Аймгийн нийт үйлдвэрлэлт 73 тэрбум төгрөгт хүрчээ
Дархан-Уул аймгийн Статистикийн хэлтсээс хэвлэлийн хурал зарлаж тус аймгийн нийгэм, эдийн засгийн байдлын эхний есөн сарын дүнг сэтгүүлчдэд мэдээлэв.
Өнгөрсөн есөн сарын байдлаар хэрэглээний үнийн индекс: өмнөх оны мөн үеийнхээс 4.0 хувиар, оны эхнийхээс 1.4 хувиар тус тус өсч өмнөх сарынхаас 0.9 хувиар буурчээ. Мөн өмнөх сартай харьцуулахад мах махан бүтээгдэхүүний үнэ 1.7 хувиар, төмс, хүнсний ногооны үнэ 27.5 хувиар тус тус буурсанаас хүнсний барааны үнийн индекс 3.2 хувиар буурсан байна. Ерөнхий индексийн 0.9 хувийн бууралтад хүнсний бүлгийн 3.2 хувийн, шатахууны үнийн 0.3 хувийн бууралт нь голлон нөлөөлжээ. Энэ хугацаанд аймгийн нийт үйлдвэрлэлт 73 тэрбум 923.4 сая. төгрөг байгаа нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад 49.5 хувиар буурчээ. Үйлдвэрлэлт буурсан гол шалтгаан нь уул уурхайн салбарын үйлдвэрлэл, боловсруулах салбарын үйлдвэрлэл буурсан нь нөлөөлсөн гэв. Аймгийн нийт аж үйлдвэрийн бүтээгдэхүүний борлуулалт 112 тэрбум 408.9 сая.төг байгаа нь өмнөх оны мөн үетэй харицуулхад 20 хувиар буурсан байна. Борлуулалт буурсан гол шалтгаан нь боловсруулах салбарын борлуулалт буурсан нь нөлөөлсөн. Өнгөрсөн сарын байдлаар аймгийн Хөдөлмөрийн хэлтсийн мэдээгээр бүртгэлтэй ажилгүйчүүдийн тоо 1714 болж өмнөх сараас 97 хүнээр буурсан. Энэ оны 9 сард Хөдөлмөрийн хэлтэст 524 хүн шинээр бүртгүүлсэн бол нэмж бүртгүүлсэн ажилгүйчүүдийн 69 нь өөр газраас шилжиж ирлээ гэж аймгийн Статистикийн хэлтсийн дарга Б.Дэмид-Очир ярилаа.