Билэг оюуны тунгалагшил л…
Эсээ
Монгол гэрт унтах шиг ер бусын яруу сайхан таашаал үгүйг, тайтгарал үлэмжлэхийн, амаржин баясахуйн бүхий л эд эсээрээ шагшин мэтгэнэм. Зуны эхэн сарын цагаан манан Идэрийн уулсын модонд ороолдон зүүгдэж, мөчир бүрийн дор гоо цэгээн адуу янцгаан орших лугаа адил уянгат сэтгэлийг төрүүлж, тэнгэрийн хаяагаар, борооны үүлний өлмийгээр холхи алс зурвас зурвасхан гэрэлтэнэ. Голын бургасанд хэсэгхэн цагаан манан хөвсөгнөж, усан хүлгэлзээн агаар долгисыг эрхшээн эзэмдэж, хацар нүүрийг энхрийлэн сэвшихүй Идэр мөрний урсгал лимбэ цуурын эгшиг бүүвэйгээр туналзан урсана. Аян алсын алжаал буулгаж амрахуйн өмнөх үдшийн төгөлдөр зохионгуйг эгнүүлэн барьсан гэрсийн яндангаар шингэлэгтэн замхрах утааны үнэр бас чимнэ. Үл мэдэгхэн хэдэн бороо дусагнана. Дусагнаснаа шидлэнэ. Шидэлсэнээ мөндөршин шаагина. Шаагин шуугин орох бороон дундуур өрхний оосор даялан пад падхийлгэх чимээ гарч, тэрүүхэн хөндийн цалгайгаас зун идрийн шинэ бороонд цочирдсон адууны тав алдагдмал авч, эгшиг чимээн сонсголонт үүрсээн дуурсана. Гэрт орвол, галын дөл зууханаа бадарч, яндан дагаж урссан борооны ус шар шархийн ууршаад, дээвэрт балбах бороон чимээ үг яриа бүдэгтүүлнэ. Нүүдэлчдийн энэ гайхамшигт амьдрал, түүнээс өгөгдөн хүртэгдэх тансаг гоо сайханы асарт, ертөнцийг алган дээрээ, мэлмийн хүрдэндээ оршоон ийнхүү ил үнэн амьдрахуй гэгч юутай дээд хувь ерөөл билээ дээ, хөөрхий гэж. Орондоо орж хэвтлээ. Гэрийн дээр бороон ширхэг дуслууд тоглон наадна. Чимээ нь нэн шохоорхолт. Нэгэн үе жигтэйхэн зүггүй ширүүнээр, тэгснээ аясхан, ямар нэгийг хүлээн хүлээн, чинагш сануулан сануулах мэт хэмнэллэг, тэгж байсанаа санаа алдаад чагнаархах мэт чимээ алдран нам гүмтэнэ. Нойрон дунд, зүүдэн завсарт бороон чимээ нөр үүрсч, эрт багын, гуниггүй алдрай цаг-нүүдлийн шувууд дэвж, эгэн мөшгөж бодох сэтгэлийн харгуйд алтан улаалзгана мэт амтат гэгээн үйл санамжууд жирэлзэнэ. Хүн болсоор хамгийн сайхан шөнө бороотой шөнө л байсан мэт. Арслантай авдрын өмнөтэйд аавын дээл нөмрөн шигдэж, чийг өвч үнэртэн, эргэнэгийн үзүүр дэх шүүсэн аарцын уутнаас шожигнох чимээ дааруулах мэт сэтгэгдлийг төрүүлсэн дулаан зуны сэрүүхэн шөнөө ямархан ихээр үгүйлж л яваа вэ дээ гэж эрхгүй бодогдоно. Манант өглөө үнээ ивэлгэн, тугал татаж, дээлэн ханцуй, хормойгоо нэвт норгох хөвүүн балчирын чинад цэлмэг нас арц анхилах шиг нэхэн санагдаж, сэрүүн өглөө эрт адуугаа туун ирж, ногтны нь хамран чивчрээг суллахад бүлээн уруулаараа алга нудачсан унаганы зулайг илбэсэн ахуй аяс амгалан монгол амьдралаа хайрлан эгээрч нойрсов. Хангал үрээ үүр шөнөөр азарагасан хүхэрдэхээс нойр сэргэж, халуун галыг хангайн хуурай хар модоор өрдөхөд сэрж гадаалав. Хангайн