📅

Орос барууны орнуудын толгойны өвчин болов уу

🕔 2015/10/09 16:01
Орос барууны орнуудын толгойны өвчин болов уу

Оросын пуужингууд Иранд унаж, их хэмжээний хохирол учруулсан хэмээн Америкийн талаас мэдээллээ. Энэ талаар Британийн "www.dailymail.co.uk” мэдээлэв.

 

Ойрхи Дорнодод хяналтаа тогтоохыг санаархаж буй Иракийн хэт даврагч "Халифын вант улс” бүлэглэлд агаараас цохилт өгч буй Оросын сөнөөгч онгоцууд алдаа гаргасан талаар Пентагоны хэвлэлийн албанаас мэдээллээ.

 

Оросын сөнөөгчид өнгөрсөн гурав дахь өдөр хэт даврагчдын 11 байршил руу 26 удаа цохилт өгсөн болохыг ОХУ-ын Батлан хамгаалах яамнаас уламжлав. Каспийн тэнгисээс Сири улс руу харвасан Оросын дөрвөн пуужин Иранд унасан талаар Пентагонд ажилладаг нэрээ нууцалсан албаны эх сурвалж "AFP” агентлаг ярьжээ. Тэрбээр "Оросууд ноцтой алдаа гаргасан” гэж хэлсэн байна. Энэ пуужингууд Иранд хохирол учруулсан, хүний аминд хүрсэн эсэхийг тус улсын батлан хамгаалахын төлөөлөгчид шалгаж байгаа” гэв.

 

Ираны төрийн мэдлийн "IRNA” агентлаг "Энэ сарын 7-нд үл мэдэгдэх нисдэг биет  Гозхапан тосгонд унасан” гэж мэдээлжээ.  Харин энэхүү мэдээллийг Ираны зарим мэдээллийн хэрэгсэл үгүйсгэж, "Пуужин унасан гэх мэдээлэл АНУ-ын бичсэн зохиол. Оросыг буруутгахын тулд, худлаа мэдээлэл цацаж байна” гэжээ. Ийнхүү хэвлэлүүд хүртэл уншигчдад тэнцвэргүй мэдээлэл дамжуулж, зөв болон бурууг олоход саад учруулж буйг "AFP” агентлаг онцлов. Хэт даврагч бус Ираны эх газарт унасан пуужингуудаас болж хүний амь эрсэдсэн гэж барууны хэвлэлүүд бичиж эхэлсэн ч энэхүү мэдээллийг Оросын тал эрс үгүйсгэж, өөрсдийгөө алдаа гаргаагүй гэв.

 

Тус улсын Батлан хамгаалах яам "Орос алдаа гараагүй. Ираны газарт унасан гэгдээд буй пуужинтай Орос холбоогүй” гэж мэдэгджээ.

 

"Тегераны удирдлагууд цэргийн ажиллагаатай холбоотойгоор Оросоос тайлбар шаардах бүрэн эрхтэй” хэмээн АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Жон Керри мэдэгджээ.  Тэрбээр "Оросууд алдаа гаргаснаа хүлээн зөвшөөрөх ёстой. Та бүхнээс болж энгийн иргэд хохирох учиргүй” гэж хэлжээ. "Керри Оросын дайсны тоог нэмэх гэж дээрх мэдэгдлийг хийгээгүй бөгөөд аюулаас урьдчилсан сэргийлэхийн тулд Орос улсад хандан мэдэгдэл хийсэн” хэмээн Цагаан ордноос уламжлав.

 

Оросын сөнөөгчид анх удаагаа алдаа гаргаагүй бөгөөд өнгөрсөн амралтын өдөр Туркийн агаарын хилийг зөрчиж, хоёр улсын харилцаанд сэв суулгах дөхсөн юм. Оросын сөнөөгчид Туркийн агаарын хилийг гурван удаа зөрчжээ.  Москвагийн удирдлагууд сөнөөгчид нь Туркийн агаарын хилийг зөрчсөнийг буруутгаж, албан ёсоор уучлалт гуйсан билээ. "НАТО”-ийн ерөнхий нарийн бичгийн дарга Йенс Столтенберг дургүйцлээ илэрхийлж "Турк бол "НАТО”-ийн гишүүн орон. Тиймээс агаарын хилийг зөрчсөн нь "НАТО” руу дайрсантай утга нэг” гэж мэдэгджээ.

 

Оросын гадаад дахь цэргийн ажиллагаа барууны орнуудын толгойны өвчин боллоо. Орос үйлдэл бүрийг нь буруутгаж байгаа АНУ-ын эсрэг ямар арга хэмжээ авах нь тодорхойгүй байна.

 

Гэхдээ Орос эсэргүүцлийг үл тоон, Сирийн Ерөнхийлөгч Башар аль Ассадад амласан ёсоороо Сирийг хэт даврагчдаас чөлөөлөхөөр тэмцэж байна. Тус улсын цэргийн удирдлагууд өчигдөр "Хэт даврагчдад цохилт өгсөн долоо хоног” гэх ажлын тайлангаа тайлагнасан бөгөөд "Хэт даврагчдын хүч суларч эхэлсэн” хэмээн мэдэгдэв.

 

Орос долоо хоногийн хугацаанд хэт даврагчдад 120 удаа цохилт өгчээ. Сөнөөгчид хэт даврагчдын 71 хуягт машин, 30 автомашин 19 хуаран болон зэвсгийн агуулах, хоёр мэдээллийн төв, 23 нефть хадгалах агуулах болон 45 ширхэг их бууг устгажээ. Олон улсын анхаарал дээрх мэдээллээс илүү "хэдэн хэт даврагч амиа алдсан” гэх мэдээллийг илүү сонирхож байна. Сирийн Латика хотноо ажиллаж буй Оросын цэргийн зөвлөхүүд амиа алдагсдын тоог гаргахаар ажиллаж байна.

 

Эргэн сануулахад америкийн сөнөөгчид Афганистаны Кундуз хотноо байрлах олон улсын "Хил хязгааргүй эмч нар” байгууллагад агаараас цохилт өгч, 22 хүний аминд хүрсэн билээ. Тус улсын удирдлагууд алдаа гаргаснаа хүлээн зөвшөөрч, афганистанчуудаас уучлалт гуйсан билээ.

 

Б.Дэлгэрцэцэг

shuud.mn
скачать dle 12.0

Санал болгох

Сэтгэгдэл бичих

Сэтгэгдэл бичих

reload, if the code cannot be seen
Сэтгэгдэл бичих

0 сэтгэгдэл

»

Санал асуулга

Таксины үнийг эхний 1 км тутамд 1500, 2 км-ээс 1000 төгрөг болгож нэмсэн нь зөв үү?