Ховд аймгийн Жаргалант, Цэцэг сумдад гарах, орох хөдөлгөөнийг хязгаарлалаа
Цэцэг сумаас энэ сарын 28-ны өдөр БОЭТ-д яаралтай тусламжаар ирсэн 27 настай иргэн Г-д гоц халдварт тарваган тахал өвчний шинж тэмдэг илэрч, урьдчилсан шинжилгээгээр тус өвчнөөр өвчилсөн болох нь тодорхойлогдсон талаар өчигдөр бид мэдээлсэн. Одоогоор шинжилгээний сорьцийг Зоонозын өвчин судлалын үндэсний төвд илгээсэн бөгөөд өнөөдөр албан ёсны баталгаат хариу гарах юм.
Үүнтэй холбогдуулан аймгийн Онцгой комисс өчигдөр хуралдаж, мэргэжлийн байгууллагуудын онцгой нөхцөл байдлын үед шуурхай авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар холбогдох шийдвэрүүдийг гаргаад байна. Тухайлбал, аймгийн Онцгой комиссын дэргэдэх Шуурхай штабыг өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллаж, мэргэжлийн байгууллагуудын үйл ажиллагааг удирдлага, зохион байгуулалтаар хангаж ажиллахыг даалгалаа.
БОЭТ-д хэсэгчилсэн хөл хорио тогтоож, тухайн өвчтөний нэг, хоёрдугаар зэргийн хавьтагчийг тодорхойлж, тусгаарлалтад авахыг мэргэжлийн байгууллагуудад үүрэг болгосон юм.
Мөст, Алтай, Мөнххайрхан сумдад тарваган тахал өвчнөөс урьдчилан сэргийлэх сэрэмжлүүлэг, зөвлөмж мэдээлэл түгээх, Цэцэг суманд шаардлагатай шуурхай арга хэмжээ авч ажиллах зэрэг шийдвэрийг гаргасан байна.
Мөн энэ үеэр иргэд тарвага, тарваганы гаралтай түүхий эд, бүтээгдэхүүнийг хэрэглэхгүй байх, хот суурин газарт нэвтрүүлэхгүй байхыг холбогдох байгууллагаас анхаарууллаа.
Санал болгох
Сэтгэгдэл бичих
Сэтгэгдэл бичих