сайхан уулсаар шөнөдөөн цас ороод хоножээ. Хар азаргатай адуу уруудаж ирэн, гэрийн ардханд тогтосхийжээ. Хар азаргатай адуунд бүл нэмээд ирж. Хангайн арыг ханалаж давах хүлэг болох, хар хүрэн, халтар хээр, хонгор ухаа унагад төржээ. Хар хүрэн адуу нь хан ар, хэц өврөөрөө дүүрвэл, хишиг буяны үүд нээгдэнэ, хээр буурал уулс баясана гэдэг дээ. Дэлхийг онон цүүргэнэж, эхийнхээ дэргэд майцарганах тэр нялххан амьтны хөөрхөн гэдэг нь зүрхэн чинадаас хайр ундрам. Ертөнц анхлан тамгалсан бяцхан туурайндаа, зуны эхэн сарын цасан зайртуулж, энхэр жаахан дэл нь салхин сэвшээнд дэвэгнээд, нялх хилэн үс нь умарч хүлэг хөрвөжиж эхлэх нь энэ дээ.
Баруунтай Сэвжидбалбар хайрхан мөнгөн цагаанаар бөмбийн ембүүшинэ. Зүүнтэй Бөхөн шарын нуруу цагаан мөнгөнөөр бөмбийн ембүүшинэ. Хоёрын хутагтын нутгийн хоёр хайрхан ийн нэгнээдээ мишээж, нар өргөн духайхын наана цаана тохойгоор Идэр мөрөн харгилан даргилан урсана. Уулсаар орсон цас төдхөнөө хайлж, жалга судаг бүрээр садран талбиж Идэрт нийлээд их мөрний ус завь хөмрөм урсгал ширүүн, ааг омголон нь түрхрэн түрхрэнэ. Идэрийн хөвөө, Бөхөн шарын нурууны унаган хөвүүдийн багш шавийн холбоо уул усны судал гагнаас мэт. Шүтэн барилдахуй нь өгөөмөр, хол чинадын утга учиртай. Эх хэл, үндэсний соёл ухамсарт зангидагддаг. Идэр мөрний хөвөөнд жилийн жилд Монголын нэгэн сайхан баяр болдог нь эх хэлний эрдмийн баяр. Эх орны тоонот бүрээс мэргэн багш нар, эрдэмт сурагч оюунтнууд эрмэлзэн ирж билгүүнээ шалгадаг. Энд билгүүн шидээ үзсэн хэн боловч, эргэж ирдэг, эх орны хэл соёлыг тулгалж буй билээ. Алив хүний төрөлх тоонот хөвүүдээн цог хийморьтой, билэг билгүүн ноцож явахыг сүншиглэх билээ. Энгэр дэнждээ хүн болсон ухаант хэн ч билэг билгүүнийхээ баялагыг мөн тоонотдоо зориулнам. Билэг билгүүний өглөг л дээд сайхан буян юм аа.
Идэр гол урсана. Эргээр нь хээр алсын галуу явгалан таахагнана. Зун шинийн галууд эртний "хэлээр” гоог гоог дуугарч, жигүүр хумин бөмбийнө. Их нислэгийн дараах амсхийлт, элгэн голдоо ирсэний тайтгарал, эх орондоо ирсэний жаргал, энэ мөрний хөвөөнд шувуу болсоны учирлал, эн үгүй цагаан мананд бүүвэйлүүлэхийн таатай бүхэнд живэн зүүрмэглэнэ. Ойрмогхон манан сүвлэсэн хоёр загал тогоруу наашаа нэг, цаашаа нэг мэхэс мэхэс, тонгос тонгос алхлан бүжилхийлнэ. Үлэмжийн гоо тэр шувууны өвчүүн зогдор зоргодос лугаа адил, хөл нь савхан дэглэлт, хүзүү нь уран сүмбэн, сүүл нь шөмбөн. Монгол нутгийн амгалан аяс, ахуй үзэсгэлэнгийн ярууг урлан туурвих бийр-шувуусан билээ дээ, тогоруу гэдэг энэхэн жигүүртэн. Гоо сайхан зүйл гэдэг бол харагдаж байгаа тэр гоо сайханд бус харин хараад гоо сайхан юмаа гэж бодох тэр сэтгэлийн долгилолд л оршиж буй гэх оноолт үгийг санагдуулна.
