📅

"Хөнжлийнхөө хэрээр хөлөө жийсэн" 2016 оны төсөв монголчуудын бүсийг ингэж чангална

🕔 2015/10/06 10:42
"Хөнжлийнхөө хэрээр хөлөө жийсэн" 2016 оны төсөв монголчуудын бүсийг ингэж чангална

УИХ-ын намрын чуулган эхлээд удаагүй байна. Намрын чуулганаар хэлэлцэх эхийн том асуудал бол энэ оны төсвийн тодотгол болон ирэх оны төсөв юм. Хуульд зааснаар Засгийн газар ирэх оны нэгдсэн төсвийн тухай хуулийн төслийг аравдугаар сарын 1-ний дотор багтаан УИХ-д өргөн мэдүүлэх ёстой. Энэ дагуу Сангийн сайд Монгол Улсын 2016 оны нэгдсэн төсвийн тухай хуулийн төсөл болон холбогдох бусад хуулийн төслүүдийг УИХ-ын даргад өргөн мэдүүлсэн юм. Ирэх оны төсвийг алдагдал 4 хувь байх аж. Цаашдаа огт алдагдалгүй байлгах гэнэ. Харин инфялцийг 5 хувь гэж ирэх оны төсөвт тусгаж оруулж ирлээ. 2016 оны төсвийг Их Хурлын дарга З.Энхболд "Хөнжилийнхөө хэрээр хөлөө жийсэн төсөв" гэж тодорхойлоод байгаа. Харин төсөв боловсруулсан Сангийн сайд урд хожид байгаагүй том шинэчлэл гэж тодотгоод байгаа юм. Тэгвэл энэ долоо хоногийн чуулганаар ирэх оны төсөв болон 2017 оны төсвийн төсөөллийг хэлэлцэх хуваарьтай.

2015 оны эхний найман сарын байдлаар улсын төсөв 600 орчим тэрбум төгрөгөөр тасалдсан байна. Оны эцэст 900-гаас нэг их наяд төгрөгт хүрнэ гэсэн тооцоог Сангийн яам гаргажээ.

Тиймээс ирэх оны төсөв нэлээдгүй хассан, танасан байдалтай хийгдсэн. Мөн төрийн байгууллагуудын өндөр албан тушаалтнуудын цалинг багасгах, яамдын тоог бууруулж 9 болгох,ирэх оны нэгдүгээр сарын нэгнээс эхэлж агентлагуудыг татан буулгах, дэд сайдгүй ажиллах гээд ирэх оны төсөвт ихээхэн зоригтой өөрчлөлтүүдийг тусгаад байна. Харин ард иргэдийн цалин тэтгэвэр, нийгмийн халамжийг багасгах болон нэмэхгүй байхаар болжээ. Мөн зарим бараа бүтээгдэхүүний онцгой албан татварыг нэмнэ. Ингээд ирэх онд монголчууд биднийг ямар нөхцөл байдал хүлээж буй, хэрхэн бүсээ чангалах гэж буйг хүргэж байна.

Цалин тэтгэврийг нэмэхгүй

Үе үеийн Засгийн газар сонгогчдод хамгийн түрүүнд амладаг зүйл бол "Цалин, тэтгэврийг 2-3 дахин нэмэх” тухай байдаг. Түүндээ ч хүрэхийн тулд цалин, тэтгэврээ чадлаараа нэмж байсан. Жишээлбэл 2008-2012 оны хамтарсан Засгийн газрын үед цалин, тэтгэвэрийг хамгийн их буюу 20-30 хувиар нэмсэн түүхтэй. Улс орныг эдийн засгийн хямралд оруулж, төрийн "түрүүвчийг” юу ч үгүй хоосолсон хэмээн адлагдсан Н.Алтанхуягийн "Шинэчлэлийн засгийн газар” хүртэл бага ч гэсэн хэмжээгээр нэмж байсан. Харин энэ Ч.Сайханбилэгийн ЗГ 2016 онд төрийн албан хаагчдын цалин, өндөр настнуудын тэтгэврийг нэмэхгүй гэв. Арга ч үгүй биз тэд цалин, тэтгэвэрийг нэмэх нь байтугай, одоо ажиллаж байгаа төрийн албан хаагчдынхаа цалинг ч тавьж чадахгүй дээрээ тулаад байгаа. Хөдөлмөр нийгмийн гурван талт хэлэлцээрийг зохион байгуулж МҮЭ болон Ажил олгогчдын нэгдсэн холбоодтой эдгээр асуудлыг хэлэлцэн тогтсон. Улмаар хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурсан юм.

