Аливаад шинжлэх ухаанчаар хандаж суръя
Хэдэн жилийн өмнө хүмүүс дэлхий сөнөнө гэдэг сургаар лаа шүдэнз, хүнсээ нөөцөлж, хоргодох байр бэлтгэж байсныг санаж байна уу. Үүнээс дутахгүй бэлтгэл ажил ойрын хоёр өдөр өрнөхөө шахав.
Тодруулбал, гаднын шар мэдээлэл бичдэг сайтад "Дэлхий 15 хоног харанхуй болно” гэдэг нийтлэл гарснаар өнөөх үйл явдал давтагдахаа дөхсөн юм. Тэр мэдээллийг сайн нягтлалгүй орчуулж тавьсан манай сайтынхны балгаар иргэд худал нийтлэлээс болж, хэсэг хугацаанд үймэлдсэн.
Энэ талаар Одон орон, геофизикийн судалгааны төвийн ажилтнаас тодруулахад "Гаднын сайтад нийтлэгдсэн шиг үзэгдэл болохгүй. Худал мэдээлэл” хэмээн хэлсэн юм. Ер нь энэ төрлийн хүмүүсийн сэтгэл зүйгээр тоглосон мэдээлэл сүүлийн үед олон цацагдах болжээ. Хамгийн сүүлд л гэхэд "Дэлхий гаднын биеттэй мөргөлдөнө”, "Хоёр сар гарна” гэж байсан ч тийм үзэгдэл болоогүй.
Санаж байгаа бол Лондоны их сургуулийн нэгэн физикч Хятад, Япон улс усанд автаж, умард, өмнөд Америк болон Карибийн тэнгисийн орнуудад цунами үүссэнээс 40 сая хүн амиа алдана гэж мэдэмхийрсэн. Энэ мэдээнээс болж хүмүүс үймэрч, сүүлдээ зарим нь сэтгэл гутрах эмгэгтэй болохдоо тулж байлаа.
Хүмүүс одон орон, сансар судлалтай холбоотой мэдээллийг сонирхон хүлээж авдаг. Гэтэл тэр сониуч занг нь ашиглаж аймшигтай мэдээлэл тараах болсон нь хүмүүсийн эрүүл мэнд, амьдралд сөргөөр нөлөөлөх болжээ. Тиймээс манай сайт, хэвлэл мэдээллийн хэрэгслүүд ийм мэдээллийг авч тавихдаа эх сурвалжаа нягталж, баталгаатай нийтлэл цацах хэрэгтэй юм.
Иргэд ч гэсэн хүний санаанд оромгүй мэдээллийг хүндээр тусгаж авах шаардлагагүй биз ээ. Сайн зүйлийг давтан хэлбэл сайн үйл ундарна. Муу зүйлийг давтвал муугийн ёрыг дууддаг гэх бөгөөд монголчууд бид "сэжгээр өвдөж, сүжгээр эдгэдэг”улс. Тиймээс элдэв муу зүйлд итгэхээсээ өмнө аливаад шинжлэх ухаанчаар хандаж сурах нь хамгийн зөв шийдвэр юм.
Б.Сийлэн