📅

Нийслэлийн МАН-ын хороо шинэ бүрэлдэхүүнээр ажиллана

🕔 2018/09/24 09:57

Нийслэлийн МАН-ын хороо шинэ бүрэлдэхүүнээр ажиллана

Нийслэлийн МАН XXXIV Бага хурлаа өнгөрсөн баасан гарагт хийж, нийслэлийн намын дарга болон нийслэлийн намын хорооны гишүүдээ шинэчиллээ. Нийслэлийн МАН-ын XXXIV Бага хурлыг БХБ-ын сайд асан Г.Мөнхбаяр даргалж, хуралдааны эхэнд Мандатын комиссын илтгэл, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч, Нийслэлийн МАН-ын хорооны даргын үүрэг гүйцэтгэгч С.Батболдын үндсэн илтгэл, Хяналтын хорооны тайлан болон зохион байгуулалтын бусад асуудлыг хэлэлцсэн юм.

Энэ удаагийн XXXIV Бага хурлыг "Нэгдмэл хүч, нийслэлийн хөгжил” уриан дор зохион байгууллаа. Нийслэлийн Засаг дарга, нийслэлийн МАН-ын хорооны даргын үүрэг гүйцэтгэгч С.Батболд "Нийслэлийн МАН-ын хороо, хэтийн зорилго, тайлан, хөгжлийн хөтөлбөр” сэдвийн хүрээнд илтгэлээ тавьсан юм. Тэрбээр илтгэлдээ, энэ удаагийн хурал нийслэлийн МАН-ын хорооны XXXIII бага хурлаас хойшхи хугацаанд нийслэл хотын түвшинд МАН-ын мөрийн хөтөлбөрөө хэрэгжүүлэх үйл явц, үр дүн, тулгарч буй бэрхшээл, шийдвэрлэх арга замын тухай хэлэлцэн, цаашид авч хэрэгжүүлэх үйл ажиллагааны арга замаа тодорхойлон ярилцах хариуцлагатай Бага хурал болж байгаагаараа онцлогтойг тодотгов. Мөн нийслэл хот өргүй болсныг тэмдэглээд "Нийслэлийн төсөвт үүссэн 100 тэрбум гаруй төгрөгийн өрийг тэглэсэн нь ололт мөн. Улаанбаатар хотын хэмжээнд 2016 онд 248.1 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийж байсан бол энэ онд 409.3 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийхээр төсөвлөж ажлаа эхлүүлсэн бөгөөд хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтыг нэмэгдүүлэхээр ажиллаж байна” гэв.

