Путин: АНУ-ын өмнө барьц алдахгүй
ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин энэ амралтын өдөр Санкт Петербург хотноо зохион байгуулагдсан "Үнэн ба өмч” гэх шоунд оролцсон талаар "TASS” агентлаг мэдээллээ. Уг шоуны үеэр өөрийнх нь нэр холбогдоод буй Панамын оффшор дансны асуудлаар ярьсан байна.
Путин "Миний нэр холбогдоод буй тэр баримт бичгийг харсан. Эдгээр баримтыг хараад миний инээд хүрсэн. Тэд намайг буруутан, гэмт хэрэгтэн болгохыг тулд их сайн ажилласан нь харагдсан. Худлаа зүйлийг үнэн мэтээр бичихэд мэдээж хэрэг их ур чадвар шаардагдсан байх. Тэдний гол зорилгыг сайн мэдэхгүй байна. Миний бодлоор эдгээр цаас Орос улсад хямрал авчрах зорилготой болох нь тодорхой. Худал мэдээлэл улс оронд самуун авчрах аюултай. Дэлхийн I дайны үед энэ арга тус болж байсан байх. Одоо бол цаг өөрчлөгдсөн гэдгийг бодох л хэрэгтэй. Би дахин мэдэгдэхэд, нууц оффшортой гэх асуудал бол худал мэдээлэл. Путинийг суудлаас нь буулгах хэнд ашигтай вэ. Энэ талаар Оросын ард түмэн бодох л хэрэгтэй. Худал мэдээллийн ачаар Путиний эсрэг оросуудыг нэгдүүлэх хэний зорилго байв. Энэ тухай нэгэнт тодорхой болсон. Бас л АНУ энэ бүх дуулианы ард байна. Энэ бүхнийг "Wikileaks” сайт илчилсэн шүү дээ. АНУ бидэнтэй бүдүүлэг харьцдаг. Гэхдээ би энэ асуудлаар дайн үүсгэхийг хүсэхгүй байна. Тиймээс би олон улсын энхтайвны төлөө гэхээс бус энэ асуудалд тийм ч анхаарал тавихгүй. Мөн АНУ-ын өмнө барьц алдахгүй” гэж мэдэгджээ.
Сэтгүүлчид төрийн тэргүүнээс морин хийлч Сергей Ролдугины тухай асуусан байна. Путин "Ролдугин бид хоёр маш сайн найзууд. Бидний нөхөрлөлийг юугаар ч үнэлж болохгүй. Тиймээ, найз минь бизнес хийх тухайгаа дурсч байсан. Гэхдээ эдгээр материалд дурдсан шиг мөнгө угаах зэрэг хориотой наймаа биш. Найз маань өөрийнхөө мөнгөөрөө Оросын хөгжмийн салбарт хэрэглэж буй хуучин хөгжмийн зэмсгийг солих асуудлаар ярьж байсан. Зүгээр нэг хөгжимчин хүнийг мөнгө угаадаг хэмээн бичсэн нь миний сэтгэлийг өвтгөсөн” гэсэн байна.