АН-ын даргын хийтэй мэдэгдэл буюу цагаа олоогүй улс төр
АН-аас юу ч хүлээх хэрэггүй болжээ. Хэдийгээр энэ нам үүсэн бий болоод 30 жилийн нүүрийг үзсэн, ардчиллыг тугаа болгосон ахмад улстөрчидтэй гэгдэж явсан ч энэ цаг түүх болсныг намын дарга нь “зарлалаа”. Улс төрийн намын хувьд одоо тэднээс үнэт зүйл, эв нэгдэл, шударга ёс хүлээх шаардлагагүй болсныг юуны өмнө уншигчдад сануулах нь зүйтэй болов уу. Учир нь, коронавирусийн үед төр засгаас авч хэрэгжүүлж буй арга хэмжээний талаар АН-ын дарга С.Эрдэнийн хийсэн мэдэгдэл нь “Зовох цагт нөхрийн чанар танигдана" гэгч болов. Өнгөрсөн нэгдүгээр сараас дэгдсэн коронавирусийн халдвар өдгөө дэлхийн улс орнуудын талаас илүүд нь тархаад байна. Тийм ч учраас улс орнууд хилээ хааж, хөл хорио тогтоохоос авахуулаад шаардлагатай бүх арга хэмжээг авч хэрэгжүүлж байна. Манай улсын хувьд ч дэлхийн жишгээр ажиллаж байгаа юм. Хэдийгээр энэ сарын эхээр хилээ хаасан ч гадаадад үлдсэн, эх орондоо зайлшгүй ирэх шаардлагатай иргэдийг татан авахаар болсон. Ингэснээр Засгийн газраас шийдвэр гаргасны дагуу өнгөрсөн хугацаанд тусгай үүргийн онгоцыг 3-4 удаа нисгэж, иргэдээ татсан. Эхнийх нь өвчний голомт болсон Ухань хотоос 30 гаруй оюутныг авчирсан бол энэ сар гарснаас хойш гурван удаагийн тусгай нислэгийг явуулсан. Ингэснээр БНСУ, Япон, Туркийн онгацоор нийт 700-800 иргэнийг эх орондоо авчраад байна. Гэсэн хэдий ч гадаадад сурдаг оюутнуудыг оюутны байрнаас нь гаргасан учраас гудамжинд гарахдаа тулж, айлаар хоног төөрүүлэх, эх орондоо очих зардлын мөнгөө хадгалаад хоолгүй хонохдоо хүрч байгаа талаарх таагүй мэдээлэл хөвөрсөөр байна. Тиймээс хилийн чинадад ийнхүү хүнд байдалд орсон иргэнээ төр анхааралдаа авах, улмаар эх орондоо авчрах зайлшгүй шаардлага бий болоод байгаа юм. Засгийн газар болон Ерөнхий сайдын зүгээс гадаадад байгаа монгоя иргэдээ татан авчрах ажлыг шат дараатайгаар зохион байгуулахаа илэрхийлсэн. Үүний хүрээнд тусгай үүргийн онгоцоор авчирсан иргэдийн тусгаарлалтын хугацаа дууссан үед дараагийн нислэгийг хааш нь явуулж, иргэдээ татах вэ гэдгийг шийдэхээр болсон. Харамсалтай нь, нөхцөл байдал ийн хүнд байгаа үед аливаа улс төржилт, ашиг хонжоо олох гэсэн буруу сэдэлтнүүдийн үйлдэл идэвхжих болсон. Үүний тод жишээ нь АН болов.
Тодруулбал, тус намын дарга С.Эрдэнэ хилийн чинад дахь иргэдийг татан авчирч буй үйлдлийг эрс буруушаагаад зогсохгүй “Гаднаас цар тахал импортоллоо” гэж мэдэгдсэн нь эх орондоо очих хүсэлтэйгээр чимээ чагнан суугаа олон хүний сэтгэлийг эмзэглүүлээд зогсохгүй, тэднийг илтэд ялгаварлан гадуурхсан үйлдэл болов.