Түүнчлэн Нийслэлийн МАН өнгөрсөн таван жил намын үүрүүдийн үйл ажиллагааг сайжруулж, гишүүд дэмжигчдийн идэвх оролцоог нэмэгдүүлэх талд тодорхой зорилт тавин ажиллаж ирснийг С.Батболд дарга илтгэлдээ дурдав. Тухайлбал, 2018 оныг нийслэлийн МАН анхан шатны байгууллагуудыг чадавхижуулах жил болгон зарлан ажиллаж байгаа аж. Юуны өмнө 152 үүртээ санхүүгийн дэмжлэг туслалцаа үзүүлж, үйл ажиллагааг нь дэмжин ажиллаж байгаа юм байна. Мөн намын дэргэдэх төрийн бус байгууллагуудын үйл ажиллагааг тогтмолжуулж, гишүүдээ идэвхжүүлэн ажиллаж байгааг дулгалаа. 2018 онд нийслэлийн МАН-ын хорооноос намын анхан шатны байгууллагыг идэвхжүүлэх, дотоод ажлыг сайжруулах, эмх цэгцтэй, мэдээ мэдээллийн урсгалыг түргэсгэх зорилгоор сар бүр намын анхан шатны үүрийн дарга нарын үйл ажиллагааг дэмжин, дүгнэж ажиллаж иржээ. Намын гишүүдийн бүртгэлийг шинэчлэх, нууцын журмыг батлах, намын ажилтан, идэвхтэн сонгуультны ёс зүйн хариуцлагыг өндөржүүлэх, анхан шатны байгууллагыг чадавхжуулах чиглэлд олон ажил зохион байгуулж байгаа аж. Нийслэлийн МАН-ын хорооны даргын үүрэг гүйцэтгэгч С.Батболд "Намын анхан шатны байгууллага, хороо үүрийн гишүүдийг дэмжих, нийгэмдээ чиглэсэн олон ажлын үр дүн 2016 оны улс төрийн сонгуулийн үр дүнгээр илэрсэн. МАН-ын дарга У.Хүрэлсүх бид маш их эрч хүч, хариуцлагатай ажиллаж, МАН-ын мөрийн хөтөлбөрийг хэрэгжүүлж, 2020 онд дүнгээ тавиулна. Нийслэлийн МАН-ын хорооны үйл ажиллагааны зорилтод намын ажилтнуудынхаа боловсролд анхаарах, системтэйгээр үе шаттай арга хэмжээ авах шаардлага тулгарч байна. Манай ард түмэн цаг үе бүхэнд улс орон, нийслэл, үр хүүхдүүдийнхээ ирээдүйг даатгах итгэлийг үе үеийн МАН-ын удирдлагуудад хүлээлгэж байсан. Тиймээс том эрх ашгаа харж, эв эеэ хичээж хамтдаа ажиллацгаая гэж уриалж байна” гэж илтгэлдээ дурдлаа. Түүнчлэн тэрбээр илтгэлийнхээ төгсгөлд "Аз жаргалтай хот” мөрийн хөтөлбөртөө тусгасан Улаанбаатар хотын түвшинд хийж хэрэгжүүлж байгаа олон талын ажил, бүтээн байгуулалтын талаар танилцуулав. Энэ илтгэлийн дараа намын Бага хурлыг хаалттай горимд шилжүүлж, бүтэц зохион байгуулалтаа ярьсан юм.

369 ГИШҮҮНТЭЙ БАЙХААР ШИЙДВЭРЛЭВ

Нийслэлийн МАН-ын XXXIV Бага хурлын үдээс хойшхи хуралдаанаар нийслэлийн МАН-ын хороог байгуулж, гишүүдийг сонгосон юм. Нийслэлийн МАН-ын энэ Бага хурлаас хойш Нийслэлийн МАН-ын хороо нийт 189 гишүүнтэй, 13 тэргүүлэгч бүхий зохион байгуулалттайгаар ажиллаж ирсэн. Харин 2016 оноос 17 тэргүүлэгчтэйгээр үйл ажиллагаа явуулж байгаа юм. Нийслэлийн МАН-ын хороо өнөөгийн бүтцээр нэг дарга, таван дэд дарга, дэргэдээ дөрвөн төрийн бус байгууллага, Хэрэг эрхлэх газар, есөн дүүргийн МАН-ын хорооны дарга, дэд дарга, тэргүүлэгч, гишүүд, төрийн бус байгууллагын сонгуультнууд, 152 үүрийн дарга, дэд дарга, тэргүүлэгч зэрэг нийт 1500 орчим идэвхтэн сонгуультан, 34896 гишүүнтэйгээр ажиллаж байгаа аж. Бага хурлын явцад төлөөлөгчид танхимаас Нийслэлийн МАН-ын хороог 189 хүнтэй эсвэл 211 гишүүнтэй байх саналыг дэвшүүлж байлаа. Харин Нийслэлийн МАН-ын анхан шатны байгууллагыг төлөөлөн Бага хуралд сонгогдсон 369 төлөөлөгчийг бүгдийг нь гишүүнээр сонгон Нийслэлийн МАН-ын хороог байгуулах тухай Нийслэлийн МАН-ын хорооны даргын үүрэг гүйцэтгэгч С.Батболдын гаргасан саналыг хуралдаанд оролцогсдын олонх нь дэмжиж, батлав. Ингээд нийслэлийн МАН-ын хороонд анхан шатны 152 үүрийн төлөөлөл, УИХ 28 гишүүн, нийслэлийн ИТХ-ын 34 төлөөлөгч, есөн дүүргийн намын хорооны удирдлагууд багтсан өргөн бүрэлдэхүүнтэй боллоо. Ийнхүү Нийслэлийн МАН-ын XXXIV хурлаас байгуулсан өргөн бүрэлдээхүүнтэйгээр Нийслэлийн МАН-ын хорооны анхдугаар хуралдааныг хийсэн юм.

