М.Энхцэцэг: Мэргэжлийн холбоод ашгийн бус нэрийнхээ ард асар их ашиг олдог
УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанаар Үндсэн хуулийн цэцийн 2026 оны хоёрдугаар дүгнэлтийг хэлэлцлээ. Уг дүгнэлт нь Мэргэжлийн нэгдсэн холбооны эрх зүйн байдлын тухай хуулийн зарим зохицуулалт Үндсэн хуулийг зөрчиж байна гэсэн дүгнэлт юм. Эдийн засгийн байнгын хороо Цэций энэхүү дүгнэлтийг хүлээж авах нь зүйтэй гэж үзлээ.
Байнгын хорооны хуралдааны үеэр УИХ-ын гишүүн М.Энхцэцэг "Цэцийн дүгнэлттэй холбогдуулан Мэргэжлийн нэгдсэн холбооны эрх зүйн байдлын тухай хуульд өөрчлөлт оруулах ажлыг Эдийн засгийн байнгын хороо зохион байгуулах юм байна. Зөвхөн Цэц дээр хэлэлцэгдсэн асуудлаар л өөрчлөлт оруулна. Гэвч Мэргэжлийн нэгдсэн холбооны эрх зүйн байдлын тухай хуулийг онцгойлон анхаарах зайлшгүй шаардлагатай болсон байна. Яагаад гэхээр, борооны дараах мөөг шиг зөвхөн ганцхан үгийн зөрүүтэй мэргэжлийн холбоод маш их байгуулагдсан. Тэр мэргэжлийн холбоод цаана нь байгаа компаниудын эрх ашгийг хөндөж, хамгаалж чадаж байгаа эсэх нь эргэлзээтэй.
Хоёрдугаарт, нэг хүн 10 гаруй ТББ, мэргэжлийн холбоодын тамгыг халааслаад явж байдаг юм байна. Ашгийн бус байгууллага гэдгээр нь далимдуулан компаниас их хэмжээний хөрөнгө санхүүгийн асуудал, гүйлгээ явагддаг. Үүнийг цэгцлэх ёстой. Компаниуд нь татвараа төлөөд тодорхой хэмжээний ажил хийгээд байдаг. Мэргэжлийн холбоод ашгийн бус гэдгийнхээ ард их хэмжээний хөрөнгө санхүүгийн асуудлыг нааш цааш нь болгодог. Үүнийг цэгцлэх чиглэл рүү энэ хуулийг сайжруулах байдлаар ажлын хэсэг байгуулаад ажиллах нь зүйтэй" гэв.

















































































