Цагдаагийн байгууллагаас сэтгүүлчийг хүч хэрэглэн баривчлах үед бие нь муудаж эмнэлэгт хүргэгдсэн ноцтой хэрэг гарлаа
Энэхүү "харгис" цагдаагийн байгууллагын үйл ажиллагаанд эрхэм дарга генерал Ж.Болд өөрийн биеэр мэдээлэл өгч тайлбар тавих ёстой. Мөн Хууль зүйн сайд Б.Энхбаяр ч хариуцлага хүлээх ёстой...
Сэтгүүлчийг баривчлах, редакцийг битүүмжлэх ажиллагаанд хэтэрхий олон ойлгомжгүй, тодорхой бус зүйл байна.
Хэрэв Эрүүгийн цагдаагийн алба хаагчид сэтгүүлчийг албадан саатуулах, авч явах ажиллагаа явуулж байгаа бол:
• албаны үнэмлэхээ танилцуулах,
• прокурорын зөвшөөрөл, хууль ёсны үндэслэлээ үзүүлэх,
• албадуулалгүй хамт явах боломжийг сануулах ёстой.
Гэтэл энгийн хувцастай, хэн нь ч мэдэгдэхгүй хүмүүс сэтгүүлчийг ажлаа хийж явах үед нь прокурорын зөвшөөрөлгүй мэт харагдах байдлаар шууд хүч хэрэглэн авч явсан нь өөрөө хууль зөрчсөн байж болзошгүй ноцтой асуудал юм.
Тэр дундаа албан өрөөндөө “шээдэг” даргын тухай сурвалжилга гарсны маргааш нь тухайн редакцид ийм ажиллагаа явуулж байгаа нь олон нийтийн хардлага, дургүйцлийг улам өдөөж байна. Тухайн үеийн бичлэг дээр согтуу "шээдэг" дарга "МАРГААШ ЧАМАЙГ БАРИВЧЛУУЛЖ, ХОРИНО" гэх дарамт үгс тодорхой гардаг...
Албаныхан “энэ хоёр асуудал холбоогүй” гэж тайлбарлаж байгаа ч, хэрэв үнэхээр холбоогүй юм бол яагаад өмнө нь ийм арга хэмжээ аваагүй юм бэ? гэдэг асуулт зайлшгүй гарч ирнэ.
Тиймээс энэ бүхэн “шээдэг” даргатай холбоотой улс төрийн болон албан тушаалын дарамт мөн үү гэсэн эргэлзээг улам бататгаж байна.
Нэгүүн.мн-ийн хамт олон албадлага хэтрүүлсэн, бие махбод, эрүүл мэндэд хохирол учруулсан, хууль бус ажиллагаа явуулсан гэх үндэслэлээр харьяаллын дагуу АТГ болон хяналтын байгууллагад гомдол гаргаж, шалгуулах ёстой.
Учир нь сэтгүүлчийг сүрдүүлж, хүч хэрэглэн авч явах, редакцийг битүүмжлэх нь ганц байгууллагын асуудал биш — энэ бол хэвлэлийн эрх чөлөө, иргэдийн мэдэх эрхэнд халдаж байгаа хэрэг.
Хамгийн эмгэнэлтэй нь, эрх баригч МАН 2024 оны УИХ-ын сонгуулийн мөрийн хөтөлбөртөө:
“Сэтгүүлчийг хэвлэн нийтэлсний төлөө хорьж цагддаг, хууль бусаар мөрдөн хавчдаг, үндэслэлгүйгээр хууль зүйн хариуцлагад татдаг явдлыг зогсооно” гэж амласан.
Гэтэл өнөөдөр бодит байдал дээр өдөр ирэх тусам үүнийхээ эсрэг ажиллаж байна.
Хэвлэлийн эрх чөлөөг боомилж байгаа эрх мэдэл удаан тогтдоггүй.
Сэтгүүлчийг дуугүй болгох гэж оролдсон бүхэн эцэстээ үнэнийг улам чанга дуу хоолойтой болгодог.
Энэ асуудалд ард түмнээс сонгогдсон ерөнхийлөгч У.Хүрэлсүх та анхаарал хандуулж шударга үнэний "сэлэм"-ээ сугалах цаг болжээ.


Санал болгох
Сэтгэгдэл бичих
Сэтгэгдэл бичих
















































