Дунд ногооны дээд өвөлжөөнд, төрсөн бууцандаа хүрээд ирсэн төрийн зүтгэлтэн Б.Шаравсамбуу ах хүрч ирлээ. Үзэх царайнаас бах ханажээ. Халхын их гүүш Г.Акимтай бууцандаа очиж хөрвөөнө гэдэг сайхан. Ерөөлт, учирт үйл хэрэг. Хүнийг газар дэлхий дээр төрөхөд амьдрах зам харгуйн бүхий л луужин зэрэгцэн замладаг гэдэг бөлгөө. "Амьдралаа би чамд хайртай” гэж Данзангийн Нямаа найрагч хэлсэн. Ийм бэлгэ ерөөлтэйхэн хорвоо учир тийн хэлсэн буй за. Төрсөн бууцандаа сэтгэл бодол тунгаан зорчиж, аав ээж, ах дүү нараа бодон, хүний хорвоод амьдарсан, амьдрах замаа бодон уярах сайхан. Сэтгэл цэлмэнэ. Мөрөөдөл бодол тунгалагшина.
Бөмбийн бөмбийн цайвалзах Бөхөн шарын нуруундаа гарлаа. Нойтон цас танан хивс адил мэлмийж, агаар долгион гайхам сайхнаар ноёлонхон ахуйн энэ цагт ертөнцийг энэхэн тэргүүн уулнаас үзэхүйн баясалтайг хэлэлтгүй. Хангайн эх их сайхан уулс ханаран налайж, хайр энэрэл, баяр бахдал, хийморь лундааг зэрэгцүүлэн бишгүүрдэж, сэтгэл амирлана. Баруун урдаад уулс уулсаар өргөгдсөн Богд Очирваань манан будан дундаас үзэгдэн үзэгдэн манхайна. Уран Мандаа уул баруун хойтод манхайна. Өмнөдөд Тэгшийн сайхан гол мяралзан урсч, угалзлан гогцоорно. Халхын тамгатай арвангурван хутагтын нэг Хамба Номун хан Жамбалдорж гэгээн энэ нуруунаас ертөнц авхайн бошгийг уншиж, эх нутаг , ард иргэдийнхээ хувь заяа, билэг билгүүнийг хурайлан даадаг цэдигийг сэтгэлдээ бодон, их хайрханыг харж зогсохын сайханыг эдлэмүй. Бөхөн шарын нуруунд арцын үнэр ханхийнэ. Цав цагаан цас хайлмагтан хайлмагтана. Цагаан дэлгэр зуны эхэн сарын шинэдийн наран ээнэ. Цав цагаан үүлсийн тасархайнууд Очирваанийг тойрон бүжнэ. Ертөнц үүсэхийн эхэнд энэ л хайрхан байсан гэнэм. Тэгвэл ертөнц өндөрлөхийн төгсгөлд энэ л уул байх нь лавтай. Ертөнцийн эхэнд үг л байсан гэдэг. Тэгвэл ертөнцийн эхэнд Очирваань гэж үг байжээ. Тиймийн учир Монгол түмэн ертөнцийн эхэнд эх нутгаа залсан хувь өндөр ард түмэн. Ертөнц үүсэхийн эхэнд чингэхээр монгол хэл минь л байсан байх нь магад аа. Ийн бодохуй дор, оюун билэг цэнгэгшин цэлмэж, цог золбоо биеийг хурайлана. Билэг оюуны тунгалагшил л биднийг аварна. Билэг оюуны тунгалагшил.
Б.ЗОЛБАЯР
2016.05.18. Улаанбаатар-Идэр-Улаанбаатар

























































