С.Эрдэнэ дарга энэ тухайд “Нэг их эх оронч царайлаад, монгол хүн эх орондоо ирэх ёстой ч гэх шиг. Үгүй л байхгүй юу. Яахаараа цөөнхийн эрх ашгийг хангахын тулд улс үндэстнийхээ аюулгүй байдлаар дэнчин тавих ёстой юм. Гурван сая монголчууд чухал юм уу, 5-10 хүн чухал уу. Хэн тэднийг цар тахал импортлоотох гэсэн юм.
Цар тахлын аюулыг дотооддоо биш, гадаадаас импортлох маягаар оруулж ирж байгаатай санал нэгдэхгүй. Гурван сая иргэний аюулгүй байдлыг хангах нь төр, засгийн үүрэг. Тэдний эрүүл мэндээр дэнчин тавьж болохгүй. Бид монголчуудын эрх ашгийг дээдлэх ёстой юу, хэсэг бүлэг хүмүүсийн, эрх мэдэлтнүүдийн ар гэрийг хамгаалах нь чухал уу” хэмээн илтэд улстөржсөн мэдэгдэл хийсэн. УИХ-ын ээлжит сонгууль болоход хоёр сар гаруйн хугацаа үлдсэн учраас элдэв улстөржилт, “сонгуулийн солиорол” газар авдаг нь манай улсад гарцаагүй үзэгдэл болсон. Энэ утгаар нь хүлээж авъя гэсэн ч түүний дээрх мэдэгдэл хэтийдсэн улс төр байлаа. Нөгөө талаас АН үндсэн утгаараа ажиллах боломжгүй болсныг түүний мэдэгдэл илтгэв. Энэ намд цаашид ардчилсан үзэл баримтлал, хүний эрх, эрх чөлөөг дээдлэх зарчим үйлчлэхгүй болсон бололтой юм. Намын даргын үзэл бодлыг хувь хүнийх гэж харж болох ч тэдний сэтгэж буйгаар сонгууль дөхсөн энэ өдрүүдэд намын дарга болон намын үзэл баримтлалыг салгаж ойлгох аргагүй. Том зургаар нь харвал засгийн эрхэнд гарахын төлөө сонгуульд өрсөлдөхөө зарлаж, мөрийн хөтөлбөр боловсруулан, улс төр хийж эхэлсэн, томоохон намын дарга Монгол Улсын ямар ч сэнтийд заларч мэднэ. Өөрөөр хэлбэл, иргэдийг итгүүлэн үнэмшүүлж чадваас энэ нам засгийн эрхэнд гарвал С.Эрдэнэ гэдэгхүнд Монгол Улсын номер 2,3 дахь суудал буюу УИХ-ын дарга, Ерөнхий сайд болох боломжтой. Нийтлэлийн эхэнд АН-аас юу ч хүлээх хэрэггүй болсныг уншигчдад сануулсны учир энэ. АН-д итгэл үзүүлж, засгийн эрхэнд гаргалаа гэмээнэ иргэд бид илтэд ялгаварлан гадуурхагдаад зогсохгүй ардчилал, эрх чөлөөт байдлыг төр засгаасаа хүсээд ч тусыг эс олох нь дамжиггүй болж байна. Нэг талаас ийм таагүй дүр зураг харагдаж байгаа ч С.Эрдэнэ даргын энэ удаагийн мэдэгдэл иргэд, сонгогчдод том сануулга болов. АН-ын үндсэн үзэл баримтлал ямар болсон юм, тэд цаашид хэрхэн ажиллах вэ гэдгийг ч энэ удаагийн үйлдлээс нь харж болохоор байна.
ИРГЭДЭД ҮНДСЭН ХУУЛИАР ОЛГОСОН ЭРХИЙГ ХЭН ХАМГААЛАХ ВЭ?
