📅

Монголд ирсэн жуулчдын 22 хувь нь дахин ирэхгүй гэх шалтгаан юу байв

🕔 2015/10/12 13:23
Монголд ирсэн жуулчдын 22 хувь нь дахин ирэхгүй гэх шалтгаан юу байв

Жил ирэх бүр Монголыг зорих жуулчдын тоо нэмэгдэж байгаа таатай мэдээ бий ч тэдний хичнээн нь сэтгэл хангалуун буцаж байгаа вэ гэдэг эргэлзээтэй. Жуулчидтай холбоотой дэлгэрэнгүй судалгааг Монголбанк болон хэд хэдэн байгууллага хамтран гаргасан байна. Судалгаанаас үзэхэд Монгол улсад ирсэн жуулчдын 31 хувь нь дахин ирнэ гэсэн бол 22 хувь нь бараг үгүй гэсэн хариулт өгчээ.

-НЭГ ЖУУЛЧИН ОЙРОЛЦООГООР 14 ХОНОГТ 1526 АМ.ДОЛЛАР ЗАРЦУУЛДАГ-

2014 онд Монгол Улсад ирсэн гадаадын жуулчдын тоо 148 мянга 322 хүн байна.Түүвэр судалгааны хүрээнд 2015 оны долдугаар сарын 6-наас 31-ний өдрүүдэд Чингис хаан олон улсын нисэх онгоцны буудал, Улаанбаатар төмөр замын буудлаас Монгол Улсад аялаад буцаж буй 1233 жуулчнаас анкетын аргаар мэдээлэл цуглуулжээ. ИХШХЕГ-аас гаргадаг Монгол Улсын хилээр нэвтэрсэн гадаадын жуулчдыг улс орон, бүс нутгаар нь ангилан үзэхэд БНСУ-ын жуулчид 22 хувь, БНХАУ 17 хувь, ОХУ 17 хувь, АНУ болон Канадын жуулчид 6 хувийг тус тус эзэлжээ.

Судалгаанд хамрагдсан жуулчдын 51 хувь нь аяллаа хувиараа, бие даан зохион байгуулсан бол үлдсэн 49 хувь нь тур оператор компани сонгосон бөгөөд тэдгээрийн 51 хувь нь манай улсын, 49 хувь нь гадаадын компаниудаар үйлчлүүлсэн байна.

Жуулчид Монгол Улсад дунджаар 14 хоног аялдаг бөгөөд хувийн аялагчид 1.526  ам.доллар,  багц  аялагчид 2.383 ам.доллар тус  тус  зарцуулдаг аж. Аяллын зардал  ийнхүү  1.6 дахин ялгаатай байгаа нь жуулчлалын байгууллагын үйлчилгээний шимтгэлтэй холбоотой аж. Хувийн аялагчдын зарцуулсан зардлын бүтцийг үзвэл нийт зардлын дунджаар 30 хувийг зочид буудал, байранд 24 хувийг ресторан, хоолны газарт,  20 хувийг  бараа  худалдан авахад зарцуулдаг байна. Харин багц аялагчдын  хувьд нийт зардлынхаа 72 хувийг жуулчлалын компанид төлж байна. Жуулчид Монгол Улсад аялах хугацаандаа төлбөр  тооцооны  дунджаар 74 хувийг бэлнээр, 26 хувийг карт ашиглан төлдөг ба энэхүү үр дүн нь дотоодын зах дахь бэлэн валютын нийлүүлэлтийн тооцоо, судалгаанд эх сурвалж болон ашиглагдах ач холбогдолтой юм. Үүнээс үзвэл жуулчдыг нэмэгдүүлэх нь дотоодын эдийн засагт асар эерэг үзүүлэлттэйг харж болно. Дэлхийн ихэнхи улс орны эдийн засгийн гол хүч нь аялал жуулчлал байдаг билээ.

-ЖУУЛЧДЫН МОНГОЛООС УРАМГҮЙ БУЦДАГ ГУРВАН ШАЛТГААН-

Нийт жуулчдын дийлэнх буюу 76 хувь нь Монголын уламжлалт зан заншил, соёл болон үзэсгэлэнт байгаль, зэрлэг ан амьтанд татагдан хүрэлцэн ирдэг байна. Манай  улсын  аялал жуулчлалын үйлчилгээг тэдний 13 хувь нь маш сайн, 46 хувь нь сайн, 20 хувь нь хангалттай, 17 хувь нь дунд, 4 хувь нь муу гэж үнэлээд, улмаар нийт жуулчдын 76 хувь нь Монгол Улсад дахин ирнэ гэсэн хариулт өгсөн байна. Гэсэн ч судалгаанд хамрагдагсдын 22 хувь нь бараг ирэхгүй гэдэг хариулт өгчээ. Мөн  Монгол  Улсын  аялал,  жуулчлалын  үйлчилгээг  хөгжүүлэхэд  дараах  асуудлуудыг шийдвэрлэх шаардлагатай гэсэн саналыг дийлэнх нь өгсөн байна.

1. Англи  хэл:

Гудамжны  тэмдэг,  тэмдэглэгээг  англи  хэл  дээр  бичих,  таксины жолооч, үйлчилгээний ажилтнуудыг илүү сайн англи хэлтэй болгох.

2. Нийтийн тээврийг сайжруулах:

Улаанбаатар хотын автобус, орон нутгийн галт тэрэг, нислэгийн хуваарь болон чиглэлүүдийн талаар жуулчдад зориулсан мэдээллийн төв бий болгох.

3. Угаалгын  өрөө,  хог

Хотын болон жуулчны баазуудын угаалгын өрөө, 00-ын өрөөнүүдийг сайжруулах,  шинээр  бий  болгох,  хогийн  савууд  хангалттай байрлуулах, шүршүүрийн халуун усыг шийдвэрлэх.

Бусад улс орнуудын хувьд нэн тэргүүнд шийддэг асуудлыг бид одоог хүртэл шийдэж чадаагүй нь харамсалтай. Байгалийн үзэсгэлэнт газар, баялаг түүх, уламжлал, ёс заншил байлаа ч эдгээр жижиг асуудлуудаа бид шийдэж чадахгүйгээр аялал жуулчлалыг хөгжүүлнэ гэж ярих нь илүүц биз ээ.

Т.БАТСҮРЭН 


medee.mn
скачать dle 12.0

Санал болгох

Сэтгэгдэл бичих

Сэтгэгдэл бичих

reload, if the code cannot be seen
Сэтгэгдэл бичих

0 сэтгэгдэл

»

Санал асуулга

Таксины үнийг эхний 1 км тутамд 1500, 2 км-ээс 1000 төгрөг болгож нэмсэн нь зөв үү?