НИЙСЛЭЛИЙН МАН-ЫН ХОРООНЫ ДАРГААР Д.СУМЪЯАБАЗАРЫГ СОНГОЛОО

Нийслэлийн МАН-ын хороо анхдугаар хуралдаанаа хийж, Нийслэлийн МАН-ын хорооны дарга болон гурван дэд даргыг нууц санал хураалтаар сонгов. Гишүүдийн 50.4 хувийн саналаар УИХ-ын гишүүн, Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Д.Сумъяабазарыг Нийслэлийн МАН-ын хорооны даргаар сонголоо. Харин МАН-ын Удирдах зөвлөлөөс нийслэлийн МАН-ын хорооны даргад нэр дэвшүүлсэн Хотын дарга С.Батболд гишүүдээсээ 49.6 хувийн санал авсан. Нийслэлийн МАН-ын хорооны Бага хурал нь 369 гишүүнтэй байхаар өргөтгөж баталсан байсан бөгөөд 339 нь санал хураалтад оролцож, 331 хүчинтэй санал тоолсон байна. Эдгээрийн 80 нь квотоор орж ирсэн төлөөлөгчид байлаа. МАН-ын Удирдах зөвлөлийн хурлаар Нийслэлийн Засаг дарга намын дарга байх ёстой, ингэж байж сонгуулийн мөрийн хөтөлбөрийг хэрэгжүүлэх боломжтой гэж үзсэн. Тиймээс Удирдах зөвлөлийн хурлаас С.Батболдын нэрийг дэвшүүлсэн юм. Харин Д.Сумъяабазарыг заалнаас УИХ-ын гишүүн Б.Энх-Амгалан нэрийг нь дэвшүүлсэн. Санал хураалт шөнийн 04.00 цаг орчмын үед эхэлж, цаг гаруй үргэлжилсэн санал хураалтын дүн өглөөний 06.00 цагийн үед гарсан. Саналыг 11 хүн гараар тоолж дүнг нэгтгэхэд нэр дэвшигч С.Батболд 49.6, Д.Сумъяабазар 50.4 хувийн санал авсан юм.

ДЭД ДАРГА БОЛОН ТЭРГҮҮЛЭГЧДИЙГ СОНГОЖЭЭ

Нийслэлийн МАН-ын XXXIV Бага хурал өнгөрсөн амралтын өдөр Тусгаар тогтнолын ордонд үргэлжилсэн бөгөөд намын дэд дарга болон тэргүүлэгчдийг сонгожээ. Тодруулбал, нийслэлийн МАН-ын хороо орон тооны нэг, орон тооны бус зургаан дэд даргатай байхаар тогтсон байна. Нийслэлийн МАН-ын хорооны дэд даргаар Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын орлогч Н.Алтаншагай, орон тооны бус дэд даргаар Б.Мөнхбаатар, О.Одбаяр, Ж.Батбаясгалан, Г.Төмөрбаатар, УИХ-ын гишүүн Н.Учрал, Х.Нямбаатар нарын нэрийг дэвшүүлж, баталжээ. Харин нийслэлийн МАН-ын хорооны тэргүүлэгчээр намын дүрмийн дагуу намын хорооны дарга, дэд дарга, нийслэлийн ИТХ-ын дарга С.Амарсайхан, хотын дарга С.Батболд, НАМЗХ, НАЭХ, Ахмадын холбооны дарга нар, Баянгол дүүргийн намын хорооны дарга, УИХ-ын гишүүн Ж.Ганбаатар, Сүхбаатар дүүргийн намын хорооны дарга, Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар, Чингэлтэй дүүргийн намын хорооны дарга, УИХ-ын гишүүн Д.Ганболд, Сонгинохайрхан дүүргээс нийслэлийн ИТХ-ын төлөөлөгч М.Мөнхжаргал, Баянзүрх дүүргийн Засаг дарга Э.Бат-Амгалан, Багахангай дүүргийн ИТХ-ын хурлын дарга Б.Батнасан, Налайх дүүргийн төлөөлөгч Б.Сэмжидмаа нарыг томилов.