Нийгмийн халамжуудыг танаж, зөвхөн зорилтод бүлгүүдэд өгнө

2016 оны төсөвт нийгмийн халамжуудыг хавтгайруулж өгөхийг хориглосон. Нийгмийн халамж гэдэг бүлэгт Одонтой ээжүүдийн мөнгө, Оюутнуудын сар бүр авдаг 70 мянга, Хүүхдийн мөнгө, Жирэмсэн ээжүүдэд өгдөг байсан мөнгө гэх зэрэг орно. Өнгөрсөн хавар Ерөнхий сайд эдгээр өөрчлөлтүүдийг хийхээр төлөвлөж олон нийтэд зарласан ч харамсалтай нь ихээхэн эсэргүүцэлтэй тулгарч байсан юм. Энэ удаа тус бүрээр нь биш нийгмийн халамж гэдэг нэг "малгай" дор оруулж хасаж танах бололтой. "Алдарт эх”-ийн I, II дугаар одонтой ээжүүдийн 90 орчим хувь нь 1950-1960 оныхон байдаг. Тэдний хүүхүүдүүд өдгөө бүгд нас биед хүрсэн байгаа. Харин үлдсэн 10 гаруй хувь нь л одонгийн мөнгийг авах шаардлагыг хангах юм. "Үндэсний тэтгэлэгт хөтөлбөрт” зориулж улсын төсвөөс өнгөрсөн гурван жилийн хугацаанд нийт 307.2 тэрбум төгрөг зарцуулжээ. Харин энэ жилийн төсөвт нийт 70 гаруй тэрбум төгрөг суусан байгаа. Дээрх шийдвэрээр жилд 33.7 тэрбум төгрөг хэмнэх боломжтой. Энэ жилээс эхлэн цензур тогтоож зөвхөн зорилтот бүлгийн хүүхдүүдэд 20 мянган төгрөг олгож байх саналыг Засгийн газар гаргав. Өнгөрсөн жилийн статистик мэдээллээс харвал Хүний хөгжил сангаас 11 дүгээр сард 990.5 мянган хүүхдэд 218.2 тэрбум төгрөг олгожээ. Хэрэв зорилтот бүлэгт олговол энэ мөнгөн дүн нэлээдгүй багасах гэнэ.

Шатахуун тэргүүтэй зарим бараа бүтээгдэхүүний онцгой албан татварыг нэмнэ

Татваруудын ерөнхий хэмжээг нэмэхээр болжээ. Дэлхийн зах зээл дээр  нефть сүүлийн жил гаруйн хугацаанд тогтмол буурсан. Жилийн өмнө нэг баррель түүхийн нефть 112 ам.доллар байсан бол өнөөдөр 48-хан ам.доллар болж даруй 60 хувиар буурчээ. Шатахууны үнийн түр зуурын бууралтын оронд хүүхдийн мөнгө, цалин тэтгэвэр, тэтгэмжээ тавьж өгөх юм гэнэ. Ингэснээр өргөн хэрэглээний байраа бүтээгдэхүүний үнэ нэмэгдэхгүй гэх баталгаа бий юу. Үүнийг шатахуун импортлогч компаниуд нь дэмжих үү. Шатахуун импортлогч нартай дахиад үнэ тогтворжуулах гэрээ хийж, их хэмжээний мөнгө өгөх үү. Ямар ч байсан шатахуун дээр татвар нэмж байж цалингаа тавих сурагтай.

Ирэх онд зарим яамдыг татан буулгана

Ирэх оны төсөвт Сангийн сайд том хэмжээний, зоригтой реформ хийж байгаагаа олон нийтэд зарласан. Тэр нь хэтэрхий тэлсэн төсвийг буцаан хумих. Ингэхийн тулд төрийн данхар бүтцийг цөөлөх гэнэ. 2016 оны төсөвт наймдугаар сарын 1-нээс эхэлж нийт 9 яамтай байхаар тусгажээ.Одоогийн байдлаар 15 яам үйл ажиллагаа явуулж байгаа. Эдгээрийг заримыг нь татан буулгах, чиг үүрэг ойролцоо яамдыг нь хооронд нь нэгтгэх үйл явцыг ирэх онд хэрэгжүүлнэ.

2-3 агентлага татан буугдана

Ирэх оны төсөвт 2-3 яамдыг татан буулгахаар тусгасан байна. Одоогийн байдлаар төсөв УИХ-аар батлагдаагүй байгаа учир чухам ямар яамдыг татан буулгах вэ гэдэг асуудал нууц хэвээр байна. Ямартаа ч 2016 оны нэгдүгээр сарын нэгнээс эхэлж чиг үүрэг нэгтэй 2-3 агентлагуудыг татан буулгах, нэгтгэх юм байна.

Урсгал зардлыг тэвчиж болохуйц дээд хязгаарыг барьж ажиллана

Улс орны эдийн засаг тогтворгүй байдалд шилжсэн. Бараг л цалин, тэтгэврээ арай гэж тавьж байгааа нь үнэн.  Тиймээс ирэх оны төсөвт тэвчиж болохуйц бүх урсгал зардлыг тэвчихийг Ерөнхий сайд үүрэг болгосон. 2016 онд улсын мөнгөөр ямар нэгэн эд хогшил худалдан авах. Улсын мөнгөөр хурал цуглаан хүртэл зохион байгуулахыг хориглов. Мөн гишүүд болон сайд дарга нарын гадаад дотоод томилолт, сургалт семинарт төсвийн мөнгөөр явахыг хориглосон юм.

Дэд сайдын албан тушаалыг байхгүй болгоно

2016 оны төсөвт дэд сайдын орон тоог хасч тооцоолжээ. Одоогийн байдлаар 17 дэд сайдын орон тоо байгаа. Өнгөрсөн нэгдүгээр сарын судалгаагаар 672 сая төгрөгийг 17 дэд сайдыг танаснаар хэмнэх байсан. Үүнд дайвар зардал болон томилолтын зардлыг оруулж тооцоогүй юм. Өнгөрсөн нэгдүгээр сард хийсэн төсвийн тодотголын үеэр дэд сайдуудыг хасч батлахаар болсон. Гэтэл маргааш нь Төрийн байгуулалтын байнгын хороо хуралдаж дэд сайдуудын орон тоог хасч болохгүй гэх шийдвэрийг гаргаж УИХ-аар батлуулсан. Энэ удаа дээрх шиг үйл явдал  болохгүй гэх газаргүй юм.

Г.Лхагва


 
zaluu.com
скачать dle 12.0

Санал болгох

Сэтгэгдэл бичих

Сэтгэгдэл бичих

reload, if the code cannot be seen
Сэтгэгдэл бичих

0 сэтгэгдэл

»

Санал асуулга

Таксины үнийг эхний 1 км тутамд 1500, 2 км-ээс 1000 төгрөг болгож нэмсэн нь зөв үү?