” тогтоолууд болон тус холбооны ерөнхийлөгчдийг сонгон томилосон тухай тогтоолуудыг гурван шатны шүүхийн шийдвэрээр тус тус хүчингүй болгожээ. Түүнчлэн нэр бүхий 16 хүмүүсийг Удирдах зөвлөлийн гишүүнээр сонгон томилсон нь мөн хууль бус болохыг тогтоож, “Удирдах зөвлөлийн гишүүд хууль болон дүрэмд заасны дагуу сонгогдоогүй тул удирдах зөвлөлийн бүрэн эрхийг хэрэгжүүлэх буюу холбоог төлөөлөх харилцаанд оролцох эрхгүй байна” гэж Монгол Улсын дээд шүүх эцсийн дүгнэлтээ 2021 оны 1 дүгээр сарын 06-ны өдөр гаргасан юм байна.
Гэтэл одоо болтол шүүхийн шийдвэрийг биелүүлэхгүй цааргалж, элдэв арга саам хийж өдий хүрчээ. Харин одоогийн МЧБХ-ны ерөнхийлөгч П.Гансүх нь “Шүүхийн шийдвэрийг биелүүлэх буюу холбоог өөрчлөх шинэчлэл хийх үйл ажиллагааг олимпын дараа болъё” гэж чөлөөт бөхийн хамт олны төлөөлөлд хариу өгсөн байдаг. Монгол Улсын Ерөнхийлөгчийн "Хувь хүн бус хууль засагладаг улс болно" гэж тунхагласнаар Ерөнхий сайдын мэдэлд ажиллаж буй Биеийн тамир спортын хороо, мөн түүнчлэн МҮОХ-ны удирдлагууд уг асуудлыг онцгойлон авч үзэж, Монгол улсын иргэний болон улс, ард түмнийхээ өмнө хүлээсэн үүргийнхээ дагуу Төрийн хуулийг хэрэгжүүлнэ гэдэгт найдъя. Эцэст нь хэлэхэд чөлөөт бөхийг сэтгэл зүрхнээсээ сонгон, сайн сайхныг мөрөөдөн хичээлэж байгаа залуу бөхчүүд минь, энэ спортод бүхнээ зориулж ирсэн ахмадууд минь, зориулах чин хүсэлтэй яваа дунд үеийн бөхчүүд, алдар цуут гавьяат тамирчид минь, мэргэжлийг нь эзэмшсэн багш дасгалжуулагчид, шүүгчид минь та нар юу бодож сууна вэ?
Та бүхний хайртай чөлөөт бөхийн спорт нүдэн дээр чинь гутамшигтай унасаар, “Уналтын доод цэг”-тээ байж л байх уу? Та нарт олимпын медаль авч чадаагүй 50 шахам жилийн “Гунигтай түүх”-ийг тасалж чөлөөт бөхөө аврах санаа, чадал чансаа, эв нэгдэл, сэтгэл зүрх алга уу? Нэгэнт бий болсон нөхцөл байдал, дээр бодит баримтаар өгүүлсэн энэ бүхнээсхарахад, Ерөнхий сайдын харьяанд ажилладаг БТСУХ, мөн МҮОХ, төр, түмний өмнөөс анхаарах болсон юм биш үү? Хууль, шударга ёс энэ холбоонд ус, агаар шиг хэрэгтэй болжээ.
Ш.МӨНХБААТАР
Санал болгох
Сэтгэгдэл бичих
Сэтгэгдэл бичих