Хуульч Н.Ариунболд: Ээлжит бус чуулган зарлаагүй УИХ-ын даргыг огцруулах үндэслэл болно...
-Ерөнхийлөгч Х.Баттулга болон УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ нар ээлжит бус чуулган хуралдуулах шаардлагын өнгөрсөн зун гаргасан боловч ээлжит чуулган эхэллээ?
-УИХ-ын ээлжит бус чуулганыг хуралдуулах эрхтэй 3 этгээд байдаг. Ерөнхийлөгч, УИХ-ын дарга, УИХ-ын нийт гишүүдийн гуравны нэгээс дээших гишүүд. Тухайлбал УИХ-ын тухай хуулийн 16.2-т "Ээлжит бус чуулганыг нийт гишүүний гуравны нэгээс дээшхийн шаардсанаар, эсхүл Ерөнхийлөгч, Улсын Их Хурлын даргын санаачилгаар хуралдуулна.” гэж заасан. Өөрөөр хэлбэл ээлжит чуулган хуралдах эсэх асуудлыг УИХ-ын дарга, түүний зөвлөл биш Үндсэн хууль, УИХ-ын тухай хуульд заасан түрүүн дурдсан 3 этгээд хуралдуулах эрхтэй. Харин УИХ-ын даргын тухайд зөвхөн хуралдааныг зарлах буюу чуулганы хэлэлцэх асуудал, хуралдах өдөр, цаг, үргэлжлэх хугацааг товлон захирамж гаргах үүрэгтэй этгээд юм.
-Энэ асуудлаар УИХ-ын дарга "-Хуульд бол энэ талаар маш тодорхой заасан байгаа. Улс орны хэмжээнд томоохон асуудал үүссэн, байгалийн гамшиг тохиолдсон, хойшлуулшгүй нэн яаралтай асуудал гарвал УИХ-ын ээлжит бус чуулган хуралдуулна гэж хуульд заасан байдаг.” гэсэн байдаг?
-УИХ-ын дарга М.Энхболд худлаа ярьж, иргэдийг төөрөгдүүлсэн байна. Энэ бол онцгой чуулган хуралдахад тавигдах шаардлага. УИХ-ын тухай хуулийн 16-д зааснаар Ерөнхийлөгч онц болон дайны байдал зарласан бол онцгой чуулган хуралддаг. Онц байдал гэдэг нь Үндсэн хуулийн 25.2.1-д зааснаар "хүн амын амь нас, эрүүл мэнд, аж амьдрал, нийтийн аюулгүй байдалд шууд аюул учруулсан буюу учруулахуйц байгалийн гамшиг, гэнэтийн аюул тохиолдсон, эмх замбараагүй байдал үүссэн” болохыг хэлдэг. Өөрөөр хэлбэл ээлжит бус чуулган хуралдуулах үндэслэл шаардлагаа хуралдуулах эрхтэй этгээд нь өөрөө тодорхойлох эрхтэй юм. Тэгэхээр та УИХ-ын дарга М.Энхболдоос яг ямар хуулийн заалт гэдгийг нь өөрөөс асуугаарай. Тэр хэлж чадахгүй. Учир тийм хуулийн заалт байхгүй.
-Ээлжит бус чуулганыг хуралдах эсэх асуудлыг Хууль зүйн байнгын хороогоор хэлэлцсэний дараа шийдвэрлэнэ гэж УИХ-ын даргын зөвлөл шийдвэрлэсэн тухай мэдээлсэн?
-УИХ-ын тухай хуулийн 13.3-т зааснаар чуулган нь нэгдсэн хуралдаан, Байнгын хороодын дагнасан буюу хамтарсан, түүнчлэн нам, эвслийн бүлгийн хуралдаанаас тус тус бүрддэг. Тодруулбал ээлжит, ээлжит бус чуулган хуралдаагүй тохиолдолд аль ч Байнгын хороо хуралдах хууль зүйн боломжгүй. УИХ-ын даргын зөвлөл нь УИХ-ын тухай хуулийн 11.3-т зааснаар чуулганаар хэлэлцэх асуудлын дараалал тогтоох, хэлэлцэх асуудлын тов, дарааллыг батлах, бусад асуудлыг зөвшилцөх л чиг үүрэгтэй. Би дээр дурдсан. Ээлжит бус чуулган хуралдуулах эрх нь хуульд заасан 3-н эрх бүхий субъектэд хадгалагдах болохоос биш Хууль зүйн байнгын хороонд биш, даргын зөвлөлд биш, УИХ-ын даргад бол бүр биш юм.
-Үүнээс үндэслээд ямар үр дагавар үүсэх вэ?
-Энэ жишээ нь УИХ-ын үйл ажиллагаанд маш буруу практикийг буюу ээлжит бус чуулган хуралдах эсэхийг УИХ-ын дарга ганцаараа мэддэг болох хууль зүйн практик үр дагаврыг үүсгэнэ. Гэтэл УИХ-ын даргаас гадна Ерөнхийлөгч, УИХ-ын нийт гишүүдийн гуравны нэгээс дээших гишүүд ээлжит бус чуулган хуралдуулах эрхтэй байдаг. Энэ асуудлаар Үндсэн хуулийн цэцэд мэдээлэл өгч шалгуулна. УИХ-ын дарга хууль зөрчөөгүй гэвэл цаашид ээлжит бус чуулган хуралдах эсэхийг ганц УИХ-ын дарга шийдвэрлэдэг болно. Үгүй бол УИХ-ын дарга М.Энхболд огцрох үндэслэл болно.
-Баярлалаа.
-Баярлалаа.
Санал болгох
Сэтгэгдэл бичих
Сэтгэгдэл бичих