Намын бага хурлын үеэр зарим гишүүний байр суурийг сонслоо.

БСШУС-ын сайд Ц.Цогзолмаа: -Нийслэл хотод Монгол Улсын хүн амын олонх нь оршин суудаг. Сая хүнтэй хот бол дэлхийн томоохон хотуудын тоонд ордог. Тэгэхээр намын хурлын ач холбогдол нийслэлийн хөгжилд ямар нөлөөтэй вэ гэвэл МАН-аас сонгогдсон нийслэлийн ИТХ-ын төлөөлөгчид нь олонх байгаа учир МАН-ын мөрийн хөтөлбөр нийслэл хотыг хөгжүүлэх хөтөлбөр болон хэрэгжиж байна. Тиймээс нийслэлийн намын Бага хурлын гишүүд хуралдаа идэвхтэй оролцож, гол нь нийслэлийн мөрийн хөтөлбөрийн хэрэгжилт, иргэдийн өмнө тулгамдсан ямар асуудлыг цаг алдалгүй шийдэх ёстой вэ гэдэгт анхаарал хандуулах ёстой. Намын дүрмийн дагуу нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Нийслэлийн МАН-ын хорооны даргаар ажиллавал нийслэлийн мөрийн хөтөлбөрийг хэрэгжүүлэхээр хийж байгаа ажлаа намын мөрийн хөтөлбөртөө уялдуулаад явах боломжтой болно. Ерөнхий сайд нь МАН-ын дарга байгаатай адил нийслэлийн Засаг дарга нь Нийслэлийн МАН-ын хорооны дарга нь байвал мөрийн хөтөлбөрөө хэрэгжүүлэх нэгдмэл зарчим, нэгдсэн удирдлагын тогтолцоо зөв хэрэгжих юм.

УИХ-ын гишүүн Н.Учрал: -МАН дотоод ардчилалтай нам гэдгээ харуулж байгаа. Нэр дэвшигчид чөлөөт байдлаар өрсөлдөж, шударгаар дүн нь гарсан. Анх удаа үүр болгоныхоо төлөөллийг хангасан 369 хүний бүрэлдэхүүнтэй буюу нэлээд өргөтгөсөн байдлаар Нийслэлийн МАН-ын хороо бүрдсэн гэдэг утгаараа ихээхэн үр дүнтэй бага хурал боллоо.

УИХ-ын гишүүн М.Оюунчимэг: -Нийслэлд хүн амын олонх буюу 1.4 сая хүн амьдарч байна, ДНБ-ий 64 хувийг үйлдвэрлэж байна, ажлын байр, агаарын бохирдлыг бууруулах зэрэг асуудлыг шийдэхэд хотын удирдлагын гүйцэтгэх үүрэг маш чухал. Хотын дарга нь нийслэлийн намын хороогоо удирддаг дүрэм байдаг. Монгол Улсын нийслэлийн сая гаруй хүн ам, дараагийн хөгжилтэй холбоотой учраас гишүүд маань их улс суурьтай хандаж байна. Удирдах зөвлөлийн хурлаар хоёр нэр дэвшигч өрсөлдөж, нэг нь сонгогдсон. Гэхдээ заалнаас нэр дэвшигч орж ирэхийг үгүйсгээгүй. Энэ нь өөрөө ардчилалтай байгаагийн илрэл.

скачать dle 12.0

Санал болгох

Сэтгэгдэл бичих

Сэтгэгдэл бичих

reload, if the code cannot be seen
Сэтгэгдэл бичих

0 сэтгэгдэл

»

Санал асуулга

Таксины үнийг эхний 1 км тутамд 1500, 2 км-ээс 1000 төгрөг болгож нэмсэн нь зөв үү?