Монгол Улсын иргэн оршин суух газар нутгаа чөлөөтэй сонгож, сурч боловсрох эрхтэй. Тэд хүссэн үедээ эх орондоо ирэх, эрүүл мэндээ хамгаалуулах эрхтэй. Энэ бол Монгол Улсын иргэн хэн бүхэнд Үндсэн хуулиар олгосон бүрэн эрх. Тиймээс монгол хүний эрх ашгийг хамгаалах, ялгаварлан гадуурхахгүй байх нь төр засгийн үүрэг. Тэгвэл төр засаг гэж юу вэ. Төр засгийг удирдаж буй нам болон түүний удирдлагуудын хийх ажил гэж ойлгож болно. Үүнд ҮАБЗ, УИХ, Засгийн газар багтах учиртай. Дэлхий нийтэд тархсан цар тахлын үед манай улс хэрхэн ажиллаж байна вэ. Тэр дундаа гаднын оронд хүнд байдалд орсон иргэдээ татан авчрах тухайд хэрхэн ажиллаж байгаа талаарх мэдээллийг дээр дурдсан. Тэгвэл АН, түүний даргын хийсэн харамсалтай мэдэгдэл, бусад улстөржилтөд Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх ямар байр суурь илэрхийлэв. Ерөнхий сайд Засгийн газрын хуралдааны үеэр “Хүний нутагт түгжигдсэн, мөнгө төгрөг, орох оронгүй, өвчин зовлонтой иргэдээ Монгол Улс татаж авах ёстой. Гадаад улс оронд нялх нойтон хүүхэд, өвөө эмээ нараас авахуулаад жирэмсэн эхчүүд, ядарсан зүдэрсэн хүмүүс хүний нутагт түгжигдсэн байна. Ийм хүмүүсээ татаж авах нь Үндсэн хуулийн хүрээнд хийж буй ажил.
Монгол хүн эх орондоо ирэх эрхтэй, эрүүл мэндээ хамгаалуулах Үндсэн хуулийн эрхтэй. Коронавирусээр улс төр хийх гэж оролдсон, хүний өвчин зовлонгоор тоглох гэсэн санаа бодолтой хүмүүс байгааг би мэдэрч байна. Тэдэнтэй хариуцлага ярих хэрэгтэй” гэсэн юм. Энэ бол монгол төрийн байр суурь, үүнд аливаа улстөржилт, муу муухайг наах шаардлага үгүй.
Учир нь, энэ бол улс үндэстний оршихуйтай холбоотой асуудал.
Өөрөөр хэлбэл, иргэн бол төр гэдэг. Иргэнгүйгээр төр оршин тогтнох боломжгүй учраас хэзээд хараа, хяналтаас гадуур байлгах боломжгүй юм. Төрийн эрхийг барьж буй МАН-ын бодлого энэ. Харамсалтай нь, АН-ынхан өөр бодолтой байгаа. Тэд хилийн чинадад үлдсэн монголчуудыг мартах “урилга” дэвшүүлсэн ч сонгууль ойртсон энэ үед “амиа хорлосон”-той ялгаагүй үйлдэл болж хувирсныг сүүлийн хэдэн өдрийн цахим орчин дахь иргэдийн сэтгэгдлээс хангалттай харж болохоор байна. Ямартай ч С.Эрдэнэ даргын мэдэгдэл сонгуулиар АН-д хасах оноо авчрах нь гарцаагүй болов. Тэр дундаа ах дүү, хамаатан садан нь харь оронд байгаа иргэд АН-ын даргын энэ үйлдлийг тус намын үндсэн байр суурь хэмээн ойлгосноо илэрхийлж эхэллээ. Тэр бүү хэл, АН-ын дарга С.Эрдэнийг УИХ-ын гишүүнээс эгүүлэн татах хэмжээний асуудал үүслээ гэж дүгнэх хүн ч олон байна. Өөрөөр хэлбэл, УИХ-ын гишүүн иргэдийг төлөөлж, тэдний дуу хоолой болохоор төрд ажилладаг. Гэтэл өөрийнхөө үндсэн үүргийг умартаад зогсохгүй өөрт нь санал өгч, өндөр сэнтийд суулгасан ард түмнийхээ эсрэг зүйл ярьсан нь олон хүний эсэргүүцэлтэй тулгарсан учраас ийнхүү УИХ-ын гишүүнээр ажиллах эрхгүй гэж дүгнэхэд хүргэв бололтой.
“АН-ЫН ДАРГЫГ ХУУЛЬ ХЯНАЛТЫН БАЙГУУЛЛАГАД ӨГЧ ШАЛГУУЛНА”
Ийнхүү иргэдийг ялгаварлан гадуурхсан мэдэгдэл хийсэн С.Эрдэнэ даргын үйлдэл хилийн чинадад сурч буй оюутнуудыг айдаст автуулж эхэлжээ. Тиймээс “Хилийн чинад дахь монголчуудын зөвлөл” залуус өнгөрсөн баасан гарагт АН-ын байрны гадна жагслаа. Тэдний зүгээс С.Эрдэнийг огцрохыг шаардан эхний ээлжид УИХ-ын Ёс зүйн дэд хороонд хандахаа илэрхийллээ. Түүнчлэн шаардлагатай бол хууль хяналтын байгууллагад өгч шалгуулахаа мэдэгдсэн юм. Тэдний зүгээс АН-ын дарга С.Эрдэнийг ард түмнээс уучлалт гуйх ёстой гэж үзээд шаардлага хүргүүллээ. Тус төрийн бус байгууллагад одоогийн байдлаар 1000 гаруй оюутан эх орондоо ирэх хүсэлтэй байгаагаа илэрхийлээд байгаа аж. Учир нь, коронавирусийн тархалттай холбоотойгоор дэлхийн олон оронд хичээл, сургалтын үйл ажиллагааг зогсоосон. Зарим улс оронд байгаа оюутнууд гудамжинд гарсан байдалтай байгаа аж. Учир нь коронавирусийн тархалттай холбоотойгоор дэлхийн олон оронд хичээл, сургалтын үйл ажиллагааг зогсоосон. Зарим улс оронд байгаа оюутнууд гудамжинд гарсан байдалтай байгаа аж. Учир нь, тэднийг оюутны байрнаас нь гаргасан учраас айлуудаар хоног төөрүүлж байгаагаа учирлажээ. Гадаадад байгаа оюутнуудын хувьд АН-ын даргын мэдэгдэлд ихээхэн эмзэглэж байгаа бөгөөд түүний хэлсэн үгнээс болоод гадаад дахь иргэдээ татах ажлыг зогсоочихвол хилийн чинадад үнэхээр яахаа мэдэхгүй байдалд хүрэх нь гэдгээ илэрхийлж байгаа ажээ. Энэ талаар “Хилийн чинад дахь монголчуудын холбоо”-ноос “Хилийн чинад дахь иргэдийн эрхийг зөрчсөн, алдар хүндэд халдсан гэх үндэслэлээр УИХ-ын Ёс зүйн дэд хороонд хандана. Шаардлагатай бол хууль хяналтын байгууллагад хандахад бэлэн байна” гэлээ. АН-ын дарга атлаа ардчиллын үнэт зүйлийг уландаа гишгэсэнд харамсаж буйгаа залуус илэрхийлж байлаа. Халдварт өвчний энэ үед бүх улс орон нэгдүгээрт иргэнээ, хоёрдугаарт эдийн засгаа бодож шийдвэр гаргаж байгаа. Манай улсын хувьд эхний ээлжид иргэдээ бодсон шийдвэр гаргаж байгааг албаныхан онцолж буй. Хэдийгээр тусгай үүргийн онгоцоор авчирсан иргэдээс халдвар илэрсэн ч харь оронд хүнд байдалд орсон иргэдээ татаж авах нь тусгаар улсын хувьд зүй ёсны шийдвэр. Ийм хүнд үед төр нь иргэдээ бодохгүй бол татвар төлж, энэ улсын иргэн байгаад яах билээ. Төр засаг нь иргэдээ татан авна гэж найдсан иргэд хилийн чинадад онгоцны тийзийн зардлаа өвөртлөн чимээ чагнаж сууна. Тиймээс зөв бодлого, өндөр зохион байгуулалттайгаар иргэнээ татан авах нь төр засгийн зүгээс авч хэрэгжүүлэх эхний алхам болоод байна. Гагцхүү дэлхий нийтэд тулгараад буй өвчний дэгдэлтийн үед АН-ынхан шиг цагаа олоогүй улс төр хийж, тараа таниулмааргүй байна.
Эх сурвалж: "Монголын үнэн" сонин
Санал болгох
Сэтгэгдэл бичих
Сэтгэгдэл бичих